Хүзүүгээр татсан асуудлуудыг ТОЙРООД өнгөрсөн ЭЗЧ

2022 оны 04 сарын 19

Энэ сарын 7,8-ны өдрүүдэд Төрийн ордонд Монголын Эдийн засгийн чуулган зохион байгуулагдсан билээ. Уг арга хэмжээг угтан өнгөрсөн сарын сүүлийн арав хоногт Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтоор урьдчилсан цуврал хэлэлцүүлгүүд болсон.

Асуудлыг шийдвэрлэхийн тулд хэлэлцэж, ярилцах нь зөв боловч, эрх баригчид тулгамдсан асуудлуудаа эрэмбэлэх нь чухал байгаа талаар Эдийн засгийн чуулганыг угтан бичиж байснаа дурдахад илүүдэхгүй байх.

Нэг улирал хүрэхгүй хугацаанд нийт валютын нөөцийнхөө ¼-ийг хэрэглэчихээд,  үлдсэн 3 тэрбум ам.долларын нөөцөө бууруулчихгүй, хэмжээнд нь барьчих нэн чухал шаардлага тулгараад буй ийм үед авч хэрэгжүүлж болох бодитой арга хэмжээнүүд юу байгаа талаар төр, хувийн хэвшлийнхэн нүүр нүүрээ харж суугаад, шийдэлтэй хэлэлцвэл нэг хэрэг. Эсрэгээрээ  холын зайн макро түвшний асуудлуудаа ярьдгаараа яриад өнгөрвөл улиг болсон арга хэмжээнүүдийн нэг болоод л үлдэнэ гэдгийг өмнөх бичвэртээ өгүүлж байв.

Харин Монголын Эдийн засгийн чуулганы эхний өдрийн арга хэмжээг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэхдээ,  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан гол зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд том том асуудлууд ярьсан.

Мөн түүнчлэн “Энэ удаагийн эдийн зсгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр  дүн болно” гэсэн уриалгыг индэр дээрээс гаргасан юм.

Гэвч чуулганы арга хэмжээ дуусаад 11 өдөр өнгөрч байхад, Ерөнхий сайдын уриалсан 10 гол ажлын жагсаалт буюу эрэмбэ ил тод болоогүй байна.

Магадгүй, чуулганы арга хэмжээтэй зэрэгцэн Төв талбайд өрнөсөн иргэдийн тэмцэл тийм боломжийг олгоогүй байх.

Хэдий тийм байлаа ч Засгийн газар хөрөнгө мөнгө, цаг хугацаа зориулан хийсэн Монголын Эдийн засгийн чуулганаас эдийн засагт тулгамдсан хийгээд нэмж тулгамдаж болзошгүй байгаа сорилтуудыг сөрж харсан, тодорхой хэмжээнд тооцоолсон бүтээлч санал, санаачилгууд гарах болов уу гэсэн хүлээлт байсныг хэлэх нь зөв байх.

Өнөөдрийн тухайд харахад, 11 өдрийн өмнөх ЭЗЧ хуучирсан сэдэв болж улирч байх шиг байна. Болж л байдаг, өндөрлөж л байдаг бусад хурал чуулганууд шиг ингээд өнгөрчих л байсан юм бол Засгийн газар зардал мөнгө үрэн байж, сайд дарга нар ажлын цагаа үрэн байж цуглаж сууцгаах хэрэг байгаагүй л харагдаж байна.

Олон улсын нөхцөл байдал судлаачид, шинжээчдийн таамаглалд байгаагүйгээр өөрчлөгдсөн ийм үед төр, хувийн хэвшлийнхэн хийгээд эрдэмтэн, судлаачид цуглаж суугаад ярих хэрэгцээ шаардлага байгаа юу гэвэл, маргаангүй тийм.

Хамгийн гол нь талуудын байр суурийг төр засаг нь жинхнээсээ сонсдог, бодлого, шийдвэртээ тусгадаг байх нь чухал гэдгийг л энд хэлэх гээд буй юм.

Уг нь Монголын Эдийн засгийн чуулганыг угтан эдийн засагчид байр сууриа илэрхийлээд л байсан. Чухам ямар агуулга дээр фокуслах нь цаг үеэ мэдэрсэн алхам бэ гэдгийг тэд сануулсаар л байсан.

Тухайлбал, эдийн засагч Д.Ган-Очир, экспорт хангалттай сайн сэргэхээргүй байгаа энэ үед гадаад санхүүжилт татах, жишээ нь, экспорт, гадаад хөрөнгө оруулалтын урьдчилгаа авах, импортын хэмнэлт хийх замаар буюу төсөвт тохируулга хийх, ялангуяа инфляц, импортыг өсгөх зардлыг бууруулах, ханшийн сулралт өөрөө импортын эрэлтийг бууруулах арга замаар 1 тэрбум ам.доллароос багагүй дүнг энэ жилдээ нөхөх хэрэгцээ үүсэж байгааг чуулганыг угтан сануулж байсан. Мөн тэрбээр “Ингэж чадах тохиолдолд энэ жилдээ гадаад валютын зах тогворжиж, төлбөрийн тэнцлийн хүндрэл багасах боломжтой. Харин экспортын орлогын гацаа үргэлжилж, дэлхийн зах зээл дээр газрын тос, хүнсний үнэ өссөөр байвал энэ хэрэгцээний дүн дагаад өснө. Төлбөрийн тэнцлийн хүндрэл, гадаад валютын нөөц бага түвшинд хүрэх, төсвийн алдагдал хэт өндөр болж, засгийн газрын өр босго утгандаа хүрч өсөх нь ОУВС-гаас тусламж хүсэх суурь нөхцөл болдогийг  өмнөх хямралуудаас мэднэ. Үүнээс гадна ирэх жилийн гадаад өр төлбөрүүд амаргүй сорилт байх болно. Дэлхийн санхүүгийн зах зээл дээр хүү үргэлжлэн өсөх, зарим хөгжиж буй орнууд дефолт зарлаж, улмаар хөрөнгө оруулагчид илүү соргог, эрсдэлээс зайлсхийх төлөвт шилжихээр байгаа нь асуудлыг улам хүндрүүлэхээр байна. Дээрээс нь зээлжих зэрэглэлийн цаашдын төлөв яах вэ зэргийг бодвол дахин санхүүжилтийн стратеги рүү аль болох эртлэн орох зүйтэй мэт. Өрийн босгууд тулж байгаа бол эртнээс зөвшилцөн ойлголцож, босгоо өөрчлөх, зарим өр дээр дефолтын сонголт байх эсэхээ эртнээс тооцох ёстой болж байна. Эдгээр асуудлуудыг “Эдийн засгийн чуулган 2022”-аар ярилцана гэж найдаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Гэвч хоёр өдөр үргэлжилсэн Монголын Эдийн засгийн чуулган хүзүүгээр татсан гол асуудлуудынхаа  гүн рүү оролгүй, тойроод өнгөрчихлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top