2025 он гэхэд Хятадын нүүрсний импортын эрэлт буурна

2022 оны 04 сарын 25

Нүүрсний импортоос хараат байдлаа бууруулахын тулд дотоодын эрчим хүчний хангамжаа нэмэгдүүлснээр  2025 он гэхэд Хятадын нүүрсний импортын эрэлт мэдэгдэхүйц буурахаар байгаа нь Австралийн Үндэсний их сургуулийн (ANU) судлаачдын явуулсан судалгаагаар тогтоогджээ.

Судлаачдын тооцоолсноор, Хятадын Индонез, Австралиас импортлосон нүүрс 2019 онд 185 сая тонн байсан бол 2025 онд  94-132 сая тонн болж буурахаар байгаа аж. “Бээжингийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлаа  бататгах гэсэн оролдлого нь Австралийн одоогийн экспортын өсөлтийн төгсгөл болсныг илтгэж байна” хэмээн судалгааны ахлагч Австралийн Үндэсний их сургуулийн  ахлах багш, доктор Жоррит Госен тодотгожээ. Тэрбээр мөн “Энэ нь ирээдүйд бус удахгүй тохионо” гэдгийг онцолсон байна. Хятад бол дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч, эрчим хүч үйлдвэрлэгч, нүүрсний томоохон импортлогч орон юм. Тус улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэг болгох төлөвлөгөөгөө 2019 онд зарлаж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2026 оноос нүүрсний хэрэглээгээ аажмаар зогсооно гэж мэдэгдсэн.

Өнгөрсөн жил тус улсын  хэд хэдэн мужид цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэний дараа дотоодын эрчим хүчний хангамжийг бэхжүүлэх нь Хятадын бодлого тодорхойлогчдын нэн тэргүүний зорилт болсон билээ. Гуравдугаар сард Хятад улс дотоодын нүүрсний олборлолтоо өдөрт 12 сая тоннд хүргэж, жилд 4.38 тэрбум тонн нүүрсний олборлолт хийнэ гэж мэдэгдсэн. Мөн хилийн чанадын  нүүрсний импортоос хараат байдлаа бууруулахын тулд дотоодын уурхайгаас нүүрсээ ган, цахилгаан станцдаа хүргэх тээврийн дэд бүтцийг нэмж байгуулж эхлээд байгаа билээ.

Австралийн Үндэсний их сургуулийн судлаачид Хятадын нүүрс­төрөгчөөс ангижрах бодлого, мөн далайгаар дамждаг нүүрсний импортоос хараат байдлыг бууруулахын тулд дотоодын төмөр замд оруулсан хөрөнгө оруулалтыг судалжээ. Хөрөнгө оруулалт үүргээ гүйцэтгэж төмөр замаа шинэчилснээр Хятад улс эрчим хүчний нүүрсний импортоо 2025 он гэхэд 53 сая тонноор бууруулахаар байгаа аж.

Гэхдээ судлаачид Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн агаарын дундаж хэмийг цельсийн хоёр  градуст барих зорилгыг  биелүүлэхэд шаардагдах бодлогын хүрээнд  БНХАУ-ын нүүрсний импорт 2025 он гэхэд 2019 онтой харьцуулахад 91 сая тонноор буурна гэж таамаглаж байгаа юм. Үүний 18 сая тонн нь нүүрстөрөгчийг ангижруулах бодлого, 73 сая тонн нь эрчим хүчний аюулгүй байдлын бодлогоос шалтгаалж байгаа аж. Энэ таамаглалын дагуу  Австралийн коксжих нүүрсний импорт 2019 онд 34 сая тонн байсан бол 2025 он гэхэд ойролцоогоор 24 сая тонн болж буурах төлөвтэй байгаа юм.

Хельсинк хотод төвтэй Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн (CREA) ахлах шинжээч Лаури Майлливирта “Хятадын Засгийн газар ойрын таван жилд цэвэр эрчим хүчээ нэмэгдүүлэх, Хятадын баруун нутгийн мужуудад нүүрсний олборлолт, эрчим хүчний үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Цэвэр эрчим хүчний хангамж, нүүрсний нийлүүлэлт нь  нүүрсний импортын эрэлтийг бууруулах болно” гэжээ. 

Хятад улс дэлхийн хамгийн том нүүрс импортлогч орон бөгөөд Энэтхэг, Япон тус улсын араас бичигддэг. 2021 онд тус улс бараг 324 сая тонн эрчим хүчний нүүрс импортлосон нь дэлхийн нүүрсний импортын талаас илүү хувийг эзэлж буй тухай  “Bloomberg” мэдээлжээ. 2021 онд Индонез, Орос хоёр Хятадын нүүрсний импортын 80 орчим хувийг, 62, 17 хувийг бүрдүүлсэн байна. Австрали, Индонез зэрэг нүүрсний томоохон экспортлогчид өөрчлөлтөөс хамгийн их хохирол амсах болно гэдгийг Австралийн Үндэсний их сургуулийн судлаачид онцолж байна. Австралийн Хятадад экспортлох коксжих нүүрсний хэмжээ ойрын 2-3 жилдээ 20-22 сая тонн болж буурах төлөвтэй байна. “Хятадын нүүрсний импорт буурснаар Индонези улс бусад зах зээлд Австрали болон  Өмнөд Африк зэрэг экспортлогчидтой илүү хүчтэй өрсөл­дөхийг эрмэлзэх болно” гэж Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн шинжилгээний хүрээлэнгийн (IEEFA) эрчим хүчний санхүүгийн шинжээч Саймон Николас онцолжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top