Герман, Итали ашиглалтаас гарсан нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа дахин ашиглахаар төлөвлөж байгаа ажээ. Долоон жилийн өмнө сүүлчийн нүүрсний уурхайгаа хааж байсан Британи мөн шинээр нүүрсний уурхай нээхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд байна. Энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд нээгдэж буй анхны уурхай аж. Түүнчлэн АНУ-д нүүрс шатаах үйл явц дахин сэргэж эхэлсэн бол Хятад улс хаагдсан уурхайнуудаа дахин нээж, шинээр барихаар төлөвлөж байна. Дэлхийн олон орон нүүрсийг “хална” гэдгээ болон хэрэглээгээ багасгахаа мэдэгдээд байсан ч эсрэгээрээ огцом өсөөд байна.
Өнгөрсөн жилээс эхлэн дэлхий дахинд байгалийн хийн хомсдол үүссэнээс гадна цар тахлын хязгаарлалтыг цуцалсны дараа цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний эрэлт нэмэгдсээр байгаа юм. Үүнээс гадна Орос Украин руу довтолсон нь нүүрсний зах зээлийн “турбо” боллоо. Ерөнхийдөө дэлхийн хамгийн бохир чулуужсан түлшний өсөлт дэлхийн эдийн засагт асар их нөлөө үзүүлж байна. Учир нь, нүүрс харьцангуй хямд түлшний нэг хэвээр байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Сидней дэх “Rystad Energy” зах зээлийн судалгааны компанийн нүүрсний зах зээл хариуцсан ахлах эдийн засагч Стив Хултон "Гэрлийг асаалттай байлгах. Энэ бол хүмүүсийг эрх мэдэлтэй байлгаж, гудамжинд үймээн самуун гаргахыг зогсоодог зүйл юм" хэмээжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2021 онд дэлхий дахин нүүрснээс урьд өмнөхөөсөө илүү их цахилгаан үйлдвэрлэсэн байна. 2022 онд эрчим хүч үйлдвэрлэх, ган үйлдвэрлэх болон бусад үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нүүрсний хэрэглээ хоёр хувиар нэмэгдэж, найман тэрбум тоннд хүрч, энэ байдал 2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Дэлхий дахин 2021 оны дунд үеэс эхлэн хөл хориогоо сулруулж, үйлдвэрүүд дахин нээгдэхийн хэрээр эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж эхэлсэн. Гэвч нүүрснээс зайлсхийж байсан Европ цахилгаан эрчим хүч болон байгалийн хийн хомсдолд орж, зарим бүс нутгуудад цахилгаан тасарч, хийн үнэ өссөн нь эрчим хүчний хямралд хөтөлсөн. Үүнтэй холбоотойгоор нүүрс дахин моодонд орж эхлэв. Эрчим хүчний нүүрс нь дэлхий дээрх хамгийн хямд түлшний эх үүсвэрийн нэг юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амбийцтай зорилт дэвшүүлж буй Европын холбоо өнгөрсөн онд нүүрсний хэрэглээгээ 12 хувиар өсгөсөн нь 2017 оноос хойших анхны томоохон өсөлтөд тооцогдож байна. Нүүрсний хэрэглээ АНУ-д 17 хувиар Ази, Африк, Латин Америкт мөн нэлээд өндөр хувиар өссөн үзүүлэлттэй байна. Орос Украин руу довтолсон нь дэлхийн эрчим хүчний зах зээлд гинжин урвал үүсгэж, нүүрсийг олны анхаарлын төвд ороход голлох нөлөө үзүүлж байгаа аж.
ЕВРОПЫН ХОЛБОО ОРОСЫН ЭРЧИМ ХҮЧНЭЭС ТАТГАЛЗАЖ ЧАДАХ УУ
Европ чулуужсан түлшний гол нийлүүлэгч болох Оросоос хараат байдлаа багасгах арга замыг эрэлхийлсээр байгаа юм. Ирэх өвөл эрчим хүчний аюулгүй байдлаа хангах зорилгоор Германы Засгийн газар RWE AG гэх мэт нийтийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, ашиглалтаас гарсан нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа дахин идэвхжүүлж, идэвхтэй станцуудынхаа ашиглалтаас гаргах хугацааг хойшлуулах талаар хэлэлцэж байна. Тус улсаас гадна Дани болон Их Британи эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, тэр дундаа “Drax Group Plc” нүүрсний нэгжүүдийг нээлттэй байлгах хувилбаруудыг судалж байгаа аж.
НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ
Тонн тутамдаа 100 ам.доллароос дээшилдэггүй Австралийн нүүрсний жишиг үнэ өнгөрсөн аравдугаар сард 280 ам.доллар болтлоо өссөн. Түүнчлэн Орос Украинд довтолсны дараа тонн нь 440 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд түвшинд хүрээд байгаа юм. “S&P Global”-ын дэлхийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч хариуцсан захирал Шижоу Жоу "Нүүрс нийлүүлэлтийн сүлжээ ийм өндөр эрэлтэд бэлэн бус байна. Нүүрсний ач холбогдол нэмэгдэхийн хэрээр нийлүүлэлт дагаад өсөхгүй болов уу. Уурхайчид урт хугацааны эрэлтийн хэтийн төлөвт санаа зовсоор байна” гэжээ.
Уурхайчид цаг агаарын хүндрэл, ажиллах хүчний хомсдол, тээврийн асуудал, нүүрсний салбарт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хийгдээгүй зэрэг олон асуудалтай нүүр тулгарсаар байгаа юм. Цахилгаан станцуудын томоохон нийлүүлэгч Индонез энэ оны эхээр нүүрсний экспортоо зогсоосон. Өөр нэг гол экспортлогч болох Австралийн үйлдвэрлэгчид борлуулалтаа нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал гэж мэдэгдсэн. Дэлхийн хамгийн том олборлогч төрийн өмчит “Coal India Ltd” олон сая өрхийн цахилгааныг таслахгүйн тулд аж үйлдвэрийн хэрэглэгчдэд нийлүүлэлтийг хязгаарлаж эхэлжээ. Өмнөд Африкийн Ричардс Бэй нүүрсний терминалын экспорт 2021 онд 58.7 сая тонн болж буурсан нь сүүлийн 25 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болжээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )