Ардчилсан намын генсек И.Мөнхжаргал томилогдсон өдрөө Баянзүрх дүүргийн 26-р хорооны Засаг дарга асан Г.Отгонбаатарт хамтран ажиллах урилга хүргүүлжээ.
Г.Отгонбаатарын хувьд 2018 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 26-р хорооны Засаг даргаар ажиллаж байсан боловч 2020 оны орон нутгийн сонгуулиар МАН тус дүүрэгт олонх болж, ажлаа сайн хийсэн хийгээгүйгээс үл хамааран Ардчилсан намын сэтэртэй хүн бүрийг ажлаас нь чөлөөлөхөд үүрэгт албаасаа буусан юм.
Тухайн үед 26-р хорооны иргэдийн талархлыг хүлээдэг байсан Г.Отгонбаатарыг “Ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өг. Тантай хамтарч ажиллах боломжгүй” гэх мэтээр дарамт шахалт үзүүлсэн тухай тэр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Мөн түүнийг албан тушаалаас нь хурдан зайлуулах нэг шалтгаан нь Нийслэлийн хамгийн олон буюу 30 гаруй мянган хүн амтай 26-р хороо улсын сургуульгүй байсантай холбож ярьдаг. Гэтэл хороогоо улсын сургуулийн газартай болгохын тулд хороон дарга асан Г.Отгонбаатар анхаарал тавин ажиллаж, анхан шатны шүүхэд ялалт байгуулан, томоохон ААН, газрын эзэдтэй дайн зарласан байсан нь түүнийг буулгах шалтгаан болсон гэх яриа ч байдаг.
Энэ мэтээр үнэнч шударгаар үүрэгт ажилдаа хандаж байсан гэдэгт утгаар Г.Отгонбаатарт хамтран ажиллах урилгыг АН-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга хүргүүлсэн байна.
АН-ын шинэ Генсек И.Мөнхжаргал энэ тухайд "Ард түмний төлөөлөл АН-д байх ёстой. Даргын хүүхэд дарга байдаг, гишүүний хүүхэд гишүүн болдог хавтгайрсан үзэгдэл АН-д байх ёсгүй" гэсэн байр суурь илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )