Хөнгөн галт тэрэгний төсөлд шаардагдах $926 саяын зардлыг 28 жилд нөхнө гэж ТЭЗҮ-д тооцжээ

2022 оны 04 сарын 27

2022 оны төсвийн тодотголыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэн, батлах хүлээлттэй байна. Энэ удаагийн тодотгол нийгэм, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийн орлогоо бодитой тооцож, зарлагаа хэмнэлтийн горимд шилжүүлэхэд чиглэж буй гэж эрх баригчид тайлбарлаж буй.

Гэвч эдийн засагчид, судлаачдын зүгээс тодотголын төсөл болон дагалдаж оруулж ирсэн УИХ-ын тогтоолын болон хуулийн төслүүдтэй холбоотойгоор шүүмж дагуулсан байр сууриуд илэрхийлж байгаа юм.  

Тухайлбал, УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Шинэ Сэргэлт”-ийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслүүдийн жагсаалтад байгаагүй “Тулгуурт  байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх” төслийг 2022 оны төсвийн тодотголын төслийг дагалдан оруулж ирсэн УИХ-ын тогтоолын төсөлд тусгахдаа, “Шинэ Сэргэлт”-ийн бодлогод тусгагдсан гэж эрх баригчид тайлбарлаж байна.

Тодруулбал, “Тулгуурт байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний 1 дүгээр шугам төсөл” нь УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ Сэргэлт”-ийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх  хөгжлийн төслүүдийн нэг бөгөөд хөрөнгө оруулалтын арга хэмжээ, хөтөлбөрүүдэд тусгагдсан гэсэн мэдээллийг өгч буй.

Гэтэл  “Шинэ Сэргэлт”-ийн бодлогын хүрээнд УИХ-аас баталсан баримт бичгүүдийн хавсралтуудад энэ төслийн талаар тухайлан тусгаагүй  байна. Тулгуурт гүүрэн байгууламж гэх үг бий ч, бусад төслүүд шиг дэлгэрэнгүй байдлаар томъёолж оруулж ирээгүй юм.

Мөн энэ төслийг оруулж ирсний сацуу Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж, нийслэлийн төсвийн суурь зарлагад тусган баталсан 420 тэрбум хүртэлх төгрөгийг 2032 он хүртэл тусгахыг Засгийн газарт даалгасугай гэсэн өгүүлбэрийг УИХ-ын тогтоолын төсөлд оруулж иржээ.

Түүнчлэн “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх” төслийн эхний ээлжийн шугамыг санхүүжилтийг шийдвэрлэхэд шаардлагатай 510 сая ам.доллартой тэнцэх хөрөнгийн эх үүсвэр болон “Тавантолгойн дулааны цахилгаан станц төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажилд шаардагдах зээлд Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэд/ зөвшөөрсүгэй гэсэн багаа юм.

“Тулгуурт байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний 1 дүгээр шугам төсөл”-ийн  талаар:

Мэргэжлийн байгууллагуудын хамтран хийсэн “Тулгуурт байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний 1 дүгээр шугам төсөл”-ийн /LRT буюу Light Rail Transit/ Техник эдийн засгийн үндэслэлийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авчээ.

ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу хөнгөн галт тэрэгний нийт замын урт нь 49.4 км ба 3 чиглэлийн шугамтай байхаар төлөвлөгдөж байна гэжээ.

Үүнээс 1 дүгээр шугам нь 18.1 км хоёр урсгалтай тулгуурт байгууламж бүхий суурь бүтэц /гүүрэн хэсэг нь 13.6 км, газар дээрх хэсэг нь 4.5 км/ вагон депо, инженерийн барилга байгууламж, дохиолол холбоо, удирдлага зохион байгуулалтын нэгдсэн төвтэй байх бөгөөд төмөр замын царигийн өргөн нь олон улсын стандартын дагуу 1435 мм, манай орны цаг уурын нөхцөлд тохирох хөдлөх бүрэлдэхүүнтэй байх техникийн шийдэлтэй байна.

1 дүгээр шугам нь Буянт-Ухаа 2 хорооллоос эхлэн Нисэх-Яармагийн дагуу Чингисийн өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, зүүн 4 зам, Сансарын тойрог хүртэл байхаар байгаа бөгөөд нийт 15 зогсоол болон 11 гүүрэн тулгуурт буудал, үүний 4 нь газрын түвшний буудал байхаар төлөвлөгдөж байна” гэжээ.

“Тулгуурт байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний 1 дүгээр шугам төсөл”-ийн санхүүжилтийн эх үүсвэрт баталгаа гаргах асуудлыг Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэж, УИХ-д танилцуулж шийдвэрлэхээр үүрэг болгосон аж.

НЗДТГ-аас тус өдөр 01/1812 тоот албан бичгээр Засгийн газрын баталгаа гаргуулах хүсэлтийг ирүүлсэн юм байна.

Төслийн бүтээн байгуулалтад шаардагдах эх үүсвэрийн зээлдүүлэгч тал, зээлийн нөхцөл одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагч болох “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг НИТХ-ын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор үүсгэн байгуулж, дүрмийг баталжээ.

4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хараахан байгуулагдаагүй буюу регистрийн дугаар олгогдоогүй байгаа гэжээ.

Уг төслийн нийт төсөвт өртөг 926.1 сая ам.доллар байгаагаас 55 хувь болох 510 сая ам.долларын эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгагджээ.

Засгийн газрын өрийн баталгаа гаргаснаар зээлийн эх үүсвэрийг шуурхай бөгөөд бага хүүтэйгээр авах боломж бүрдэж, төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэх ач холбогдолтой гэж эрх баригчид тайлбарлаж байна.

Улаанбаатар хотын зүгээс төслийн 1 дүгээр үе шатны санхүүжилтийн урьдчилгаа 15 хувь буюу 138.9 сая ам.долларыг олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтран бүрдүүлэх бол үлдэгдэл санхүүжилтийг нийслэл өөрийн орлогоос үе шаттай эргэн төлнө гэж үзэж буй аж.

Санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн суурь зарлагад автозамын түгжрэлийг бууруулахад зарцуулагдах 420 тэрбум төгрөгийг 2032 он хүртэл тусгагдана гэж тооцжээ. Уг мөнгөний хуваарилалтын тодорхой хэсгийг 1 дүгээр шатны төслийн эхлэлийн хөрөнгийн санхүүжилт болон төсөл ашиглалтад орсноор үйл ажиллагааг тогтвортой явуулахад нийслэлээс олгох татаас хэлбэрээр ашиглагдана гэж тооцоод буй аж.

Тэгэхээр эхэнд дурдсанчлан, эрх баригчид ийм нэг шинэ төслийг “Шинэ Сэргэлт”-ийн бодлогод гэнэтхэн шургуулсантай зэрэгцэн замын түгжрэлийг бууруулахад төсөвлөсөн 420 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2032 он хүртэл 10 жилээр сунгах асуудлыг оруулж ирсэн нь анхаарал татаж буй юм.

1 дүгээр шатны уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 926 сая ам.долларыг арилжааны нөхцөлтэй зээл хэлбэрээр авахад, үндсэн төлбөр төлөх хугацаа 12 жил хүртлэх хугацаа байхаар тооцсон байна. Харин анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа нь 28 жил байхаар ТЭЗҮ-д тусгагджээ.

Хотын даргын хэлж буйгаар Ерөнхий сайд энэ оны 2 дугаар сард  БНХАУ-д айлчлал хийх үеэр уг төслийн санхүүжилтийг шийдвэрлэх боломж, нөхцлийн талаар ерөнхийдөө тохиролцсон гэж ойлгогдсон. Гэтэл үүнээс хойш 2 сар хүрэхгүй хугацаанд ТЭЗҮ нь эцэслэгдээд,  улс төрийн түвшинд богино хугацаанд дэмжлэгүүд авсаар, улмаар төсвийн тодотголтой зэрэгцэн УИХ-д өргөн баригдаад буйг тодотгоё.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.28) 2022 оны 04 сарын 28

28 жилийн дараа ашиглалтгүй зогсох байх . Түгжрэлийг багасгах өөр арга олоочээ. Банкны өртэй хотын дарга мань юу ч санаачилж магад бна шүү.

0  |  0
Зайл зайл(59.153.115.77) 2022 оны 04 сарын 27

ЗАЙЛ

0  |  0
Зараа(124.158.67.187) 2022 оны 04 сарын 27

бүхэл бүтэн нэг үе 3 жилийн турш төлөх юм байна, эрүүл ухаан где?

0  |  0
Ха(66.181.191.250) 2022 оны 04 сарын 27

LRT гээч мөнгө угаачих гэсэн ашиг сонирхлын илт зөрчилтэй тэнэг ажлаа зогсоогоочээ

0  |  0
Top