ЗАСГИЙН ГАЗАР: Нөөцийн махыг 350 төгрөгөөр хямдрууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. 

Нөөцийн мах борлуулах худалдааны цэгийн тоог нэмж, хонины махны үнийг 350 төгрөгөөр буурууллаа

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, махны үнийг бууруулах чиглэлээр шийдвэр гаргажээ.

Нөөцийн махны 60 хувийг бүрдүүлж байгаа хонины махны кг тутмын үнийг Засгийн газраас  250 төгрөгөөр, бэлтгэн нийлүүлэгч нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр, нийт 350 төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэлээ.

“Хонины нөөцийн махыг кг-ыг нь 7950 төгрөгөөр худалдах шийдвэр маргаашнаас хэрэгжинэ. Бүтнээр нь буюу гулуузаар нь худалдан авбал кг нь 7750 төгрөг байна” гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ. “Нөөцийн мах борлуулж буй худалдааны цэгийн тоог нэмэгдүүлж, бүх сүлжээ дэлгүүр, супермаркет, хүнсний дэлгүүрээр борлуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов.

Хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдэд 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ. Махны бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжтэй махны нөөцийг эрт бүрдүүлж, хэрэглэгчдэд хямд үнэтэй мах нийлүүлэх Хариуцлагын гэрээ байгуулж, хэрэгжилтэд ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллах юм байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ махны үйлдвэр болон худалдааны сүлжээ дэлгүүрийн төлөөлөлтэй 2022 оны дөрөвдүгээр сарын 28-нд уулзаж, санал солилцоно.

Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна. Махны нөөц 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар үхэр 3600, хонь 6800, ямаа  1150 тн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ "Гурил, махны үнийг тогтворжуулахаар ААН-үүдэд 230 тэрбум төгрөгийн зээл олгоно. Засгийн газар 12.7 мянган тонн мах бэлдсэн. 30 хувь нь үхэр, 70 хувь нь хонины мах байгаа. Зах зээлд нөөцийн хонины мах 8300, үхрийн мах 8900, ямааны мах 7100 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Засгийн газар өнөөдөр хонины махны 250 төгрөгийн хөнгөлөлтийг Засгийн газрын нөөцийн хөрөнгөөс гаргаж, мах бэлдсэн ААН-үүдэд өгөхөөр шийдвэрлэлээ. Мөн 23 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр хэмнэж, хонины мах нийтдээ 350 төгрөгөөр хөнгөлөгдөж, ард иргэдийн гарт очих болж байна. Ингэснээр хонины мах 7950 төгрөг болж хямдарна. Гулуузаар нь зарахдаа 7750 төгрөгөөр худалдаална. Нөөцийн мах зарж буй цэгүүдийг 20-оор нэмэгдүүлнэ" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(103.212.119.182) 2022 оны 04 сарын 27

5000 болсон ч болно шүү дээ

0  |  0
Top