Азийн хөгжлийн банкнаас Монгол улс дахь эдийн засгийн өсөлт, тэгш бус байдал, ядуурлын гурвалсан харьцааны задлан шинжилгээ хэмээх судалгааны төслийг хэрэгжүүлсэн байна. Гурван сарын хугацаанд үргэлжилсэн төслийн судалгаагаар ядуурал буураагүй нь тогтоогдлоо.
Судалгааны багийн хийсэн шинжилгээ судалгааны үр дүнгээр бодлогын шинжтэй дараах дүгнэлт гарсан байна. Үүнд:
I. Эдийн засгийн өсөлтийн задлан шинжилгээний дүнгээс:
1. 2000 оноос хойш эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбар хошуучилж байна. Эдийн засгийн энэхүү эрчимтэй өсөлтийн ашиг шимийг хүртэгчид нь ерөнхийдөө хотын өрхүүд, мөн багахан хэмжээнд хөдөөгийн өрхүүд байна.
2. Боловсруулах аж үйлдвэр унасаар байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт өрхийн тэргүүн нь ажиллаж байгаа өрхүүд Монголын хамгийн ядуу өрхүүд болох нь судалгаагаар тогтоогдлоо. Боловсруулах аж үйлдвэрийн салбар бол эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт хөгжлийн араг яс, амин чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
3. Хөдөө аж ахуйн шилжилтийн үед ядуурлыг илааршуулахад бас тодорхой хувь нэмэр оруулсан. Хэдий тийм ч, аливаа боловсруулалтгүй түүхий эдийн чиглэмжтэй байгаа нь хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, орлого бүтээх, улмаар хөдөөгийн ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулж чадахгүй хэвээр байна.
II. Өрхийн ядуурал, тэгш бус байдлын судалгааны дүнгээс:
4. Жендерийн асуудал
Өрхийн ядуурлын хувьд жендерийн асуудал Монголын хувьд маш өвөрмөц онцлогтой болох нь тогтоогдлоо. Ганц бие эмэгтэйчүүдийн тэргүүлсэн өрх гэр Монгол улсдаа хамгийн өндөр орлоготой болохыг судалгаагаар тогтоолоо. Энэ бол олон улсын жишгээс тэс ондоо үр дүн юм.
5. Ядууралд өртөмтгий байдал
Ядууралд өртөх магадлалтай өрхийн тоо өнөө ядуу байгаа өрхийн тооноос хоёр дахин их байгаа нь нийгэм халамжийн бодлогын зорилтот бүлгийн бүлийг нэмэгдүүлж, ядууралд өртөх магадлалтай өрхүүдэд илүүтэй анхаарал тавих шаардлагатай болжээ.
6. Ядууралд дараах хүчин зүйлс давуутай нөлөөлж байгаа нь судалгаагаар тогтоогдлоо.
Өмнө хийгдсэн олон судалгааны үр дүнтэй адил төстэй үр дүн гарч байна. Үүнд:
-Өрхийн ам бүлийн тоо ихтэй
-Хөдөлмөрийн чадвартай нэг хүнд ноогдох тэжээгчдийн тоо
-Гэр хороололд амьдран суух
7.Ажил эрхлэлт
Ядуурлын үнэлгээнд өрхийн тэргүүний ажил эрхлэлт их нөлөөтөй биш, харин нийт өрхийн гишүүдийн ажил эрхлэлт, ажилгүйдлийн түвшин ихээхэн нөлөөлөл хамааралтай үр дүн гарлаа.
Өрхийн ядуурал – Өрхийн гишүүдийн ажилгүйдэл маш өндөр хамааралтай гарсан.
8. Боловсрол
Эцгийн боловсролын түвшин өрхийн гишүүдийн ядууралд бас тодорхой хэмжээнд нөлөөлж эхэлж байна. Харин өрхийн амьжиргааны түвшинд ээжийн боловсролын түвшин онцгой нөлөөтэй хэвээр байна. Ээжийн боловсролын түвшин 2003 онд ч 2008 онд ч хот хөдөөд ядуурлыг бууруулахад онцгой нөлөө үзүүлсэн байна. Харин сүүлийн үеээс 2008 оноос эцгийн боловсролын түвшин өрхийн орлогын түвшинд нэлээд хүчтэй нөлөөлж эхэлсэн байна.
9. Нийгмийн халамжийн хөтөлбөрүүд
Өрхийн ядууралтай ямар нэг хамаарал тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, улс төрчдийн амлалтаар олгогдоод байгаа 21000 төгрөг болон бэлнээр тараагдаж байгаа бусад бүх мөнгөн олговор өрхийн амьжиргааг сайжруулах, тэгш бус байдлыг бууруулахад ямар нэг мэдэгдэм эерэг өөрчлөлт оруулахгүй байна гэсэн үг. Энэ тухайд ямар нэг ажил хийх шаардлагатай байна. Тухайлбал, зорилтот бүлгээ сайтар тодорхойлох эсвэл бодлогоо дахин нэг эргэн харах шаардлагатай болсон байна.
10. Тэтгэвэр тэтгэмж
2002/2003 оны судалгаагаар ядуурал бууруулахад зарим нөлөө үзүүлсэн боловч цаашдаа ер нь явцгүй болж байгаа нь манай судалгаагаар нотлогдож байна.
11. Залуу гэр бүл
30-49 насны гэр бүлүүд хамгийн эмзэг бүлэг болж байгаа нь 2007/2008 оны судалгаагаар харагдсан. 2008 оноос 30 хүртэлх насны өрх гэрүүд эмзэг бүлэг болж эхэлсэн байна. Энэ үйл явц цаашдаа ч өсөх хандлагатай байна. Цалин хангамж илүүтэй, хөдөлмөрийн нөхцөл сайтай ажил эрхлэлтийг дэмжсэн бодлого үгүйлэгдсээр байна.
Дээрхи судалгааны дүн Монголд ядуурал буурсангүй гэдгийг илтгэж байна гэж судалгааны багийн ахлагч Я.Очирсүх онцолж байсан юм.
А.Баярмаа
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )