Украинд халдан довтолсноос хойш ОХУ-ын чулуужсан түлшнээс олсон орлого бараг хоёр дахин нэмэгджээ. Хэдийгээр чулуужсан түлшний экспортын хэмжээ буурсан ч үнэ өссөн нь орлогын хэмжээ өсөхөд нөлөөлжээ.
ОХУ Украинд халдан довтолсноосоо хойших хоёр сарын хугацаанд газрын тос, байгалийн хий, нүүрсний экспортоос 62 тэрбум еврогийн орлого олсон байна. Түүнчлэн Украинд байлдааны ажиллагаа эхлүүлснээс хойш Европын холбоо 47 тэрбум еврогийн үнийн дүн бүхий газрын тос, байгалийн хийг Оросоос худалдан авчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Европын холбоо өдөр бүр 450 сая ам.долларыг газрын тос, 400 сая ам.долларыг байгалийн хийн төлбөрт төлж байгаа гэнэ. Зарим шинжээч “Хэдийгээр Европын холбоо ОХУ-ын Украинд халдан довтолсныг шүүмжилж байгаа ч Оросоос авах газрын тос, байгалийн хийд бүрэн хориг тавихгүй байна. Эндээс харахад Европын холбоо Украины эсрэг Оросын үйлдлийг санхүүжүүлж байгаа гэсэн дүгнэлт хийж болохоор байна" хэмээсэн байна.
Дэлхийн улс орнууд Владимир Путинийг газрын тос, байгалийн хийнээс олж буй орлогоо эдийн засгийн зэвсэг болгон ашиглахаас сэргийлэхийг хичээж байгаа ч Москва хангалттай хэмжээ орлого олсоор байгаа юм.
Хэдийгээр дайн, хориг арга хэмжээний улмаас Оросын бүх төрлийн бараа бүтээгдэхүүний экспорт багассан ч тус улс байгалийн хийн экспортоороо дэлхийд ноёрхдог учраас цар тахлаас үүдэлтэйгээр хэдийнээ үнэ нь өсөөд байсан байгалийн хийн ханшийг улам дэвэргэсэн юм.
Түүхий эдийн судалгааны байгууллага болох CREA-ийн мэдээлснээр, Оросоос гадаадын боомтууд руу тээвэрлэх түүхий нефтийн үнийг халдлага болохоос өмнөх буюу нэг болон хоёрдугаар сарын ханштай харьцуулахад 30 хувиар буурсан байна. CREA-ийн ахлах шинжээч Лаури Майлливирта “Путиний дайны машиныг идэвхгүй болгох цорын ганц арга бол чулуужсан түлшнээс холдуулах явдал юм.
Оросын эрчим хүчний экспортыг үргэлжлүүлэх нь Москвад тавьсан хориг арга хэмжээний гол цоорхой болж байна. Оросын чулуужсан түлшийг худалдаж авсан улс бүр олон улсын хууль тогтоомжийг зөрчихөд оролцож байна гэсэн үг" гэжээ.
ОХУ сүүлд Польш, Болгарт нийлүүлэх байгалийн хийн нийлүүлтээ зогсоохоо мэдэгдсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм. "Глобал Витнесс"-ийн ахлах зөвлөх Луис Жэй Вилсон түлшний компани болох BP, “Shell”, “ExxonMobil” Оростой худалдаа хийсээр байна. ХБНГУ ОХУ-аас нефтийн хувьд хараат байдлаа зогсоох нь нэн тэргүүний зорилт гэж удаа дараа мэдэгдэж байсан ч сүүлийн хоёр сарын хугацаанд Берлин хамгийн том импортлогч байсан. Тус улс энэ хугацаанд импортын төлбөрт есөн тэрбум евро төлжээ. Итали, Нидерланд төн Оросын томоохон импортлогч бөгөөд 6.8 тэрбум болон 5.6 тэрбум еврог хийн төлбөртөө төлсөн” гэдгийг тодотгосон байна.
“Shell”-ийн хэвлэлийн төлөөлөгч “Guardian”-д өгсөн ярилцлагадаа тус компани Орос Украины дайны эсрэг шийдвэртэй арга хэмжээ авсан тухай тодотгосон байна. Тэрбээр “Бид Засгийн газруудтай зөвшилцсөний үндсэн дээр Газпром болон холбогдох байгууллагуудтай хамтарсан үйлдвэрээсээ гарч, Оросын бүх нүүрсустөрөгч ялгаруулдаг түүхий эдээс татгалзах хүсэлтэй байгаагаа зарласан. Бид энэ зорилгоо зарласнаас хойш Оросын түүхий нефть, шингэрүүлсэн байгалийн хий, Оросоос шууд экспортолж буй боловсруулсан бүтээгдэхүүний бүх худалдан авалтыг зогсоосон” хэмээжээ.
Мөн “Exxon”-ийн хэвлэлийн төлөөлөгч "Оросын өдөөн хатгасан довтолгоог зогсоох олон улсын зохицуулалттай хүчин чармайлтыг бид дэмжиж байгаа бөгөөд бид бүх хориг арга хэмжээг дагаж мөрдөж байна.
ОХУ-ыг Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш бид тус улстай ямар нэгэн шинэ гэрээ байгуулаагүй бөгөөд одоогоор Оросын түүхий болон боловсруулсан бүтээгдэхүүнийг Их Британид нийлүүлэхгүй байгаа. Бид Оросын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахгүй” гэж мэдэгджээ. “Chatham House” судалгааны төвийн судалгааны захирал Бернис Ли “Путин Украин руу цөмрөн орсноос хойш хоёр сарын дараа Герман Оросыг сар бүр 4.5 тэрбум еврогоор санхүүжүүлсээр байна. Берлин бол Оросын байгалийн хий, түлшний хамгийн том худалдан авагч” гэжээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Тэрийг нь бахархалтайгаар зарлаад байгаа юм уу. Монголчуудаа тавлаад байгаа юмуу? Монголын төмөр замыг гар хөл нохойнуудаараа гацаалгачаад Оросын нүүрс их зарагдаад байгаа биз дээ. Энэ тэгээд та нарын бахархал биз дээ зиндаа хэмээх лалрын сайтаа
Hudalaa buraad l .bas nuutsaar orosiin neft hiig abaad bgaa ch de. Abahgui bol harin evropd ediin zasagiin hyamaral bolj dampuurj sviren de..