Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ Ажлын хэсэг энэ сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад ажиллаж буй талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Ажлын хэсгийн гишүүдийг өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч уулзсан байна.
ОУВС-гийн Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Монгол Улс цар тахлыг амжилттай даван туулж, энгийн амьдралд шилжсэн, Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Оюу Толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж, хилийн боомтуудын асуудалд онцгойлон анхаарч тохиролцоонд хүрч боомтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа зэрэг асуудлуудыг онцлон тэмдэглэсэн гэж Засгийн газраас мэдэгдлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд “Цар тахал болон ОХУ-Украины хямралт байдал нь Монгол Улс шиг хөгжиж буй орнуудад томоохон сорилт учруулж, инфляц, үнийн өсөлт, валютын хомстол зэрэг олон таагүй үр дагавар учруулж буй. Засгийн газрын зүгээс Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх тухай хуулийг санаачлан, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, энэ хүрээнд арга хэмжээ авч ажиллаж байна. Монголбанкны валютын нөөцөө хамгаалах, хомстлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дэмжиж байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэжээ. Мөн Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн талаар ярьсан байна.
Харин ОУВС-гийн гишүүдийн зүгээс Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд төсвийн байгууллагууд хэмнэлт хийх, хүүхдийн мөнгө болон халамжийг зорилтод бүлэгт хүргэхэд анхаарах нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Мөн банкууд IPO гаргахыг зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа, мөн татварын бодлогын шинэчлэлд хамтрахад бэлэн байгаагаа ОУВС-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчид илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )