Хятадын Жэжян мужийн Ханжоу хотод Омикрон хувилбарын эсрэг анхны идэвхгүйжүүлсэн вакцины эхний туршилтын тунг хийжээ.
Хятадын төрийн өмчит вакцин үйлдвэрлэгч “Sinopharm”-ын үйлдвэрлэсэн уг вакцин нь Омикроны эсрэг дэлхийн анхны идэвхгүйжүүлсэн вакцин болж байгаа юм. Вакцины өмнөх хувилбар үр дүнтэй хэвээр байгаа ч мутант омгийн эсрэг тусгай вакцин гаргаснаар дархлаа сайжирна гэж Хятадын нэрт халдвар судлаач Ли Ланжуан онцолжээ.
Омикроны эсрэг вакцины судалгаа, боловсруулалт 2021 оны арванхоёрдугаар сарын 09-нд эхэлсэн бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд БНХАУ-ын Үндэсний эмнэлгийн бүтээгдэхүүний захиргаанаас эмнэлзүйн туршилт хийхийг зөвшөөрсөн байна.
Вакцин хийлгэсэн анхны сайн дурын ажилтан нь КОВИД-19-ийн вакцин хийлгээгүйгээс гадна, халдвар аваагүй нэгэн байсан аж. Тэрбээр "Би дархлаагаа бэхжүүлж, нийгэмд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Миний бие сайн байна" хэмээн ярьжээ. Одоогоор вакцин хийлгэсэн хүмүүс дээр эмнэлзүйн туршилт хийж эхэлж байгаа бөгөөд энэ үед хэр үр дүнтэй эсэх нь тодорхой болно гэдгийг Ли Ланжуан тодотгосон байна.
Хятадын КОВИД-19-ийн вакцин боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Үндэсний эрүүл мэндийн хорооны ажилтан Жэн Жунгвэй өмнө нь хэвлэл мэдээллийнхэнд Омикрон хувилбар гарч ирснээс хойш Хятадын вакцин боловсруулах баг хөдөлж эхэлсэн, “Бидний баримталдаг үндсэн зарчим бол “Бэлтгэлгүй байснаас илүү бэлтгэлтэй байсан нь дээр гэдэг” хэмээж байсан юм. Коронавирусний эсрэг вакцин бүтээсэн эм үйлдвэрлэгчид Омикрон хувилбарын эсрэг вакцин бүтээхээр хэдийнээ ажиллаж эхлээд байгаа билээ. Тухайлбал, АНУ-ын “Johnson & Johnson” Өмнөд Африкийн болон бусад орны эрдэмтэдтэй хамтран КОВИД-19-ийн эсрэг вакцин нь коронавирусний хувилбарууд, ялангуяа Омикрон омгийн эсрэг үр дүнтэй эсэхийг үнэлж, тусгай вакцин гаргаж авахаар ажиллаж байна гэж мэдэгдээд буй.
Гэхдээ АНУ-ын “Moderna” компанийн тэргүүн гүйцэтгэх захирал Стефан Бансел Омикрон хувилбарын эсрэг вакцин бүтээж, нийлүүлэхэд олон сар шаардагдана гэж мэдэгдсэн билээ. “Pfizer” компани коронавирусний шинэ хувилбарын эсрэг шинэ вакцин гаргаж авахаар мөн ажиллаж эхэлжээ. Тусгай вакциныг 100 хоногийн дотор гаргаж авахаар зорьж буй талаар тус компанийн тэргүүн Алберт Бурла мэдээлж байсан билээ. Мөн Германы “BioNTech” компани Омикрон хувилбарын судалгааны ажлыг эхлүүлж, гаргаж авсан вакцин нь шинэ хувилбарын эсрэг үр дүн муу тохиолдолд шинэчлэхээр ажиллаж байна.
Ц_ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )