Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.05.04/ боллоо. Хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв.
Тэрбээр "Өчигдрийн байдлаар 165 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Монголбанкнаас 2019 онд шалгалт хийсэн. Нийт 812 тэрбум төгрөгийн зээлийн алдагдлын сан байгуулах ёстой. Гэсэн ч сан байгуулах гүйлгээ хийгдээгүй байгаа. Тиймээс энэ актын дагуу гүйлгээг хийж, баланс дээр тусгах шаардлагатай байна.
2023 онд төлөх ёстой хоёр бонд бий. 500 сая ам.долларын Евро бондыг 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөх ёстой энэ нь өнөөдрийн ханшаар 1,5 их наяд төгрөг юм. Мөн арванхоёрдугаар сарын 25-нд 725 тэрбум төгрөгийн Самурай бонд юм. Үүнээс онцгой анхаарах ёстой бонд нь Засгийн газрын баталгаатай Самурай бонд юм. Хөгжлийн банкны өрийг барагдуулж чадахгүй бол өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл бий.
Зээлийн эргэн төлөлтөд хуулийн байгууллага чухал үүрэгтэй. Бид чанаргүй зээлийн 1/3-ийг төлүүлж байж бондын төлбөрөө төлөх боломжтой болно.
Хуулийн байгууллага оролцох ёстой гээд байгаа учир нь ”Кью Эс Си” компанийн асуудлаас эхлээд цаг алдалгүй шийдэх ёстой зүйл бий. Тухайлбал, 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан мөнгөн дүнг “Кью Эс Си” улсаас төлөх тухай шийдвэр цэцээс гарсан. Үүний дагуу УИХ-аас Засгийн газарт чиглэл өгсөн. ”Кью Эс Си” компанийн өрийг барагдуулахын тулд таван зүйл дээр хэлэлцээр хийж харилцан суутгах замаар тооцоондоо оруулах асуудлыг тусгасан байдаг.
Мөн Дархан дахь Төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээг цуцалсан. Дархан төмөрлөгийн үйлдвэр бол төрийн өмчийн үйлдвэр. Тус үйлдвэрийн зээл нь “Кью Эс Си” компанийн нэр дээр юм. Иймд зээлээ төлөх шаардлага тавихад тус компанийн зүгээс авсан зээлээр гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийсэн тул төмөрлөгийн үйлдвэр зээлийн эргэн төлөлтийг хариуцах ёстой гэсэн тайлбар өгч байгаа. Хөтөл ч мөн адил. Авсан зээлээ гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийсэн гэдэг тайлбарыг өгдөг. Иймд хуулийн байгууллагын оролцоо чухал байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )