Засгийн газрын өнөөдрийн /2022.05.04/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцсэн. Ингэхдээ аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Цаашид БНСУ-аас ирэх жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс Засгийн газраас тус улсын иргэдийг Монгол Улсад визгүй зорчих шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 гадаад улсын иргэн визгүй зорчиж байна. Өмнө нь манай талаас 2010 онд Япон улсын иргэдийг 30 хоногийн хугацаатай визээс чөлөөлөх шийдвэрийг Монгол Улс дангаараа гаргаж байсан. Гадаад харилцааны яамнаас БНСУ-тай ярилцаж байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )