Буриадад Үндэсний номын сангаа хэний нэрэмжит болгох талаар ард түмний дунд нээлттэй санал асуулга явуулж байна. Номын сангаас 10 алдартны нэрийг гаргасан бөгөөд энэ сарын 15 хүртэл тэдний хэн нэгэнд нь санал өгч болох юм.
Николай Дамдинов (1932–1999) - зохиолч, яруу найрагч, найруулагч, орчуулагч, олон нийтийн зүтгэлтэн. Буриадын Ардын яруу найрагч. 1985-1990 онд Буриадын Дээд Зөвлөлийн тэргүүн.
Намжил Нимбуев (1948-1971) - яруу найрагч, орчуулагч. Дондок Улзытуевын бүтээлийг орос хэлэнд хөрвүүлсэн. Монголын яруу найрагчдын шүлэг, буриад зохиолчдын өгүүллэгийг орчуулж байсан.
Дондок Улзытуев (1936-1972) - яруу найрагч. Байкал сэтгүүлд ажиллаж байсан. Шүлгийн 20 номтой. Олон сайхан дуу зохиосон нь одоо ч Буриадад дуулагдсаар байгаа.
Даширабдан Батожабай (1921–1977) – зохиолч, найруулагч. Аугаа их Эх орны дайнд оролцсон. Шүлэг, жүжиг, кино, тууж, роман гээд бүх төрлөөр туурвиж байжээ.
Элбек-Доржи Ринчино (1888–1938) – Буриадын улстөр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн. Үндэсний хөдөлгөөний удирдагч. Олон улсын коммунист хөдөлгөөний идэвхтэй гишүүн. Буриад Монголын БНУ-ыг үндэслэгч.
Агван Доржиев (1853–1938) – Буддын лам, эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, дипломат, шашны болон олон нийтийн зүтгэлтэн. XX зууны Оросын буддизмын томоохон төлөөлөгч.
Дамба Жалсараев (1925-2002) – Буриадын Ардын яруу найрагч. ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн. 1960-1966, 1975-1986 онуудад Буриадын Соёлын сайдаар ажиллаж байсан. Буриадын Төрийн дууллын үгийг зохиосон.
Намжил Балдано (1907-1984) - жүжгийн зохиолч, ОХУ-ын урлагийн гавьат зүтгэлтэн, Буриадын Ардын жүжигчин, Ардын зохиолч.
Леонид Потапов (1935–2020) – Төрийн зүтгэлтэн. Буриадын Анхны ерөнхийлөгч. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөхөөр 2007-2009 онд ажилласан.
Юрий Хараев (1928-1996) – ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн. М.Горькийн нэрэмжит номын сангийн захирал байсан.
Сэтгэгдэл ( 2 )
Хоц Намсраев
Элбэгдорж Ренчино болоод 2 орос хүн нь дэмий л болов уу