Хятад болон барууны сэтгэлгээний ялгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

“Өөдөөсөө хэзээ ч зөв харахгүй

Өрнө бол өрнө, дорно бол дорно” Р.Киплинг

Хятадууд Барууныхнаас ертөнцийг үзэх үзэл, соёл, зан ааш, биеэ авч явах байдлаараа эрс ялгаатай. Энэ талаар хэдэн зуун эрдмийн ажил хийгдэж, олон боть ном хэвлэгдсэн ч та өөрөө Хятадад олон жил амьдарч, тэдэнтэй хамт ажиллаж байгаагүй бол хэзээ ч хятад хүний зан чанарыг ойлгож чадахгүй. Арваад жил Хятадад амьдраад, олон арван сонгодог зохиол  уншсан байлаа ч хятадуудыг ер ойлгохгүй юм гээд толгой сэгсрэх хүн цөөнгүй бий. Германд ажиллаж амьдардаг Хятадын зураач Ян Лиу 14 нас хүртлээ Хятадад амьдарсан хүн. Тийм болохоор Ян Лиу хоёр ертөнцийн аль алинийг гадарлах биш ёстой л “доторлодог” болсон хүн юм. Ингээд Барууны орнууд болон Хятадын сэтгэлгээний ялгааг харуулсан түүний зургийг толилуулж байна.

Цэнхэр өнгөөр Барууныг, улаан өнгөөр Хятадыг харууллаа.

Өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө

Энэ зураг зөвхөн өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг харуулаад зогсохгүй, хоёр ард түмний зорилгодоо хүрэх замыг харуулж байгаа гэж би бодож байна. Барууныхан зорилгоо тодорхой харж, шууд түүн рүүгээ явна. Харин хятадууд эргэж тойрсон замаар явдаг. Тэр байтугай Дорнын соёл зорилгыг гол болгодоггүй харин зорилгод хүрэх замыг гол болгодог. Үр дүн чухал биш, үр дүндээ хүрэх процесс чухал гэсэн үг юм. Тэдний энэ онцлог хэл ярианд нь ч туссан байдаг. Хятад хэлэнд ижил дуудлагатай ч өөр утгатай үг олон тул буруу ойлголцох явдал их. Тиймээс хятадууд нэг юм тайлбарлах гэж их олон юм ярьдаг бол барууныхан цөөн хэдэн үгээр хурдан ойлголцож чаддаг.

Цаг барих

Францын хаан Людовик XVIII (1814-1824)  “Цаг барих нь Эзэн хаадын хувьд эелдэг явдал бол бусад хүний хувьд үүрэг юм” гэж хэлсэн гэдэг. Үүнээс эхлэн Европт цаг барих “моодонд” орж эхэлсэн байна. Зурган дээр байгаачлан хятадууд харин арай чөлөөтэй байр суурьтай. Гэхдээ хэрэв танд таалагдахыг хүсвэл хятадууд яг цагтаа тэр байтугай эрт ч ирж болно.

Дараалалд зогсох

Хятадад дараалалд зогсоно гэдэг там гэсэн үг. Хятадууд зүгээр л бөөнөөрөө овоороод зогсоод байдаг. Урд талд зай гармагц бүгд нэг нэгнээ түлхэн урагш дайрна. Хэн амжаагүй нь хохино гэсэн үг.

Олон нийтийн газрын дуу чимээ

Олон нийтийн газарт Баруунд Хятадынхтай харьцуулахын аргагүй чимээгүй байдаг. Харин Хятадад бол эсрэгээр бүгд ярина, гэхдээ бүр маш чангаар шүү. Хятадад амьдарвал үүнд нь хурдан дасдаг гэж байгаа.

Нийгмийн харилцаа

Барууны нийгэмд хүмүүс хоорондоо нэг их холбогдоод байдаггүй, угаасаа хувийн танил тал ч цөөхөн. Тэгвэл Хятадад хувийн харилцаа маш чухал үүрэгтэй. Ер нь бол танилтай байж л ажил төрөл амжуулна гэсэн үг. Тийм болохоор Хятадад хүн гэр бүлийн болон найз нөхөд ажил төрлийн гээд л танил талын гинжин торонд амьдарч байгаа юм шиг санагдана. Энэ торон дахь харилцааны ачаар л олон асуудал шийдвэрлэж чадах ч заримдаа бас их гай болдог талтай.

Асуудлыг шийдвэрлэх

Хэрэв ямар нэг асуудлыг шийдэлгүй орхиж болох бол хятад хүн дор нь орхино. Энэ орхиж байгаа нь Даогийн урлагийн нэгэн хэлбэр юм. Гол мөрний ус хад чулууг тойрон урсдгийн адил заавал давж гарах гэж оролдолгүй тойр.

Хувиа хичээх үзэл

Хүний эрх, хувийн өмч, эрхийн халдашгүй байдал гэсэн онолууд Европт их эрт үүсжээ. Эртний Грекийн үед ч хувь хүн гэсэн ойлголт байсан гэх бөгөөд Европт XVII зуунаас энэ талаар гүн ухаантнууд зохиол бүтээл туурвиж байв. Тэгвэл хамт олонч байх гэдэг хятад хүний гол шинжийн нэг. Хамт олонч байхыг заасан зүйл Будда, Күнзийн сургаалд ч бий. Хувь хүн буюу хувиа хичээх үзлээс салах ёстой хэмээн сургадаг бол Баруунд Хувь хүн гэсэн үзлийг ихэд сурталчилдаг.

Даргатай харьцах нь

Хятадад дарга цэргийн хооронд босоо харилцаатай бөгөөд Күнзийн сургаалд үүнийг “Аавын хайр”, “Хүүгийн хүндлэл” гэж тайлбарладаг. Дарга чинь танаас хамаагүй дүү байлаа ч хамаагүй хүндэл. Европт энэ тал дээр ардчилалтай.

Наранд биеэ шарах

Сүүлийн зуун жилд Европт наранд боролсон бие эрүүл энхийн бэлгэ тэмдэг болоод байгаа. Харалж, борлосон хүмүүсийг харц ардууд гэдэг байсан үе улиран оджээ. Харин хятадууд угаасаа бор биетэй болохоор наранд биеэ шараад байдаггүй. Хурц нартай өдөр бараг бүгд шүхэр бариад явдаг.

Өдрийн гурван хоол

Европчууд хагас боловсруулсан бүтээгдхүүн идэх дуртай бол хятадууд ялангуяа дунд, ахмад үеийнхэн шинээр хоол хийж идэх юм уу гуанзанд хооллохыг илүүд үздэг. Гэхдээ сүүлийн үеийн хятад залуус хагас боловсруулсан хоол иддэг болоод байгаа.

Уух юм

Хятадууд толгой дараалан цай уудаг гэдэг нь үнэнд нийцэхгүй. Сайн цай тэнд их үнэтэй. Тиймээс жирийн хятадууд одоо хүртэл цэвэр ус уухыг илүүд үздэг.

Байгалийн гамшиг, амьдралын бэрхшээлийн үед

Ямар ч үед жирийн төв царайтай байх нь хятадуудын нэгэн сайн чанар. Ялангуяа боловсролтой, эс бөгөөс танд таалагдах гэж байгаа хятадууд ямар ч үед царайгаа өөрчлөхгүй.

Үдэшлэг найрын үеэр

Ямар нэгэн үдэшлэг найр болоход европчууд хэд хэдээрээ, эсвэл бүлгээрээ хуваагдан, цэнгэдэг. Тэгвэл хятадууд нэгэн том ширээний ард суун, хоол ундаа иднэ. Бусдаас тасрахыг Хятадад бүдүүлэг ёс гэж үздэг.

Тээврийн хэрэгсэл

Жил ирэх тусам Хятадад машин тэрэг олширч, дугуйн зам цөөрсөөр л. Зам дээр түгжрэл үүсч, Засгийн газраас хувийн машиныг журамлах бодлого боловсруулж байна. Тэгвэл Европт эсрэгээр ард түмэн нь экологийн асуудалд санаа зовнин, эрүүл амьдрах ёсыг даган мөрддөг болж, дугуй унах болсон байна. Европт дугуйн зам их болж, дугуй хөлсөлдөг үйлчилгээ олширжээ.

Гэр бүл хүүхэд

“Нэг гэр бүл-нэг хүүхэд” уриатай Хятадад хүүхэд гэдэг хаан л гэсэн үг. Таван нас хүртлээ хүүхэд эрх дураараа өсдөг. Гэхдээ сургуульд ороод үүрэг харицлага нь эхэлнэ. Хятадын эртний сургаалд “Багш бол ноён, сурагч бол боол” гэж сургасан байдаг. Харин Баруунд хүүхдийг эрхлүүлээд, дээдлээд байдаггүй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэл судлаач(66.181.190.141) 2023 оны 03 сарын 11

Таны хэлдэг үнэн гэхдээ сэтгэл болон бие мах ботидод бол маш чухал гэж үзэж байна Хятад Хүний Муу Зуршил махан биеийн хүсэл таачаал сексийн харилцаа гэдэг асуудал Монголчуудад болон ази төвд Их Хөндий байгаа билээ Гол шалтгаан

0  |  0
Z(202.9.46.251) 2022 оны 12 сарын 13

Хятад хурдан задарч соёлжоосой

2  |  0
зочин(66.181.188.23) 2022 оны 05 сарын 07

хятад хүнийг дэлхий даяараа ойлгохгүй дээ

0  |  0
Top