МИК-ын асуудлыг Засгийн газарт танилцуулахаар тогтлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

Дунд орлоготой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар 2013 оноос Монгол банкаар дамжуулан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 6 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Гэвч тус хөтөлбөрөөс МИК ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, 2019 оноос хойш тайлангаа ил тод гаргаж өгөөгүй зэрэг асуудлууд байгаа тухай Шадар Сайд С.Амарсайхан хөндөн, улмаар Сангийн яамаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд МИК-тай холбоотой асуудлыг шалгаж, ямар ч эрсдэлгүй зээлд тооцогддог уг хөтөлбөрийг иргэдэд зуучлах нэрээр үйл ажиллагааны шимтгэл өндөр авч, зээлдэгч нар амь насаа даатгалын компанид даатгуулсаар байтал дахин эрсдэлийн сан үүсгэж, иргэдэд дарамт учруулаад байгааг хэлсэн. Тэгвэл уг ажлын хэсэг хуралдаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулахаар болов.

Мөн Шадар сайд Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлыг холбогдох газрынханд үүрэг болгосон.

Ажлын хэсгийн өнгөрсөн хугацааны үр дүнд залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд тус зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30 хувиас багасгаж, 20 хувь болгох 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулах боломжийг судлан, ажиллаж байгаагаа Засгийн газарт танилцуулж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.236) 2022 оны 05 сарын 11

Sain baina Amarsaihaan

2  |  0
зочин(150.129.143.223) 2022 оны 05 сарын 11

Шадар сайдын нэг сайн тал нь шийдэмгий, шуурхай, бас зоримог чанар нь шүү. Эрх мэдэлтнүүд бүгд өөрсдийн цаг хугацаандаа олон түмэнд хэрэгтэй зүйл хийж чахдвал энэ улс зовлонгоосоо гэтэлнэ.Ажилд нь амжилт хүсье, энэ багийн хамт олонд.

2  |  0
Top