Хөгжлийн банкны баланс 2022.12.31 гэхэд сайжрахгүй бол ТАТАН БУУГДАНА

2022 оны 05 сарын 11

Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны бондын өр төлбөрүүдийн асуудлыг хэлэлцэж, Самурай бондын төлбөрийг хэсэгчлэн хийж эхлэх үүрэг чиглэлийг тус банканд өгсөн талаар мэдээлсэн билээ.

Сангийн сайд Б.Жавхлангийн өгсөн мэдээллээс тодотгоход, “Засгийн газар нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкан дээр онцгой анхаарал хандуулсан гол учир нь ирэх жил төлөгдөх хоёр бондын төлбөртэй холбоотой. 2023 оны 10 дугаар сарын 23-нд төлөгдөх Евро бондын  500 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.5 их наяд орчим төгрөгийн төлбөр байна. Мөн 2023 оны 12 дугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын  30 тэрбум иений төлбөр буюу одоогийн ханшаар 713 тэрбум төгрөгийн өр бий. Энэ хоёр өрөөс онцгой анхаарах ёстой нь Самурай бонд юм.  Учир юу вэ гэвэл Засгийн газрын баталгаатай. Хэрвээ Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүйд хүрвэл энэ өрийг бүтэн дүнгээр нь Засгийн газар төлнө, энэ хэмжээний дарамт төсөв дээр, татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ гэсэн үг. Тиймээс ийм эрсдэлтэй тулахгүйн тулд хуримтлагдаж байсан чанаргүй зээлүүдийг энэ оны нэгдүгээр улирлаас маш яаралтай төлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн.  Энэ оны 6 дугаар сарын 30, арванхоёрдугаар сарын 31 гэсэн чухал цаг хугацаа бидний өмнө  байгаа. Арванхоёрдугаар сарын 31-ний тайлан баланс аудитлагдах ёстой. Энэ аудитаар тайлан баланс муу гарах юм бол тус банкийг татан буулгах, дампууруулах хэмжээнд очно. Хэрвээ бид чанаргүй зээлээ амжилттай барагдуулж чадаад, тайлан балансаа арванхоёрдугаар сарын 31-нээр сайжруулж чадах юм бол ирэх онд дахин санхүүжилт хийх ёстой Евро бондоо амжилттай хийнэ. Мөн Самурай бондоо хугацаанд нь төлөх нөхцөл бүрдэнэ. Тийм учраас энэ жил чанаргүй зээлүүддээ анхаарал тавьж, энэ онд дор хаяж 50 хувийг нь төлүүлэх зорилт тавьж, Засгийн газар ажиллаж байна. Энэ жилийн хувьд бид дор хаяж 800-гаад тэрбум төгрөгийн зээл  төлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхгүй л бол бидний жилийн эцсийн баланс сайжирч гарч чадахгүй” гэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top