Монгол, Британийн Дугуй ширээний 14 дүгээр уулзалт өнөөдөр /2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр/ Улаанбаатар хотод болов.
Монголын талын төлөөлөгчдийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Британийн талын төлөөлөгчдийг Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрхи дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд Аманда Миллинг нар тэргүүлэв.
Сайд нар Монгол Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс 1963 онд дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэв. Монгол, Британийн харилцаанд тогтмол ахиц гарч буйг талууд сайшааж, түүнийг цаашид улам бүр өргөжүүлэх сонирхлоо нотлов. Ирэх 2023 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцов.
Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа: Сайд нар Британийн импортын барааны тарифын хөнгөлөлтийн систем болох “Сайжруулсан нөхцөл”-д Монгол Улсыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хамруулсныг сайшаан тэмдэглэж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.
Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны Элч, парламентын гишүүн Даниел Кавченскигийн Монгол Улсад хийсэн анхны айлчлал болон Оюу толгойн гүнийн уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх талаарх Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани хоорондын тохиролцоог талууд сайшаан тэмдэглэв.
Монгол Улсад бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин чухал ач холбогдолтойг талууд онцолж, хөрөнгө оруулалтыг хамгаалах, эрх зүйн шинэчлэл, авлигатай тэмцэх чиглэлээр хийгдэж буй ажлыг сайшаав.
Сайд нар Лондонгийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн бирж хоорондын хамтын ажиллагааг сайшааж, цаашид эдгээр байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Монголын Үндэсний геологийн алба, Британийн Геологийн алба хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монголын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт тэргүүлэх технологи, тоног төхөөрөмж, сайн туршлагыг нэвтрүүлэх хүчин чармайлтыг талууд сайшаав.
Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа: Сайд нар Кембрижийн хөтөлбөр, Чевнингийн түншлэлийн хэлэлцээр, Боловсролын төлөөх дэлхийн түншлэл зэргийн хүрээнд Монгол Улсын боловсролын тогтолцоо, үнэлгээний системийг боловсронгуй болгох, багш нарын мэргэшил дээшлүүлэх, англи хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны хамтын ажиллагаа: Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах зорилтыг хэвээр хадгалах, дэлхийн эдийн засгийн 90 хувийг хамарсан нүүрс, машин, бэлэн мөнгө, мод болон хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх дэлхий нийтийн шинэ зорилтыг Глазгоу хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцид оролцогч талуудын 26 дугаар бага хурал (COP26)-аас баталсан түүхэн тохиролцоог талууд сайшаав.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх COP26-д оролцож, ой модыг хамгаалах амлалт, 2030 он гэхэд тэрбум мод тарих санаачилга гаргасныг мөн сайшаав.
Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрээ оруулах үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээг нэмэгдүүлэхийн чухлыг сайд нар онцлов. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад усан цахилгаан станц хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэв.
Дэлхийн биологийн олон төрөл зүйлийг хамгаалах чиглэлээрх зорилтыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг талууд сайшаав. Мөн Лондонгийн Амьтан судлалын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүд зэрэг зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдаатай тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр өрнүүлж буй хамтын ажиллагааг сайд нар сайшаав.
Тээврийн салбарын хамтын ажиллагаа: Хоёр улс хоорондын тээврийн харилцааг дэмжих зорилгоор Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах сонирхлоо талууд илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )