Бид өнөөдрийн өөрсдийгөө харвал өсвөр насны, залуу насны гэнэхэн мөрөөдөл, бодлууд минь гомдох биз. Өнөөдрийн бид ч өөрсдөөсөө залхмаар дэндүү гунигтай амьдралтай байгаа нь харамсалтай. Өдөр бүр нэгэн хэвийн.
Нэгэн хэвийн биш байлгахын тулд цахим орчинд ухаалаг, жаргалтай харагдах гэсэн залхмаар амьдралд байгаа нь гунигтай хийгээд харамсалтай юм. Мэдээжийн хэрэг бүх хүн ийм биш гэдгийг дурдах нь зүйтэй. Цахим орчинд өөрөөсөө өөр хэдэн ч хүнийг бий болгох боломжтой. Гайхалтай биш гэж үү.
Гэлээ гээд бодит амьдралын гайхам сайхныг хэрхэн гүйцэх билээ дээ. Бусдаасаа дор амьдралтай харагдахгүйн тулд утга учиргүй зээл тавина. Бүхнийг мэддэг нэгэн шиг ухаалаг харагдах гэж байдгаараа хичээнэ. Өдөр бүрийг жаргалтай өнгөрүүлэх худал хуурмаг дүрийг ч бий болгодог. Энэ бүхнээс хэзээ залхах нь тодорхойгүй. Хүссэн хүсээгүй хангалттай олон асуудал, хэцүү зүйлсийг туулахаас хойш ганц өдөр ч атугай өнөөдрөөрөө амьдарч яагаад болохгүй гэж. Ядаж өнөөдөр ч атугай бүхнийг хаяад тайван, амгалан байж болохгүй гэж.
Амьдралд үргэлжид ухаалаг хандах бус заримдаа тэнэг, хөгжилтэй, галзуу зүйлс хийж ч болно шүү дээ. Хэтэрхий их үүрэг хариуцлага, хэт ухаалаг байдал хэр удаан дотроос минь идсээр байгааг мэдэх ч боломжгүй. Бид тийм л залхмаар амьдарч байна. Хүн хэдэн удаа амьдардгийг мэдэхгүй ч өнөөдрийн бид ганц л амьдрах учраас заримдаа том хүн шиг, заримдаа хүүхэд шиг байх хэрэгтэй. Тэнэг, ухаалаг, хөгжилтэй зэргээр сэтгэл хөдлөлөө гаргахгүй бол хэчнээн сайхан дэлхийд байлаа ч залхмаар амьралын тойрогтоо оршсоор байна шүү дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )