Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банкнаас авсан орон сууцнуудаа ажилтнууддаа олгосон гэх мэдээлэл сошиалаар цацагдсан.
Тэгвэл Н.Учрал гишүүнээс Ерөнхий сайдад хандаж тавьсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар асуулгын хариуг чуулганаар сонсох үеэр, гишүүд дээрх орон сууцтай холбоотой асуудлыг хөндөж, хураагдсан орон сууцнуудыг хэрхэн борлуулах талаар асууж, тодрууллаа.
Мөн нийгмийн даатгалын сангийн алдагдлын 104 тэрбум төгрөгийн 30.3 хувийг төлүүлсэн байгаа бол үлдсэн 73.9 хувийг нь хэрхэн барагдуулахаар ажиллаж байгаа талаар лавлав.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт хариултдаа, Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банкны эрх хүлээн авагчаас 20 орчим орон сууцыг авч, өнгөрсөн онд хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн. Эдгээр орон сууцнуудын дугаарлалт, улсын бүртгэлийн гэрчилгээ нь гараагүй тул худалдан борлуулаагүй байна. Цаашид хэн нэгэнд давуу байдал олгохгүйн тулд орон сууцнуудаа дуудлага худалдаагаар борлуулна гэлээ.
Мөн тэрбээр, Капитал банкнаас үлдсэн 70 орчим тэрбум төгрөгийг эргүүлэн авахаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран ажиллаж байна. Бид одоогоор шүүхийн маргаангүй, эргээд худалдан борлуулах боломжтой хөрөнгүүдийг аваад байна. Дээр нь найман тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр барагдуулсан. Үлдсэн хөрөнгүүд дээр судалгаа хийж байна. Зарим санал болгосон хөрөнгүүд нь шүүхийн маргаантай байгаагийн зэрэгцээ Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагуудаас банкны хөрөнгөөр барьсан байж болзошгүй гээд нэмж хөрөнгүүд гаргаж ирсэн. Тиймээс бид тэндээс хөрөнгө авах, эсвэл банкны эрх хүлээн авагчийг хөрөнгүүдээс өөрсдөө худалдан борлуулаад санг хохиролгүй болгох асуудлыг тавин ажиллаж байна гэв.
Сэтгэгдэл ( 0 )