Лидергүй Монгол

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Улс төрийн намууд лидергүй боллоо, улс төрд лидер байхгүй болсон гэх яриа газар авсаар удлаа. Ер нь байсан эсэх нь ч эргэлзээтэй. Гэтэл намууд бүү хэл энэ Монгол Улс лидергүйн зовлонг эдлээд олон оныг үдэж байгаа нь үнэн. Аливаа улс орон бүү хэл бүлэг фракц, айл гэр хүртэл тэргүүнтэй, манлайлагчтай байдаг. Гэхдээ тэнд сэтэр зүүсэн дорой нэгэн байх нь лидер хэмээхэд үл нийцэх. Тэгээд ч манай улс төрд өөрсдийгөө лидер хэмээн нэрлэгсэд чамгүй олон болжээ.

Саяхан АН-ын дарга С.Эрдэнэ “Ганц нэгэн хүн намаас гарснаар нам тарчихдаг зүйл биш. Би АН-ын дарга, лидер хүн” хэмээн ярьж сууна лээ. Хадаж ойлговол, тэргүүлэгч манлайлагч гэх утга мөн боловч монголжуулан утгачилбал биш аж. Үүгээрээ бол УИХ дахь бүлгээ тараачихаад, намынхаа гишүүдийг өдөрт л хэдэн арваар нь алдаж байгаа хүнийг лидер гэх аргагүй. Өөрөөр хэлбэл, намынхаа гишүүдэд нулимуулж, өдөр бүхэн “гэр”-ийнхээ хаалгыг савуулж суугаа хүнийг яагаад ч лидер гэж хэлж чадахгүй. Айл гэрээр авч үзвэл бодлогогүй байж өрхийн тэргүүн хэмээн өөрийгөө өргөмжлөх хэрнээ бас дээрлэхүү нэгний дүр зураг л санаанд буух аж. Ийм өрхийн тэргүүнтэй айлаас үр хүүхэд нь амьдрахын эрх даган мөр мөрөө хөөхөөс өөр аргагүй.

Мөн өөрөө орлогогүй байж үр хүүхдүүдээсээ мөнгө нэхэж дарамталдаг дүр зураг ч энэ айлд бий. Тухайлбал, АН-ын ҮЗХ-ны гишүүн байхын тулд улирал бүр гишүүдээсээ гурван сая төгрөгийн татвар авч байна. Сонгуульд нэр дэвшихийн тулд 250 сая төгрөг авч байгаа зэргээрээ адил төстэй. Тиймдээ ч намынх нь гишүүд татвар гувчуур авлига их байгааг хэвлэлээр хэлээд хаалгаа савж одсон. Ийм хүн лидер хэмээн суухыг энэ нийгэм лав зөвшөөрөхгүй.

Тэгвэл УИХ-д 64 суудалтай эрх баригч намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн бэ. С.Эрдэнийн дэргэд намаа тараачихаагүй, сонгуульд ялагдчихаагүй, засаг тэргүүлж байгаагийн хувиар лидер гэж нэрлэж болох. Гэхдээ тэр өөрөө өөрийгөө бий болгосон уу гэвэл бас л учир дутагдалтай. Яахав, түүнийг эрх мэдэлд хүрэхэд сонгогчдын саналаар бүрдсэн парламентын гишүүдийн тал илүү хувь нь зөвшөөрсөн болохоор түүний ар талд эрх биш ард түмэн бий гэж өршөөж болно. Нөгөө талаар тэр Монгол Улсын Гүйцэтгэх засаглалын тэргүүн учраас улсын мөнгөний авдарны түлхүүрийг атгаж байгаа Сангийн сайдаас эхлээд бүхий л салбарын сайдыг удирдаж байгаа утгаараа С.Эрдэнийн дэргэд бол лидер мөн боловч ийн нэрлэхэд эртдэнэ.

Тодотговол, тэрбээр эхлүүлсэн олон ажлаа дуусгах, МАНАН бүлэглэлийг таслан зогсоох ажлаа хийсэн цагт л жинхэнэ утгаар нь лидер хэмээн нэрлэж болох талтай. Түүнээс бус замын дундаас хазайвал юун лидер, сэтэр ч үгүй үлдэх магадлалтай. Гуравдагчдын орон зайд өөрийгөө өнөөдөр болтол лидерийн эрэмбээс буулгаагүй Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд ч сэрүүн зүүднээсээ сэрээгүй явна. Түүнээс биш өнөөдрийн улс төрд лидер бий гэхэд ихээхэн эргэлзээтэй. 

Ингэхэд, Монгол Улс лидертэй байсан уу гэвэл байсан гэж нэгэн дуугаар хэлэх байх. Найман зууны өмнө дэлхийн дайдад нэрд гарсан их эзэн Чингис хаан гэж нэгэн дуугаар хэлнэ. Үүнээс хойш Өгөөдэй, Цагаадай, Мөнх  гээд алтан ургийн Лигдэн хутагт хүртэл олон хаад лидертээ орно. Харин алтан ургийн Өндөр гэгээн Занабазараас наашлаад Богд Жавзандамба хутагт гэхээр олон өнцөгтэй, өөр өөр хандлагатай хариултыг өгөх байх. Шууд утгаар нь тайлбарлах юм бол Манж амбанд эзлэгдэн, хаад ноёд нь тэдний гар хөл болж, эгэл ардууд нь татвар гувчуурт дарлагдаж гээд Богд хаант улсын төр ч юм шиг, Манжийн төр ч юм шиг саармаг явсан он жилүүд Монгол Улсын түүхэнд бий.

Өөрөөр хэлбэл, Манжийн төр мандаж байсан хэрэг. Монгол Улсын уналтын энэ үеийн эхэн хэсгийг харахад Монгол Улсын эзэн нь Богд ч юм шиг, Манж ч юм шиг явж ирсэн үеийг орчин цагт хөрвүүлж харвал С.Баярын “Стандарт бус Засгийн газар” юм. Наашлуулан харвал өнөөгийн МАНАН гэж болно. Хаад ноёд маань харьд газар нутгаа амлан хөл алдаж, мал эд агуурсаа бэлэг болгон барьж гээд бурангуй цагийн түүх өнөөдөр ч давтагдаж байна гэхэд хэтийдэхгүй. Охид эмсээ харийн ноёнд худалдаж байсан түүх өнөөдөр ч өнгө зүсээ хувилган оршсоор буй. Ерөөсөө XVI-XIX зуун, XX зууны эхэн үе бол Монгол Улс оршин тогтнох эсэх нь ихээхэн эргэлзээтэй болж байсан ийм цаг үе.

Манжууд 1636 онд Өвөр Монголыг бүрэн эзэлж аваад зургаан чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам байгуулан, түүнийгээ “Монгол журган” хэмээн нэрлэж байсан гэдэг. Энэ бол Монгол Улсын түүхэндээ чамгүй зүдэрсэн он жилүүдийн гашуун түүх. Гэхдээ түүхчид, судлаачид манжийн эрхшээлд байсан он жилүүд монголчуудад сайн ч зүйл өгсөн, муу ч зүйл өгсөн хэмээн гэрэл сүүдэртэй тусгасан байхыг харж байлаа. Чухам түүний гэрэл сүүдрийг ялгах гэж улайрсангүй. Аливаа муу зүйлд ч сайн тал байдаг хойно доо.

Ямартай ч зарим түүхчид “монголын уламжлалт эрх зүйг шинэчлэхэд чухал нөлөө үзүүлсэн нь түүхийн үнэн” гэсэн нь бий. Яахав, Манжаас явуулсан бодлого нь Монголын төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжилд эерэг болон сөрөг аль алинаар нь нөлөөлж, манай эрх зүйг шинэчлэхэд багагүй нөлөөлсөн нь үүний эерэг нөлөөлөл гэж үзэх нь цөөнгүй бий. Тийм ч биз, үгүй ч биз.

Энэ утгаараа өнөөгийн Монгол орны нийгмийн хөрсөн дээр харах юм бол улирч одсон тэр цагийн тусгал орчин үежсэн маягаар өрнөж байна гэхэд болно. Тэгэхээр мананжсан, мафижсан энэ цаг үеэс би сайн тал олж харахыг хичээж байгаа хэрэг. Заавал сайн тал байх ёстой. Өнөөдөр ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж, хувийн хэвшилд байгаа 400 гаруй лицензийг төрд авахаар болж байгаа нь Монгол Улсад баялгийн хуваарилалт дахин явагдаж байна уу гэсэн нэгэн том горьдлого болно. Учир нь Төрийнхөө тэргүүнээс эхлээд  эгэл ардууд хүртэл “30 гэр бүл”, “Монголын баялаг хэдхэн хүний гарт орлоо” гэх дуулиан нь үүгээр эцэс болох сайхан цаг байгааг үгүйсгэхгүй.

Нөгөө талаас зарим нөхөд нам эвсэл, өөрсдийн карьерыг үл тоон АН-аас өдөртөө л зуу зуугаараа гарч байгаа нь, эрх баригч намаас ч гуравдагч хүчин рүү үзэл бодлоо дагаж байгаа нь Монгол Улсын төрд улс төрийн хүчний хуваарилалт явагдах нь гэсэн бас нэгэн горьдлого төрүүлнэ. Гэхдээ үзэл бодлын, шинэчлэлийн хуваарилалт хэмээн горьдож байгаа хэрэг. Учир нь манай өндөр дээдэс нам эвсэл үл харгалзан халаасаараа нэгдэж, нам хэмээх нэрийн дор татварын мөнгө завшиж, эх орны баялгийг цөлмөж байгаа нь нууц биш.

Өнөөдөр “Намаа цэвэрлэнэ, Төрөө цэвэрлэнэ” хэмээн гарч ирсэн Ерөнхий сайд, “30 гэр бүлийг ил болгоно. Ард түмний баялгийг эздэд өгнө” хэмээн Ерөнхийлөгчид заларсан Х.Баттулга нарын сайн муу үйлийн тухайд дурдах ч хэрэг алга. Гагцхүү цаг үеийн нэгэн тусгал байгаасай гэж горьдоно.

Түүнээс “Монгол Улсын бүх иргэдийн өрийг дарна” гэх мэт шоу энд огт хамаагүй. Мөрөөдөлд ч багтахгүй зүйл. Ийн гарч ирсэн ҮАБЗ-ийн гишүүдийн туган дор хэдэн залуучууд тэмцэл өрнүүлж, УИХ-ын даргаас эхлээд огцруулж байгаа нь, төрийн ихэс дээдсийн гар хөл болсон хүчний байгууллагын зарим мэргэшсэн нөхдийг барин хорьж байгаа нь, 20 жил илрээгүй С.Зориг агсны үхлийн шалтгаан, цаад эздийг олохоор улайрч байгаа нь гээд олон зүйлд эерэг хандлага гарч ирж байна.

Биелэх эсэх нь тодорхойгүй ч нийгмийн хандлагад урьд урьдаас арай л ширүүн давалгаа орж ирж байгааг бултаараа харж сууна. Тиймээс л нэгэн горьдлого тээж байгаа хэрэг. Монголчууд Манжийн дарлалаас шууд гарчихаж чадаагүй шиг  өнөөгийн адлуулж буй тэмцэгчид сайн цагийг эхлүүлж өгч байгаа ч юм билүү хэн мэдлээ.

Өдгөөгөөс нэгэн зууны цаана Манжийн дарлалаас нэг өдөр шуудхан гарчихаагүй гэдгийг түүх өөрөө хэлээд өгнө, Цахарын Лигдэн хутгат, Халхын Цогт хун тайжаас эхтэй энэ тэмцэл нь XIX зуунд өртөөлөн ирж, Амарсанаа, Чингүнжав, Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн гэх мэт халхын зоригт хөвгүүд түүчээлэн XX зуун, 1911 оны цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөөний хувьсгал болон дүрэлзсэн хэрэг. Үндсэндээ монголчууд бид XVII зууны сүүлч үеэс XX зууны эхэн үе хүртэл 200 гаруй жил манжийн байлдан дагуулагчдын эрхшээлд нухлагдсан шүү дээ. Ингээд ч бид Манж Чин улсаар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлж чадаагүй олон оныг үдсэн.

Харин үндэсний эрх чөлөөнөөс дүрэлзсэн гал 1921 оны хувьсгалтай золгож, өдгөө Монгол Улсын Төрийн гал голомтыг манан суугаа Ардын намыг үүсгэн байгуулснаар нэн шинэ үеийн түүх эхлэнэ. “Ардын засгийн анхны долоо” ч гэдэг, “Ардын намын анхны долоо” ч хэмээн түүхнээ үлдсэн долоон нөхрийн зөрчил ч өнөөдөр бодитоор байна. Манжийн засаг нуран унах үед харьд тал зассан феодал ноёдын залгамж чанараа хадгалах гэсэн тэмцэл, жинхэнэ ардын төрийг байгуулах гэсэн эрмэлзлэл, хөрөнгөтний үзэл санааг дэмжигсэд гээд өнөөгийн олон ургальч үзэл ч “Анхны долоо” дунд байнга зөрчил үүсгэсээр байсан. Эдгээр дунд лидер байсан л байж таарна. Нэг их алсраагүй түүх учраас уншигч та өөрөө тунгаана буй заа.

Үндэсний эрх чөлөөгөө жинхэнэ утгаараа тунхагласан ард түмэн Ардын засгаа байгуулж, Ерөнхий сайдаа томилох болоход наймдугаар Богдтой зөвшилцөн томилдог байжээ. Энэ жишиг өдгөө ч байгаа гэхэд хэтийдэхгүй зүйл ажиглагддагийг нуух юун. Харин Ардын хувьсгал мандаж ахуй цагаас дотоодын зөрчил мундахгүй байж, шууд коминтерний нөлөөнд улсын хувь заяа байсан ч энэ цаг үед лидерүүд байсан. Монгол Улсын бүтээн байгуулалт, бичиг соёлын довтолгоо, нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмшихээс эхлээд юу эсийг “социализмын” хэмээн ад үзэх 70 жилд бүтээв дээ. Тэгэхээр энэ 70 жилийг ямар нэгэн удирдагч, тэргүүлэгчгүйгээр төсөөлөх аргагүй. Үүнийг дурдахын шалтгаан нь өнөө цагийн нийгмийн өнгөн дээр тодорхой үйл явдал өрнөж байна. Өрнөхдөө шинэчлэл өрнөх магадлал байгааг л дурдах гэсэн хэрэг.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top