БНСУ-д гарсан дуулиант "Хөндий дэх аллага" хэргийн сэжигтнүүдийг хоёр жил 11 сарын дараа шүүхэд шилжүүлжээ.
Амь насны даатгалын 800 сая вон авахын тулд нөхрөө хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа түүнийг болон найз залууг нь Инчон дүүргийн прокурорын газраас хүний аминд хүрсэн, хүн алахыг завдсан, даатгалын залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусгай хуулийг зөрчихийг завдсан зэрэг үндэслэлээр баривчилж, яллахаар төлөвлөж байна.
Прокурорууд мөн Gaslighting буюу хүний оюун санаанд нөлөөлж хяналтдаа байлгасан хэмээн яллах дүгнэлтдээ дурдсан байна. Тэднийг өнгөрсөн оны 12-р сараас эхлэн эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд Гоян хотын Самсон өртөөний ойролцоох нэгэн оффисоос баривчилсан юм.
Тэднийг баривчилснаас долоо хоногийн дараа амьдарч байсан оффист нь нэгжлэг хийжээ. Уг нэгжлэгийн үеэр таазандаа нуусан 5 ширхэг гар утас болон зөөврийн компьютер, флаш диск зэргийг олжээ.
Эрэн сурвалжлагдаж байсан хосуудтай хамааралтай байж болохуйц хоёр этгээдийг мөн шалгаж эхэлсэн байгаа бөгөөд сэжигтэн И Ин Эгийн охины тухай дуулиан мөн дэгдээд байна.
Зарим хэвлэлүүд түүнийг төрсөн охиноо талийгаачид үрчлүүлсэн тухай мэдээлж эхэлжээ. Гэр бүлийн бүртгэлд нь багтааснаар даатгалын мөнгө И Ин Эд очих боломжтой болох бөгөөд хэрэв охиныг үрчлүүлээгүй бол уг мөнгийг талийгаачийн төрсөн эцэг, эх, гэр бүлийнхэнд шилжүүлэх заалттай аж.
Талийгаачийн ар гэрийнхэн охиныг үрчлэн авснаа хүчингүй болгох өргөдлөө өгөөд байгаа бөгөөд өв залгамжлах эрхийг нь мөн түдгэлзүүлэхээр болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )