Өмнөд Солонгост дуулиан тариад байгаа "Хөндий дэх аллага" хэргийн сэжигтнүүдэд холбогдох анхан шатны шүүх хурал энэ сарын 3-ны өдөр болж өндөрлөжээ. И Ин Э болон болон түүний нууц амраг Жо Хён Сү нарт холбогдох зарим хэргүүд уг шүүх хурлын үеэр ил болсон байна.
Прокурорууд хэлэхдээ "2009 онд И Ин Э 18 настай байсан. Тухайн үед эрчүүдийг зугаацуулж мөнгө олдог байсан бөгөөд эрчүүдээс мөнгө хулгайлсан зэрэг хэрэгт буруутгагдан дөрвөн удаа насанд хүрээгүй хүүхдийг тусгаарлах төвд хүргэгдэж байсан. Тэрээр эрчүүдийг өгөөш болгох зорилгоор өөртөө татдаг байсан" хэмээсэн бол И Ин Э "Би 2011 онд уушийн газар ажиллаж эхэлсэн. Энэ үеэрээ хохирогч Юн-тай анх танилцаж, санхүүгийн дэмжлэг авдаг байсан. Хэдийгээр түүнээс дэмжлэг авдаг байсан ч 2014 онд өөр хүнтэй нууцаар гэрлэсэн. Тайландын Паттаяад аялж байх үед тэр усанд тоглож байгаад живж амиа алдсан" гэжээ.
Талийгаач Юн болон сэжигтэн И Ин Э нар 2017 онд гэрлэсэн ч талийгаачийг нас барах хүртэл И Ин Э хамт амьдарч байгаагүй тухай шүүх хурлын үеэр дурджээ. Харин энэ хугацаанд нууц амраг болон Жо Хён Сүгийн хамт байсан аж. Талийгаач нэгэн томоохон компанид сарын 4.5 сая воны тогтмол цалинтайгаар ажилладаг байжээ. Гэсэн ч танилаасаа 3000 вон зээлэх хүртэл хэмжээний санхүүгийн чадамжгүй байсныг прокурорууд онцолсон байна.
Гэмт хэргийн явцын тухай И Ин Э "Би бүх аялагчдыг Гапёны хөндийг орхиж явахыг хүлээсэн. Ойр хавьд зөвхөн бид л үлдэх үед зөвхөн эрчүүдийг ганцхан удаа усанд шумбахыг санал болгосон. Харин ах татгалзсан. Тэгэхэд нь сарын тэмдэг ирсэн учир усанд орохоос татгалзаж байсан би "таны оронд оръё" гэж хэлсэн. Үүний дараа ямар ч сонголтгүй болсон ах усанд шумбахыг зөвшөөрч, эцэст нь живж нас барсан" гэжээ.
Гэмт этгээдүүд болох И Ин Э, Жо Хён Сү нар шүүх танхимд орж ирэхдээ толгой өөд, огтхон ч гэмшсэн шинжгүй орж ирсэн нь талийгаачийн гэр бүлийнхнийг ихэд бухимдуулжээ. Тэд хэлэхдээ "Эдгээр хүмүүст гэмших сэтгэл байхгүй байна. Шүүх хурлыг удаан хүлээх үнэхээр хэцүү байлаа. И Ин Э, Жон Хён Сү хоёрыг бидний адил зовж шаналаасай гэж хүсэж байна" хэмээсэн байна.
Тэдэнд холбогдох дараагийн шатны шүүх хурал энэ сарын 30-ны өдөр Инчон дүүргийн шүүхэд болохоор товлогджээ.
Сэтгэгдэл ( 0 )