ХӨНДИЙ ДЭХ АЛЛАГА | И Ин Э-д зартай гэмт этгээд захидал илгээжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

 

Даатгалын мөнгө авах зорилгоор нууц амрагийн хамтаар нөхрөө хөнөөсөн И Ин Э-гийн хэргийг  "Хөндий дэх аллага" хэмээн нэрлээд байгаа билээ. Өмнөд Солонгосчуудыг цочирдуулаад байсан уг хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрөгч аравдугаар сарын 28-ний өдөр болж өндөрлөсөн. Шүүхээс И Ин Э-д бүх насаар нь хорих ял оноосон бол түүний хамсаатан Чо Хён Сү-д 30 жилийн ял оноосон. 

Уг шүүх хурлаас өмнө нь буюу аравдугаар сарын 27-ний өдөр уг хэргийг шалгаж байсан прокурор нэгэн цочирдом мэдээллийг дэлгэжээ. Тэрээр "SBS" телевизэд тусгай ярилцлага өгчээ. Энэ үеэрээ БНСУ-ын зартай гэмт этгээдүүдийн нэг болох "N Room"-ийг үүсгэн байгуулсан Чо Жу Бин "Хөндий дэх аллага" хэргийн сэжигтэн И Ин Э болон Чо Хён Сү нарыг хамгийн анх Инчоны хорих төвд ирэх үед захидал илгээсэн тухай мэдээлсэн байна. 

Түүний захидалд мөрдөн байцаагчдын хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байх, мөрдөн байцаалтад орохоос татгалзах, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байх зэрэг тал дээр зөвлөгөө өгсөн байжээ. Мөн тэнсэн харгалзах ял авах боломжтой тухай дурдсан байсан бөгөөд 10 жилийн ял оноох юм бол 6 жилийн дараа тэнсэн харгалзах ял авч суллагдах боломжтой тухай ярилцаж байсан гэнэ. И Ин Э захидалдаа суллагдсан хойноо загвар өмсөгчөөр ажиллах хүсэлтэй байгаагаа мөн дурдаж байжээ. 

И Ин Э-гийн үйлдсэн гэмт хэргийг шүүхээс захиалгатай хүний амь хохироосон үйлдэлтэй дүйцүүлэн ял оноожээ.

 

 

Гэмт этгээд Чо Жу Биний хувьд 2020 онд Тelegram-р дамжуулан насанд хүрээгүй охидод бэлгийн дарамт үзүүлж, зураг, бичлэгийг нь хүмүүст зарж мөнгө олдог байсан нэгэн. Нийт 74 эмэгтэй түүний хохирогч болсон байдаг бөгөөд цахим орчинд "N Room" хэмээн нэрлэгддэг түүний нууц өрөөнд 10.000 орчим хүн 200-1.2 мянган ам.долларын төлбөр төлөн бүртгүүлж, охид эмэгтэйчүүдийн бичлэгийг үзсэн байдаг.

Түүний үүсгэсэн сүлжээ маш нууц, нарийн зохион байгуулалттай, бэлгийн боолчлолын шинж чанартай байсныг цагдаагийн ажилтнууд онцолж байсан. Шүүхээс түүнд 42 жилийн хорих ял ноогдуулсан. Тэрээр охид, эмэгтэйчүүдийг цагийн ажил болон, фото модель болгоно гэх нэрийдлээр урьж, зураг болон бичлэг хийн, улмаар айлган сүрдүүлэх замаар бэлгийн боолчлол үйлддэг байсан нь хөдлөшгүй баримтаар батлагдсан байдаг. 

Цагдаа нар цахим орчинд хуурамч хаяг нээн түүний гэмт хэргийн сүлжээг илрүүлсэн. Уг хэрэгт холбогдуулан нийт 96 этгээдийг саатуулсан байдаг бөгөөд гэмт этгээдүүдийн 83.3 хувь нь хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийн бичлэг, зураг зэрэг материалыг худалдсан, тараасан, сурталчилсан бол 11.1 хувь нь бэлтгэсэн, 3.3 хувь нь хүчирхийлсэн, 2.2 хувь нь хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутгагдсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top