ХӨНДИЙ ДЭХ АЛЛАГА | И Ин Э нөхрөө хөнөөгөөгүй хэмээн нулимс дуслуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

 

2019 онд даатгалын мөнгө авах зорилгоор нөхрөө нууц амрагийнхаа хамтаар хөнөөсөн И Ин Э-д холбогдох шүүх хурал үргэлжилсээр байна. Сэжигтэн И Ин Э болон Чон Хён Сү нарт бүх насаар нь хорих ял оноохыг прокурорууд шаарджээ. 

31 настай И Ин Э болон 30 настай Чо Хён Сү нар Сөүлээс зүүн тийш орших Гапён дахь хөндийд 39 настай хохирогчийг санаатайгаар усанд живүүлсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн тухайн оны хоёрдугаар сард хохирогчийг загасны хороор хордуулахыг завдаж, тавдугаар сард загас агнуурын газар живүүлэх оролдлого хийсэн нь шалгалтын явцад ил болсон юм. 

 

 

Прокурорууд сэжигтнүүдэд насаар нь хорих ял оноохоос гадна 20 жилийн турш цахим гав зүүхийг шаардсан байна. Инчоны дүүргийн шүүхэд болсон уг шүүх хурлын үеэр сэжигтнүүдийн өмгөөлөгч санаатай хүний аминд хүрсэн хэргийг няцааж, тэд хохирогчийн амийг аврахын тулд чадах бүхнээ хийсэн хэмээн мэдүүлжээ. 

Сэжигтэн И Ин Э шүүх хурлын үеэр нулимс дуслуулан "Намайг чин сэтгэлээсээ халамжилж байсан нөхрөө алаагүй, мөн түүнийг алахаар төлөвлөж байгаагүй" гэжээ. 

 

 

Сэжигтнүүдэд холбогдох 11 дэх удаагийн шүүх хурал өнгөрөгч наймдугаар сарын 26-ны өдөр болсон. Энэ үеэр И Ин Э-г эрүүгийн сэтгэл судлалын нийт зургаан шинжээч "төгс" психопат хэмээн дүгнэсэн талаараа ярьсан нь олныг цочирдуулсан. 

И Ин Э-д хийсэн тестийн үр дүнд тэрээр 31 оноо авчээ. Энэ нь төгс "психопат" гэдгийг илтгэж байгаа гэнэ. Их Британи болон Америкийн орнуудад хамгийн дээд хэмжээг 30 хэмээн тогтоосон байдаг. Харин энэ тоо БНСУ-д 25 ба түүнээс дээш бол "ноцтой" хэмээн үздэг байна. 

 

 

Профессор И Су Жон сэжигтэн И Ин Э-г зөвхөн өөрөө л мэддэг нарциссист зан чанартай нэгэн хэмээн дүгнэжээ. Тэрээр хэлэхдээ "И Ин Э психопат болон социопат хэмээх хоёр төрөлд хамгийн дээд оноог авсан" гэжээ. 

Хамгийн анхны шүүх хурлын үеэр шүүх танхимд огтхон ч гэмшсэн шинжгүй орж ирсэн И Ин Э болон Чо Хён Сүн нар талийгаачийн гэр бүлийнхнийг ихэд бухимдуулсан. Энэ нь психопат хүний  гол шинж бөгөөд огтхон ч гэмших сэтгэлгүй байдаг аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top