"Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт Улаанбаатар хотод зохион байгуулна.
Олон улсын марафон гүйлтийг хэрхэн зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгөв.
Хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Улаанбаатар марафон” бол олон улсын хэмжээний үзүүлэлт өндөртэй тэмцээн. Тиймээс ч жил болгон гадаадын улс орны тамирчид оролцдог онцлогтой.
Гүйлтийг таван төрлөөр зохион байгуулна. Зай маршрутын тухайд 42 км, 21 км-ийн хагас бүтэн марафон, 10 км-ийн марафонд 18-аас дээш, 18-34, 35-54, 55-аас дээш гэсэн насны ангиллаар явагдана.
Мөн 10 мянган метрийн марафонд 18-аас дээш насныхан, 5000 метрт 12-17, 18-аас дээш насныхан оролцох боломжтой. Энэхүү эрүүл мэндийн гүйлтэд манай марафонд оролцогчдын олонх нь оролцдог. Дээрээс нь 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй тамирчид оролцох боломжтой. Гүйлтэд оролцогчдын хураамж 5000-60.000 төгрөгт хэлбэлзэж байгаа. Олон улсын марафон гүйлтийн жишиг ийм байдаг” хэмээн тодотгосон юм.
Гүйлтийг 42 км, 21 км-ийн зайд 18-34, 35-54, 55-аас дээш насны ангиллаар зохион байгуулна. Харин эрүүл мэндийн гүйлт буюу 5 км-ийн зайд 12-17 нас, 18-аас дээш насныхан оролцох бол 1.5 км-ийн зайд гэр бүлээрээ болоод тусгай хэрэгцээт иргэд оролцох боломжтой юм. Марафоны зам маршрутыг тогтоон баталгаажуулж, гараа, барианы болон ус эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг байгуулаад байгаа юм. “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа юм. Хамгийн анх 2014 онд 16.839 иргэн оролцож байсан бол 2015 онд 18.085, 2016 онд 25.000, 2017, 2018 онуудад 30.000-д хүрчээ. Харин 2019 оноос нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 32.000 гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан. Харин 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас марафон гүйлт завсарлахад хүрчээ. Энэ жилийн хувьд урьд өмнөхөөс ч өргөн дэлгэр болох магадлалтайг зохион байгуулагчид онцолж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )