“Улаанбаатар Марафон”-ыг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд нийслэлийнхэний хүсэн хүлээдэг өдрийн нэг болж цар хүрээгээ тэлсээр байна. “Улаанбаатар Марафон” нь өдөрлөг хэлбэрээр бүтэн өдрийн үйл ажиллагаа болж өргөжсөн бөгөөд зохион байгуулалтыг “ХайПэй” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд бүрэн хариуцаж, иргэдийн оролцоо, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
Өдөрлөгийн гол үйл ажиллагаа болох гүйлтийн төрөлд 1,5 км-т гэр бүлээрээ, хараагүй, тэргэнцэртэй болон тусгай хэрэгцээт иргэд, 5, 10, 21, 42 км-т мэргэжлийн тамирчид болон сонирхогчид, 500, 800 м-т тусгай олимпын төрлөөр тус тус бүртгүүлж гүйх боломжтой. Энэ жил урилгаар Кени, Япон, Герман, Их Британи, Франц, Орос улсаас 42 км, 21 км гүйдэг нийт 9 алдартай тамирчин хүрэлцэн ирж оролцох юм. Марафонд оролцох гадаад иргэдийн бүртгэлийг хялбаршуулах зорилгоор энэ жил олон улсын төлбөрийн картыг холбож бүртгэл хийлгэх боломжийг бүрдүүллээ.
“Улаанбаатар Марафон 2024” өдөрлөгөөр урлаг соёл, спортын олон төрлийн үйл ажиллагааг төв талбайд дэлгэх юм. Иргэд гэр бүл, найз нөхдөөрөө бүтэн өдрийг зөв боловсон, зугаатай өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж урлагийн тоглолт, хоолны өдөрлөг зохион байгуулах орон зайг бий болгохоор зорьж байна.
Тухайлбал, Сүхбаатарын талбайн автобусны буудлын дэргэд “LEMONSPICE” хоолны өдөрлөг хийх бол “ELECTRO MUSIC MONGOLIA”-ийн хамт олон авто замын төв цэг дээр монголын шилдэг DJ нарын тоглолтыг толилуулна. Мөн ерөнхий спонсоруудын асар байрлаж, иргэдэд хөнгөлөлт, урамшуулалттай худалдаа, үйлчилгээг үзүүлэх юм. Энэ онд банкны салбарын 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монголбанк болон банкны салбарын төлөөллүүдийн асарт олон нийтэд мэдээлэл хүргэх үйлчилгээ үзүүлнэ. Спортлог иргэддээ зориулж “M-SPORTS”-ын 50 гаруй спорт клубээс хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх бол залуусын брэнд “KIDULT”-аас тооны хязгаартай брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэх юм.
Сэтгэгдэл ( 0 )