"Улаанбаатар марафон-2025"-д өмнөх жилийнхээс олон хүн оролцох уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 07


Нийслэл Улаанбаатар хотноо жил бүр уламжлал болгон зохиодог марафон гүйлт энэ сарын 24-нд болно. Одоогоор 5000 гаруй хүн бүртгүүлээд байгаа ажээ.

Улаанбаатар марафоны хамгийн богино зай нь 1.5 километр. Энэ зайд оролцогчид гэр бүлийнхнийхээ хамт гүйх боломжтой. Мөн харааны бэрхшээлтэй, суга таягтай хүмүүс ч оролцож болно. Одоогоор энэ зайд 954 хүн гүйхээр бүртгүүлжээ.
 


Харин 5 километрийн зайд 2451, 10 километрт 794 хүн бүртгүүлсэн бол хагас марафон буюу 21 километрт 700 гаруй хүн гүйхээр бүртгүүлжээ. 21 километрийн зай 18-34, 35-54 ба 55-аас дээш гэсэн насны гурван ангилалтай.

Тэгвэл 42 км 195 метрийн бүтэн марафон 18-аас дээш насныхан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн хоёр ангилалтай. Одоогоор 135 хүн гүйхээр бүртгүүлжээ. Марафонд оролцогчид тодорхой хураамж төлөх учиртай. Хураамжийн хэмжээ гүйлтийн зайнаас шалтгаалаад 5000-90 000 төгрөг байна. Мөн 500, 800 метрийн тусгай гүйлт гэж бий. Энэ зайд гүйх хүмүүс хураамж төлөхгүй байж болох юм.
 


Улаанбаатар марафонд хүссэн хүн бүр оролцох боломжтой. 2024 оны марафонд гэхэд 34 орны 20 500 орчим хүн оролцсон.

Яагаад марафон гэж нэрлэсэн талаар бяцхан түүх өгүүлье. МЭӨ 490 оны есдүгээр сарын 12-нд Грекийн нийслэл Афинаас ойролцоогоор 40 километрийн зайд орших Марафон хотод тулаан болжээ. Тулаанд ялсан тухай мэдээг дуулгахаар Фидиппид хэмээх байлдагч Марафоноос Афин хүртэл зогсолгүй гүйсээр очиж, “Баярт мэдээ! Афинчууд аа, бид ялсан!” гэж хашхираад тэр дороо үхэтхийн унасан гэдэг.
 


Орчин үеийн түүхэнд бол марафон гүйлтийг 1896 онд Олон Улсын Олимпын Хорооны төлөөлөгчид бий болгохдоо домогт өгүүлсний дагуу Марафоноос Афин хүртэлх зайг хэмжиж үзсэн гэдэг. Ингэхэд 34.5 километр байж. Ингээд марафон гүйлтийг эхэндээ олимпын наадамд яг Марафоноос Афин хүртэлх замд хийхдээ 40 километрт гүйлгэжээ.. Хожим 1921 онд Олон Улсын Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбоо /одоогийн IAAF/ марафоны зайг нарийн тогтоож өгсөн нь 42 километр 195 метр юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu