Өмнийн говьд өрнөж буй их бүтээн байгуулалттай танилцаж, сурвалжлах томилолт өвөртлөн тус аймгийг зорилоо. Монгол Улсын эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч болсон тус аймагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй, Засгийн газрын тишүүд, холбогдох албаныхны хамт ажилласан юм. Коронавируст халдварын улмаас өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хилийн боомтуудын үйл ажиллагаа ээлж дараалан хаагдсан билээ. Тодруулбал, БНХАУ-ын “Тэг Ковид” бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа долоон сар гаруй хугацаанд тэг зогссон. Харин энэ сарын 25-ны өдрөөс эхлэн тус боомт хэвийн ажиллаж эхэллээ.
БООМТУУД СЭРГЭЖ БАЙЖ “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” БҮРЭН ХЭРЭГЖИНЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа. Монгол Улсын их хурлын 2020 оны 52 дугаар тогтоол “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилтын 8.1.8-д Шивээхүрэн хилийн боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ хэмээн тусгагдсан байдаг. Ерөнхийдөө манай улсын нийт импортын 80 шахам хувь нь Замын-Үүд-Эрээн боомтоор дамжиж ирдэг тул бусад боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь манай улс, урд хөршид аль алинд нь ашигтай.
Шинэ сэргэлтийн бодлогод тусгаснаар Шивээхүрэн-Сэхээ боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төсөл, Шивээхүрэн боомтыг хөгжүүлэх, өргөтгөж шинэчлэх төлөвлөгөөг баталсан байна. Тус боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах ажил хийгдэж буй. Бүтээн байгуулалтын ажил одоогоор 87 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба энэ оны есдүгээр сард шинэ терминал бүрэн ашиглалтад орох аж.
Зуны эхэн сард энд агаарын хэм өдөртөө 30 хэмийг зааж байхад ч хилийн бүсэд ариутгал хийх ажилчид коронавирусээс хамгаалах цагаан хувцсаа иж бүрнээр нь өмссөн байлаа. Олон сар ажиллагаа нь зогссон энэ бүсэд хүмүүс хоорондоо үг солих ч боломж олгохгүй, чанга нүргэлсэн чимээ хангинан, хүнд даацын чингэлэг тээврүүд зогсоо зайгүй нааш цааш ачаагаа зөөж харагдана. Бүтэн өдөржин энэ дүр зураг ажиглагдах ба өдөртөө нийтдээ 200 гаруй чингэлэг нүүрс боомтоор гаргаж амждаг байна. Шинэ чингэлэг тээврийн терминал ашиглалтад орсноор уг боомтоор жилд 17 сая тонн нүүрс экспортлох боломжтой болох гэнэ.
Түүнчлэн “Монголын Алт” /МАК/ компанид л гэхэд одоогоор 956 сая тонн нүүрс нөөцөд байгаа аж. Боомтуудын үйл ажиллагааг сэргээх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд төр, хувийн хэвшил түншлэлээр хамтран ажиллаж буй аж. Ингэхдээ Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг найман компани бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгааг албаныхан дурдаж байв. Тэр дундаа МАК энэхүү бүтээн байгуулалтад голлох үүргийг гүйцэтгэж байгаа аж.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: НҮҮРС, ЗЭСИЙН ЭКСПОРТЫН ГАРЦЫГ 10-12 БОЛГОН НЭМЭХ БОЛОМЖТОЙ
Боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шивээхүрэн боомт бол манай улсын нүүрсний экспортын 48 хувийг эзэлдэг. Жилд дунджаар 10-15 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай. Гэхдээ боломжтой хувилбараар “Боомтын сэргэлт”-ийг амжилттай хэрэгжүүлж чадвал энэ хэмжээ гурав дахин нэмэгдэх боломжтой. Тийм учраас төр засаг хувийн аж ахуйн нэгжүүдтэй илүү ойрхон байж хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Зэс бол бид бүхний урт хугацааны стратеги юм. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөх нь цаг хугацааны хувьд илүү боломжтой, өөдрөгөөр төсөөлөхөд дөхөм бүтээгдэхүүн. Харин нүүрс үүний эсрэг байна.
2030-2035 он гэхэд үндсэндээ бидний нүүрсээ экспортлогч гол орон болох БНХАУ нүүрсний хэрэглээгээ багасгах төлөвлөгөө гаргачихсан байгаа. Тийм учраас бид маш богино хугацаанд амжихгүй бол улсын төсөвт нүүрсний экспортын орлого ихээхэн хувийг эзэлж буй энэ үед үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц бодит аюул тулгарах эрсдэлтэй байна. Энэ богино хугацааг ашиглаж бид эдийн засгийн бусад салбаруудаа төрөлжүүлэх, хөгжүүлэх стратеги руу шилжих нь Шинэ сэргэлтийн бодлогын гол цөм юм. Жишиг үнийг тогтооход боомт бүр дээрх үнэ ямар байхыг хараахан тохирч амжаагүй. Жилд экспортлох дундаж дүнг л тохирч байгаа.
Энэ нь манай улсын экспортын, дэд бүтцийн хүчин чадал сул байгаатай холбоотой. Боомтуудыг цахимжуулах бодлого эхэлж байна. Боомт дээр бүртгэлгүй, аль эсвэл хувь хүний хүчин зүйл дээр илүү суурилсан алдагдал байсан гэдгийг нуугаад яахав. Энэ асуудлаар аль аль хөрш орныхоо хууль хяналтын болон төрийн байгууллагад хандсан нь үнэн. Тийм учраас энэ асуудлыг цаашид цэгцэлж, цахимжуулж явна. Ер нь бид хариуцлагагүй, ил тод биш, тодорхой бус байдлаас гарах хэрэгтэй байна. Удахгүй бүх боомт цахимжина. Тэгэхээр хувь хүний хүчин зүйл байхгүй болно. Үүнийг дагаад хувь хүнтэй холбоотой авлига, хүнд суртал гэх мэт зүйлс алга болох учиртай. Энэ жилдээ багтаад арваннэгдүгээр сар гэхэд нүүрс, зэсийн экспортын гарц Гашуунсухайт боомт дээр илүү тулгуурладаг байсныг дөрөв болгож нэмэгдүүлнэ. Цаашид үүнийг 5-6 болгож улмаар 10-12 экспортын гарцтай болох зорилго бий. Мөн боомтуудаа эдийн засгийн хувьд хамгийн ач холбогдолтойгоос нь эхлэн эрэмбэлж олон улсын хэмжээний тээвэр ложистикийн цогц шийдлээр боомтын сэргэлтийг хийнэ” гэлээ.
ҮҮРЭН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНД ШИНЭЧЛЭЛ ХИЙХ НЬ ЭКСПОРТ, ИМПОРТОД НӨЛӨӨЛНӨ
Дээр дурдсанчлан МАК боомтын сэргэлтэд чухал ач холбогдол өгч Засгийн газартай түншилж ажиллаж байна. Шивээхүрэн боомтод анх удаа жолоочгүй ухаалаг автомшинаар тээвэрлэлт хийх бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх боломжтой гэнэ. Үүнийг тайлбарлавал AGV технологи буюу соронзон тээврээр жолоочгүй ачааны машинаар экспорт, импортын барааг зөөх боломж нээгдэж буй хэрэг юм. Манай урд хөршийн зүгээс коронавируст халдварын тохиолдлыг тэг болгоход хатуу анхаарч байгаа учир Монголын талаас очих ачаа тээврийн жолоочийг олон хоногоор тусгаарлах нь нэг талаараа хүндрэлтэй. Өнгөрсөн зууны сүүлчээр хэрэглээ нь өргөжсөн тус технологийг үйлдвэрлэлд өргөн ашигладаг ба хүнд даацын бараа, материалыг зөөвөрлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Гэхдээ одоогийн байдлаар тус технологийг эх орондоо шууд нэвтрүүлэхэд багахан хэмжээний саад тулгарч байгаа. Учир нь соронзон тээврийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд манай улс үүрэн холбооны 5G сүлжээг хэрэглээнд нэвтрүүлсэн байх шаардлагатай. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэх нь дам утгаараа экспорт, импортод нөлөөлөхүйц чухал зүйл болжээ.
Мөн энэхүү шаардлагыг МАК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир Шивээхүрэн боомтын шинэчлэлийн ажлын ерөнхий төлөвлөгөөг танилцуулах үеэрээ Засгийн газарт хандаж санал болгон хэлсэн юм.
Тэрбээр, “Баяжуулах үйлдвэрийн хэмжээг нэмэгдүүлэх нь тулгамдсан шаардлагатай байна. Ганьсу мужийн бүс нутагт 54 сая тонн эрчим хүчний нүүрс жил бүр хэрэгцээтэй байгаа. Мөн 16 сая тонн коксжих нүүрсний зах зээл бий. Энэ нь манай экспортлох нүүрсний гуравны нэг юм. Тиймээс бид үйлдвэрийн хэмжээг нэмэгдүүлэх нь зайлшгүй тулгамдсан шаардлага болоод байна” гэв. Үүнээс гадна тус компани 2024 оны сүүлчээр 30 мВт хүчин чадалтай цахилгаан станцыг тус бүсэд барихаар төлөвлөжээ. Тус бүсэд хэрэгжих үйл ажиллагаа өргөжихийн хэрээр, үйлдвэрийн, уурхайн ажилчид болон тэдний ар гэр амьдрах, сурах бололцоо тэнд нэмэгдэнэ. Тиймээс одоо байгаа 35 кВт хүчин чадалтай эрчим хүчний шугамыг эхний ээлжид 110 кВт болгон нэмэгдүүлж энэ оны арваннэгдүгээр сарын 01 гэхэд бэлэн болгоно” гэв.
Цаашлаад шинэ станц баригдсаны дараа илүүдэл цахилгааны нөөц гарвал түүнийгээ эргүүлээд БНХАУ-руу экспортлох гарц байгааг танилцуулгын үеэр дурдлаа.
ЗӨВХӨН НҮҮРС ГАРГААД БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА СЭРГЭХГҮЙ
Хоёр улс хоорондын ачаа тээвэрлэлт эхэлж, экспорт импортын урсгал саадгүй болсон эхний өдөр боомтоор 220 чингэлэг нүүрс гарсан байна. Ойрын хугацаанд өдөрт 400-500 чингэлэг буюу 16 мянган тонн нүүрс экпортлох аж. Өнгөрсөн оны аравдугаар сард Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа зогссоноос хойш энд 10 сая тонн нүүрс хуримтлагджээ. Тиймээс хуримтлагдсан нүүрсийг богино хугацаанд гаргахаар төлөвлөж буйг Хилийн боомтын захиргааны Шивээхүрэн боомт хариуцсан төлөөлөгч Н.Амарзаяа хэлсэн юм.
Төлөвлөгдсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экпортлох боломж бүрдэнэ. Мөн тус боомтоор зөвхөн баяжуулсан, эрчим хүчний зориулалттай, коксжуулсан нүүрс гаргах бус импортын хүнс, цахилгаан бараа, тавилга, үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж оруулж ирэх боломж удахгүй нээгдэнэ гэдгийг боомтын захиргаанаас мэдээлсэн юм. Хэрэв тэгж чадвал Улаанбаатар хотоос алслагдсан бүс буюу Баянхонгор, Өмнөговь, Дундговь аймагт хямд зардлаар бараа очих нь олон давуу тал бий болгоно. Заавал хот орж байж өргөн хэрэглээний бараагаа татах нь алслагдсан аймгийн иргэдэд бас нэгэн асуудал болдгийг хэн бүгд мэднэ.
ЗАМЫН ЭВДРЭЛ ХЭЦҮҮДСЭНИЙГ ДУУ НЭГТЭЙГЭЭР УЛАМЖИЛЖЭЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ бүтээн байгуулалтын гол ажлуудаа улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх чухал шийдвэрийг гаргасан юм. Тэрбээр иргэдтэй уулзах үеэрээ Өмнөговь аймагт болон иргэдэд тулгамдаад буй зарим асуудлыг дэлгэрэнгүй сонсож, иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг газар дээр нь шийдвэрлэв. Үүний нэгт, Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай зам тавих асуудал 74.7 хувиар хамгийн эхэнд эрэмблэгджээ.
Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305.1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3.4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн удирдлагуудад даалгасан байна. Иймд уг асуудлыг шийдвэрлэсэнд тооцож болно гэж Ерөнхий сайд тайлбарлав.
Биднийг Өмнөговь аймаг руу явах замд Луус-Хулд сумын нутгаар дайрах автозамын эвдрэл үнэхээр хүндхэн нөхцөл байдалтай болсон байлаа. Үнэнийг хэлэхэд шороон замаар явахад хамаагүй өлзийтэй байсныг дурдах нь ч зөв хэрэг. Иргэдээс ирсэн дараагийн санал нь мөн л автозамын шинэчлэлийн ажлын талаар байлаа.
Тодруулбал, Даланзадгад-Гурвантэс сумын чиглэлд хатуу хучилттай зам тавих асуудал байв. Тус чиглэлд 160 км зам тавих шаардлагатай ба 80 км замын төсвийг 2023 оны улсын төсвөөс гаргахаар болж, үлдсэн 80 км замын төсвийг Өмнөговь аймаг өөрийн төсвөөр тавихаар боллоо. Түүнчлэн Даланзадгад хотод олон улсын нисэх онгоцны буудал байгуулах, Даланзадгад-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай замын ажил, ШУТИС-ийн салбар сургууль барих, Үйлдвэрлэл хөгжих дэд бүтэц, эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүхий үйлдвэрлэл технологийн парк байгуулах гэх зэрэг олон асуудал багтжээ. Цар тахлын улмаас нэлээдгүй хугацаанд гацсан ажлууд ар, араасаа ундарч буй энэ үед урт хугацааны бодлогоо амжилттай хэрэгжүүлэхэд чамгүй хичээл зүтгэл бас цаг хугацаа хэрэгтэй. Төр бүх ажлыг хийхээс гадна хувийн хэвшилд ч боломж олгох, биенээсээ ажил булаах бус хамтран ажиллах нь эцэстээ өндөр өгөөжтэй гэдгийг хаа, хаанаа ойлгожээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
ajnai nehe hudlaa ulaanbatar hulgai hij hergeui.
ajnai nimtaishira hudlaa nsilelte dabharlad terselehgu shuu.
yaduu baina jil bur aimagin tob omnogobi geel neeh muuhai yum yarihinma.
ajnai chi oorinho mongo omnogobi hot baigulaa.yun elsene tsild hot baiguldag zobi baijee.
chi yun omnogobi hot baigulah yaduu humuus odor hoolo mongo baihgui ARAI GEJ OLJINOO.CHI OORIHO MONGO OMNOGOBI HOT BAIGULAAA.
chi oorinho mongo baril daa .chi hubinha mongo omnogobi hot baigulachee