-Хоёр жилийн хугацаанд электрон тамхины импорт 1300 дахин нэмэгджээ-
Манай улсын тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд ихсээд байгаа билээ. Тэр дундаа янжуур тамхинаас илүүтэй электрон тамхины хэрэглээ нэмэгдсэн. Тодруулбал, 2020 оны байдлаар 2000 гаруй электрон тамхийг импортлосон байдаг. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар энэхүү тоо хоёр сая болтлоо өсжээ. Тиймээс энэ удаагийн сурвалжилгыг өнөөдөр тохиож буй Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан электрон тамхитай холбоотойгоор бэлтгэн хүргэж байна.
ЯНЖУУР ТАТСАНААС ЭЛЕКТРОН ТАМХИ ТАТСАН НЬ ДЭЭР ГЭВ
Гэрийн, сургуулийн болон ажлын ойр орчимд байрлах худалдааны төвүүдээр электрон тамхийг хаа хамаагүй худалдаалж байлаа. Чингэлтэй дүүрэгт байрлах Уран дэлгүүрт гэхэд л электрон тамхинаас гадна подыг амттай, амтгүй, төрөл бүрийн жимстэйгээр нь худалдаалж байсан юм. Үнийг нь асуухад ганц ширхэгтэй под 14-20 мянга, тамхи нь 25-40 мянган төгрөгийн үнэтэй байв. Тухайн дэлгүүрийн худалдагчийн хэлснээр электрон тамхи зарахдаа зайлшгүй насанд хүрсэн хүмүүст худалдаалдаг гэсэн юм. Ингэхдээ иргэний үнэмлэх шалгаж өгдөг байна.
Томоохон худалдааны төвүүд болон зарим сүлжээ дэлгүүрүүд электрон тамхи худалдаалахдаа иргэний үнэмлэхийг хардаг ажээ. Тухайлбал, CU сүлжээ дэлгүүр болон Vape Mongolia худалдааны төвүүд насанд хүрээгүй иргэнд электрон тамхиар үйлчилдэггүй аж. Гэвч сурвалжилга бэлдэж явахдаа арван жилийн дүрэмт хувцастай хүүхдүүд гудамжинд электрон тамхи татаж буйтай таарсан юм. Тэдний дүрэмт хувцасны захыг ажиглавал ахлах ангийн сурагчид байлаа. Гурван хүүхэд байсан бөгөөд тэдэнтэй багахан хором ярилцав. Ингэхдээ тэдний нэр болон сургуулийг олон нийтэд мэдээлэхгүй байхаар тохиролцсон юм.
Сурагч Б “Би 17 настай. Тамхи татах үед хувцаснаас болон үс, хуруунаас үнэр нь салдаггүй. Электрон тамхи их цэвэрхэн, бас зарим дэлгүүрүүд үнэмлэх шалгадаггүй учраас авахад амар. Хаана ч татаад явж болдог. Насанд хүрсэн хүмүүс хажууд суухдаа ч татаж л байдаг шүү дээ. Хор хөнөөл нь янжуур тамхинаас бага гэж боддог. Би электрон тамхи татсанаар тамхинаас гарч байгаа. Ямар ч зүйл хоёр талтай шүү дээ” гэлээ.
Мөн сурагч Н “Электрон тамхи энгийн тамхийг бодвол мөнгөнд хэмнэлттэй. Ахлах ангийн сурагчид тамхи татаж байгаа нь хүмүүст зохимжгүй санагддаг. Гэхдээ электрон тамхи татаж байвал тоодоггүй. Би электрон тамхи татаж байгаагаа зөвтгөхгүй ч гэлээ төгсөх ангийн биднээс илүүтэй дунд ангийн хүүхдүүдэд зарахгүй байгаасай гэж боддог” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.
Харин гуравдагч хүү болох сурагч Г бидний нэрийг битгий дурдаарай гэж аминчхан хэлсэн юм. Тэрбээр “Энгийн тамхины утаа үнэртсэнээс электрон тамхины утаа үнэртэж байгаа нь хамаагүй дээр байдаг. Би тамхи татдаггүй. Электрон тамхийг ч ялгаагүй. Гэхдээ найзуудтайгаа уулзах үед энгийн тамхины утаа үнэрлэх нь дам тамхидалтад өртөж буй явдал шүү дээ. Миний хувьд эргэн тойрны хүмүүс маань электрон тамхи татаж буй нь хамаагүй дээр санагддаг” гэлээ.
ЭЛЕКТРОН ТАМХИ ДУНДЖААР 17.5-130 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Сурагчидтай ярилцах үед багш нар нь заримдаа хичээлээ заагаад түр амарч байх үедээ ч электрон тамхи сордог талаар ярьж байлаа. Энэ бол ганц жишээ биш. Бусад салбарт ч үүнтэй ижил төсөөтэй дүр зураг ажиглагддаг. Тухайлбал, олон нийтийн үйл ажиллагаа тэр дундаа үзвэр үйлчилгээ үзэхдээ электрон тамхи татна. Хүнтэй уулзалт товлож, ярилцаж суух үед ч урдаас үлээдэг. Албан ёсны уулзалт, хэлэлцүүлгийн үеэр ч халааснаасаа гаргаж ирж, утаагаа үлээх нь нэг биш нэлээд олон удаагийн ажиглалтаар харж болох зүйл. Хаашаа л харна электрон тамхи хэрэглэж буй хүмүүсийг харахад манай улсад эл тамхийг импортлосон тоо хэмжээ нэмэгдсэн нь гарцаагүй.
Энэ талаар судлаад үзэхэд Монгол Улсад 2019-2020 онд нийт 2047 ширхэг электрон тамхийг БНХАУ-аас импортложээ. Харин 2021 онд урд хөршөөс нэг сая ширхэг, Камбож улсаас 1.6 сая ширхэг электрон тамхийг импортлосон байна. Нийт 11 гаруй тэрбум төгрөгийн электрон тамхийг өнгөрсөн онд импортлосон ажээ. Товчхондоо 2019 онтой харьцуулахад хоёр жилийн хугацаанд электрон тамхины импорт 1300 дахин нэмэгдсэн байна. Зах, худалдааны төвүүдээр худалдаалж буй электрон тамхи нь төрлөөсөө хамаараад янз бүрийн үнэ ханштай. Цэнэглэдэггүй электрон тамхи 17.500-33.500 төгрөг, цэнэглэдэг электрон тамхи 35-130 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин гурван ширхэгтэй подыг 35 мянга, хоёр ширхэгтэй подыг 24.500, нэг ширхэгтэй подыг 10-15 мянган төгрөгөөр борлуулж байв. Эдгээр үнэ нь дундаж гэхээс илүүтэй тогтсон ханш юм.
МАНАЙ УЛСАД 13-15 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН 14.3 ХУВЬ НЬ ЭЛЕКТРОН ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГ
Тэгвэл электрон тамхи хэрэглэгчдийн судалгаанаас харвал манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2 нь электрон тамхи татдаг ажээ. Үүнээс эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ. 13-15 насныхан гэдэг бол өсвөр насны хүүхдүүд юм. Зөвхөн манай улсад гэлтгүй дэлхий даяар электрон тамхи хэрэглэгчид залуужиж байна. АНУ-д 2017 оноос хойш электрон тамхи хэрэглэх ахлах ангийнхан 78 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Манай улсын хувьд хүүхдүүдэд электрон тамхийг үнэмлэхээ шалгуулахгүйгээр худалдан авах боломжтой газар нь цахим орчин байна. Улсын хэмжээнд 20-35 хүртэлх насны залуусын тамхины хэрэглээ бусад насныхныг бодвол илүү байгаа юм. 2019 онд хийсэн судалгаагаар 15-64 насны иргэдийн цахилгаан тамхины хэрэглээ 1.9 хувь байхад, 13-15 насныхны хэрэглээ 3.5 хувьтай байжээ. Гэтэл БНСУ-д 2020 онд хийсэн судалгааг харвал 19-өөс дээш насны иргэдийн тамхины хэрэглээ 3.2 хувь, 13-18 насныхны хэрэглээ 1.9 хувь байна.
Судалгааны үр дүн манайхаас эсрэгээрээ байна гэсэн үг. БНХАУ-д 2019 оны судалгааны дүнгээс үзэхэд дунд сургуулийн сурагчдын 2,7 хувь нь электрон тамхи хэрэглэж байжээ. Энэ мэтээр улс орон бүрд өсвөр насныхны дунд электрон тамхи хэрэглэх явдал түгээмэл болсныг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд нь хүүхэд, залуу үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал сул хандуулж байгаа явдал нөлөөтэй хэмээн үзэж байгаа ажээ.
ЭЛЕКТРОН ТАМХИНААС ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР АВДАГГҮЙ
Электрон тамхийг 2003 онд Хятад улсад бүтээжээ. Уламжлалт тамхинаас ялгаатай нь утаа биш уур сордог юм. Электрон тамхины дотор агуулагдах шингэн бодис уур хэлбэрт шилжсэнээр утаа гаргадаг ажээ. Үйлдвэрлэгчид электрон тамхи нь тамхи хаяхад зориулсан, эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага хэмээн сурталчилдаг. Гэвч бодит байдалд үнэхээр янжуур тамхинаас илүү хор хөнөөлтэй талаарх албан ёсны судалгаа байдаггүй ажээ. Учир нь дэлхий дахинаа электрон тамхитай холбоотой судалгаа бүрд тодорхой хэмжээний хортой эсвэл янжуураас дутахааргүй хортой, зарим нь янжуураас 90 хувиар бага хортой гэх мэт төрөл бүрийн үр дүнг гаргасан байдаг.
Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд электрон тамхийг хоргүй хэмээн үзэж болохгүй хэмээн тэмдэглэсэн байв. Түүгээр ч зогсохгүй янжуур болон электрон тамхи аль алинаас нь татгалзах хэрэгтэй хэмээн үзжээ. Тодруулбал, АНУ-д явуулсан судалгаагаар электрон тамхи хэрэглэгчдийн 70 хувь нь энгийн тамхи татдаг хэвээрээ байсан аж. Дэлхий дахинаа өнөөдрийн байдлаар БНСУ, БНЭУ, Сингапур, Мексик, Бразил, Норвеги, Панам тэргүүтэй 27 улсад электрон тамхийг хоригложээ. Мөн дэлхийн 184 улсад электрон тамхинд онцгой албан татвар ногдуулж байна. Харин манай улсад өнөөдрийн байдлаар онцгой албан татвар ч ногдуулдаггүй юм.
Нөгөө талаас электрон тамхины хуулийг хэлэлцсэн ч батлаагүй. Дэлхийн улс орнууд 2030 он хүртэл Тамхины утаагүй дэлхий болох хөдөлгөөн өрнүүлж байна. Англи улс тамхины татвараа хамгийн өндөр нэмэгдүүлж, улс орнуудыг уриалсан. Харин Дэлхийн зүрхний холбооноос өнгөрсөн оны аравдугаар сард улс орнуудад электрон тамхины эргэлтэд хатуу зохицуулалт хийх, маркетинг борлуулалтад хяналт тавихыг уриалсан байна. Манай улсын хувьд электрон тамхийг тамхины жагсаалтад оруулаагүй. Тиймээс ч сургуулийн орчинд худалдааны төвүүд электрон тамхийг худалдаалж байна. Нөгөөтэйгүүр өсвөр үеийнхэнд нөлөөлөгчдийг электрон тамхины сурталчилгаанд тоглуулж буй явдал ч тэднийг хэрэглэхэд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлсэн байж болзошгүй. Электрон тамхи хэрэглэх нас залуужсан ч эрх зүйн зохицуулалтыг одоог хүртэл шийдэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )