Хөл хорионы дараах хүүхдийн баяр хөл дүрэх зайгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Өнгө өнгөөр алагласан гүнжийн даашинз өмссөн бяцхан охид ээждээ хөтлүүлж, супер баатрын өмсгөлөөр гангарсан жаалууд аавдаа үүрүүлсээр Төв талбайг зүглэх зураглал энэ өдрийн гол үйл явдал мөн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын хорио цээрийн улмаас Хүүхдийн баяраар гадуур гарч чадалгүй гэртээ хоригдсон багачуудын нар нь гарсан байлаа. Ялангуяа зургаагаас доош насны багачуудад Сүхбаатарын талбай орж Хүүхдийн баяр тэмдэглэх нь цоо шинэ, огт үзээгүй зүйл мэт сонин байгаа нь илт харагдана. Энэ өдөр цар тахлыг ялан дийлсэн мэт хот даяар хөөр баяраар дүүрэн хүүхдийн инээд, шуугиан тасарсангүй. Өлгийтэй нь тэврүүлж, тэрэгтэй нь түрүүлж, хөлд орсон нь ээж, аавынхаа гараас мултрах шахам хөтлөн гүйлдсээр нэгэн өдрийг тэд тун чиг зугаатай өнгөрүүлжээ.


 

“МӨНХ ТУНХ”-ЫН БААТРУУДТАЙ ХҮҮХДИЙН БАЯР

 

 Энэ жил НЗДТГ-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Энх тунх-Мөнх тунх” нэрийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.  Хүүхэд багачуудын үзэх дуртай үндэсний бүтээл болох “Мөнх Тунх” хүүхэлдэйн киноны албан ёсны эрхийг худалдан авч энэ жилийн баярын бэлгэ тэмдэг болгожээ. Төв талбайд байршуулсан олон асар дундаас "Мөнх Тунх" хүүхэлдэйн баатруудын зурагтай ном, хувцас, хэрэгсэл худалдаалах асрыг зорих нь их байлаа.

Тэгэхээр яах ч аргагүй тус хүүхэлдэйн кино монгол хүүхдүүдийн хамгийн дуртай дэлгэцийн бүтээл болсон нь харагдана. Амттан дүүрэн ууттай бэлгээ тас тэвэрсэн, үлээдэг хөөсөөр наадах хүүхдүүдэд Төв талбайд байршуулсан аварга том хийлдэг гулсуур тун сонин байгаа нь тодорхой байв. Гулсуур дээр тоглох дараалал их байгаа болохоор тоглож амжихгүй нь гэж хэлсэн ээж аавдаа тунирхаж, цааш явахдаа дурамжхан байхтай нэлээд таарав. Хийлдэг гулсуурын хажууд цагдаа, эмнэлгийн ажилтнуудын асар байх аж. Хэв журмыг сахиулах цагдаагийн алба хаагчид баяр бүхнээр Төв талбайд эргүүлд гардаг. Харин энэ баяр цаанаасаа онцгой өдөр учир алба хаагчид тусгайлан танилцуулга хийж хүүхэд багачуудын баярыг аюулгүй, тохитой байлгахад анхаарч байгаа юм байна.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын II хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Н.Чимэгбал “Цагдаагийн ерөнхий газраас хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэл учрахаас сэргийлж энэхүү ажлыг хийж байгаа. Урьдчилан сэргийлэх зорилгоор бид хүүхдүүдэд бугуйвч зүүлгэж, зөвлөгөө мэдээлэл өгч байна. Тус бугуйвч дээр ээж, аавынх нь утасны дугаарыг бичиж тэмдэглэн хүүхдэд зүүлгэж байгаа. Одоогийн байдлаар нөхцөл байдал тайван байна. Хоёр хүүхэд төөрсөн байсныг тэр даруй олж эцэг эхэд нь хүлээлгэн өглөө. Нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага хамтарч ажиллаж байна. Манай байгууллага Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран яаралтай тусламж хэрэгтэй болсон хүмүүст үйлчилгээ үзүүлэхээр хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, наршсан, хоолны хордлого болсон гээд анхан шатны эрүүл мэндийн тусламж хэрэгтэй хүмүүст тусламж үзүүлж байна” гэлээ.

 

БАГА НАСНЫХАН ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН ХҮҮХДИЙН БАЯРЫГ САНАХГҮЙ БАЙНА

 

Есөн настай хүүхдүүд өнгөрсөн хугацаанд коронавируснээс болж хүүхдийн баяр тэмдэглээгүйг маш сайн мэдэж байлаа. Гэхдээ тэд цар тахлаас өмнөх үед Хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэж байсан талаараа санахгүй байв.

Эцэг эхчүүдийнх нь хэлж буйгаар “Өнгөрсөн хугацаанд гэрээс гарахгүй, найзуудтайгаа уулзах боломжгүй байсаар танихгүй хүнтэй ярих, өөрийгөө илэрхийлэх чадвар алга болсон байж магад” гэсэн хариулт ирж байсан нь нэгийг бодууллаа. Ерөнхийдөө сургуулийн насанд хүрч байгаа хүүхэд ч өмнө нь тэмдэглэсэн Хүүхдийн баяраа таг мартаж орхиж. Харин түүнээс бага насны хүүхдүүд хүүхдийн баярын талаар ямар ч урьдчилсан төсөөлөлгүй байх нь тодорхой болов.

Б.Энх-Учрал охин 10 настай. “Коронавирус гээд хөл хорихоос өмнө яаж хүүхдийн баяр тэмдэглэж байснаа сайн санахгүй байна. Тоглоомын төв орж тоглоод гэртээ бялуугаа хувааж иддэг байсан гэж аав, ээж хэлсэн. Өнгөрсөн жил гэртээ ширээ засаад гадуур гараагүй болохоор уйтгартай байсан. Би нэг дүүтэй. Дүү маань дөнгөж хоёр настай учраас Хүүхдийн баяр гэж мэдэхгүй. Би өмнө нь хөөсөн чихэр идэж үзээгүй. Анх удаа идэж үзсэн чинь их гоё амттай байна. Амандаа хийхээр шууд хайлаад гоё байсан. Хүүхдийн баярын хамгийн гоё зүйл нь тоглох л байдаг. Усан гулсуур дээр тоглох гэсэн зөндөө оочертой байна лээ. Найзууддаа баярын мэнд хүргэе” гээд цааш тоглохоор гүйлээ.

Манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос хойш тэмдэглэж ирсэн баримт үлдсэн байдаг. 1991 оны нэгдүгээр сарын 24-нд Улсын Бага Хурлаас баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн “Нийтээр амрах баярын өдөр” “Эх үрсийн өдөр зургаадугаар сарын 1” гэж анх хуульчилсан байна. Харин 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 онд “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэн, бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрүүлэх болжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавирусний халдварын улмаас олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, өргөн хүрээнд тэмдэглэхгүй өнгөрөөснийг хүүхдүүд бүгд санаж байна. Гэвч тэд өмнөх баярын өдрүүдээ мартжээ.

 

ПАРКИЙН ЗҮЛГЭН ДЭЭР ХҮҮХЭЛДЭЙ ҮЗЭЭД СУУСАН Ч ТЭДЭНД ГОЁ

 

Жилийн жилд Хүүхдийн баяраар хүн гишгэх зайгүй шахам болдог Сүхбаатарын талбайд багачуудад зориулсан урлагийн тоглолт толилуулах тайз засчээ. Хүүхдүүдийн сонсох дуртай, тэдэн дундаа “од” болсон бяцхан Энжи охин “Boom Boom” дуугаа дуулахаар гарч ирэхэд тэд инээд хөөр, алга ташилтаар дүүрэн угтаж авч байсан нь өхөөрдмөөр. Уламжлал ёсоор Сүхбаатарын талбайгаас гарсан бол Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу парк руу орох нь энэ өдрийн бичигдээгүй хууль юм.

Нийслэлийн төв цэгээс хүүхдийн парк хүртэлх явган хийгээд автомашины цуваа тасралтгүй үргэлжилсээр байна. Парк орж тоглоно гэхээс л догдолж хөөрч ядсан хүүхдүүдийн хөл нь газар хүрэхгүй дэгдсээр нэг л мэдэхэд арын хашаанд нь ороод ирнэ. Паркийн арын хашаанд төлбөртэйгөөр морь унуулах хүмүүс цуглажээ. Зүлэгтэй хэсэгт морь унаж үзэхээр дараалал үүсгэсэн хүүхэд чамгүй олон байлаа. Мэдээж хэрэг удаан хугацаанд баяр бүрийг гэртээ тэмдэглэсэн жаалууд хамгийн ганган хувцасаа өмсөөд дуртай амттангаа идэнгээ тоглоно гэдэг хамгийн жаргалтай өдөр нь болж буй мэт инээлдэж гүйлдсээр.

Тоглоомын тасалбар олгох цэгүүдийн дараалал дүүрч хэдэн эгнээ болсон ба тасалбарын үнэ нэмэгдээгүй нь сайшаалтай хэрэг байв. Галзуу хулгана дээр тогломоор байвч өндөр нь хүрэхгүй бага насныхан ээж, ааваасаа зүүгдэн, уурлахдаа уурлаж, уйлахдаа уйлж “Хурдхан шиг том болоод галзуу хулгана дээр сууна даа” гэсэн бодол тээсэн нь царайнаас нь илт байсан юм. Паркийн хиймэл зүлэгтэй хэсэгт Нархан театр хэмээх бэсрэг тайз бий. Тэнд хүүхдүүд “Бяцхан автобус Таёо” хүүхэлдэйг  театрын дэлгэцээр шимтэн үзэж байгаа харагдана. Угтаа бол тус хүүхэлдэйн кино телевизээр байнга гардаг. Гэхдээ олон хүн цугласан газар, үеийн найзуудтайгаа цугтаа зүлгэн дээр суугаад дуртай хүүхэлдэйгээ үзэх нь тэдэнд содон байдаг тодорхой байлаа. Байнга хийж дадсан зүйлээсээ арай өөр зүйл үзэж харж, турших нь тэдэнд бас л баяр хөөр болдог аж.

 

ХҮҮХДИЙГ ӨДӨР БҮР ХАМГААЛАХ ЁСТОЙГ ӨСВӨР НАСНЫ АХ ЭГЧ НАР НЬ САНУУЛАВ

 

 Бага насны хүүхдүүдээс гадна өсвөр насны ах эгч нар нь сүүлийн гэж хэлж болохуйц хүүхдийн баяраа тэмдэглэж найзуудтайгаа инээлдэн явж байлаа. Тэдний нэг болох Н.Нандин-Эрдэнэ 18 настай бөгөөд 12 дугаар ангийн сурагч юм. Тэрбээр, “Би саяхан 18 нас хүрсэн. Ууттай бэлэгний тооноос хасагдсан байхдаа гэж бодтол ээжийн ажлын газраас бэлэг ирсэн. Тэгэхэд нь зөндөө их баярласан. Гэхдээ дараа жилээс лав өгөхгүй байх. Харин эмээ маань намайг хэзээ ч мартахгүй хүүхэд гэж тооцсон хэвээр байх болов уу. Хүүхдийн баяр тэмдэглэж байгаа нь ч сүүлийн удаа байж магадгүй. Учир нь ирэх намраас оюутан болно шүү дээ. Хөл хорионоос өмнө Хүүхдийн баяраар дандаа л аав, ээжтэйгээ цуг гадуур гарч тоглоом дээр тоглож, кино үзэж өнгөрүүлж байсан.

Өнөөдөр зөвхөн Хүүхдийн баяр биш. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шүү дээ. Угтаа бол өдөр бүр хүүхдийн эрхийг хамгаалах ёстой. Гэхдээ ядаж өнөөдөр нэг ч хүүхэд битгий уйлаасай гэж хүсч байна. Аав, ээжүүд хүүхдээ том, жижиг гэлтгүй тэдний үгийг сонсож байгаасай” гэв. Томчуудаас илүү хүүхдээс яриа авах хамгийн амаргүй ажил байв. Энэ жил хэдэн бэлэг авсныг нь тэднээс сонирхвол “Их ээ, их” гэх нь тэр. Тэгээд хэр их юм? гэж лавшруулбал “Аймаар их” гэхээс өөр хариулт тэдний амнаас гарахгүй. Юу хийвэл хамгийн гоё талаар асуувал бас л “Мэдэхгүй ээ” хэмээн мөрөө хавчихаас өөр хариу үйлдэл үзүүлэхгүй нь тэдний хувьд баяр гэдэг ойлголт нь илэрхийлж боломгүй өргөн гэдгийг илтгэж байлаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top