Хожуу дэлгэрсэн соёл буюу "STREET FOOD"

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 05

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ оны эхэнд хотод үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж гудамжинд хоол хийх эрхийг нээлттэй болгох журмыг баталсан. Хэдийгээр хотын захирагчаас батламж, зөвшөөрлөө гардан авсан ч дүүргийн удирдлага, цагдаа нарт хөөгдөж явсаар саяхан үйл ажиллагаагаа жигдрүүлсэн гудамжны хоолны газруудыг сурвалжиллаа.


 "Street food" буюу гудамжны хоол гэх нэршил нь улс, орнуудын соёлын нэгээхэн хэсэг болсон байдаг. Тухайбал, манай урд хөршид гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид нь хэдэн үеэрээ буюу 100 гаруй жилийн уламжлалтай жороор дахин давтагдашгүй амттай хоол хийж борлуулдаг. Энэ нь жуулчдыг татах нэгэн чухал хүчин зүйл нь болдог аж. Харин манай оронд энэ төрлийн үйлчилгээ хожуу нэвтэрсэн бөгөөд Улаанбаатар хотод "Grab and Go" хэмээх нэртэй явуулын хоолны газар анх 2013 онд энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг.

 

“ХООЛОО ЗАРАХ ГЭХЭД СӨХ-НЫ АЖИЛЧИД ХҮРТЭЛ ХӨӨЖ БАЙСАН”

 

Улсын их дэлгүүрийн замын урд талд байрлах усан оргилуурын ойролцоо нийтийн эзэмшлийн талбайд нэгэн чиргүүл зогсож байхтай таарлаа. Чиргүүлтэй машины буланд “Hi Hodori” гэсэн хаяг наажээ. Хоол идэхээр зорьж очсон үйлчлүүлэгчид бургер захиалаад хүлээж байх зуур тус явуулын хоолны газрыг үүсгэн байгуулагч Г.Ганбаатараас үйл ажиллагааных нь талаар тодрууллаа.

Тэрбээр, “Манай явуулын хоолны цэг хоёр салбартай. Энэ зундаа багтаад таван салбартай болгох зорилго бий. Манайх  дөрөвдүгээр сарын 2-ноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх төв талбай дээр нэг чиргүүлтэйгээр эхэлж байсан бол одоо хоёр салбартай болжээ. Манай хоолны цэгийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байх үеэр жагсаал цуглаан болсон. Тийм болохоор талбайг чөлөөлөх шаардлага гарч Их дэлгүүрийн урд талын усан оргилуурын хажууд нүүж ирсэн. Тэр үед цагдаа гэхээс илүү ойролцоох орон сууцын СӨХ-ны ажилчид, хороон дарга гэх мэт хүмүүс ирж хөөдөг байлаа. Жишээлбэл, “Бушуухан наад чиргүүлээ аваад эндээс яваарай” гэх зэргээр хөөх нь энгийн үзэгдэл болчихсон байсан.

Түүнчлэн дүүргийн удирдлагууд нь “Юу аваад ирчих вэ, юу хийгээд байгаа юм” гэж байцаах нь их байлаа. Тэр бүрд нь бид стандартын шаардлага, эрүүл ахуйн дэглэмээ сайн сахисан гэдгээ тайлбарлаж байсан. Аюулгүй ажиллагааны дүрмээ сайн мөрдөж үйл ажиллагаа эхлэхэд бүх зүйл жигдэрсэн хэмээн тайлбарласан ч “Тийм юм байхгүй ээ” хэмээн хөөж  зогсоох ямар ч боломжгүй гэж мэдэгдсэн.

Д.Сумъяабазар даргын гаргасан захирамжаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд чөлөөтэй, нийтийн эзэмшлийн талбайд байсан ч болно гэдгийг хэлсэн ч “Тэр захирамж чинь бидэнд ирээгүй. Тэр чинь хамаагүй, дүүрэг бол тусдаа” гэсэн сонин хариулт өгсөн. Нэгэнт л хот даяараа мөрдөх ёстой захирамж гарчихсан байхад газар бүр өөр өөр шаардлага тавьж буй нь сонин.

Хотын дарга болно гэсэн  ч дүүргээс дахин зөвшөөрлийн бичиг ирж шахалт үзүүлэх гэх мэт олон зүйлийг тууллаа. Саяхан хотын дарга энэ чиглэлээр үйлчилгээ эрхлэгч иргэдтэй биечилж уулзсан. Гаргасан захирамжаа бидэнд жаазлаад өгсөн ч дүүргээс дахин утасдаж “Ирж бүртгүүл” гэсэн. Очоод бүртгүүлэхээр Мэргэжлийн хяналтын газар нь “Манайх ийм газруудыг бүртгэж авахгүй шдэ, тийм юм байхгүй” гэх зэрэг шалтаг хэлж байсаар өдийг хүрлээ. Тэгж явсаар саяхан хотын даргатай уулзсанаас хойш янз бүрийн асуудал цэгцэрлээ” гэв.

 

ХҮҮХЭД ЗАЛУУС ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙН ДЭМЖИЖ БАЙНА

 

Нийтийн эзэмшлийн талбайд хүнд саад болохгүй газар үйл ажиллагаагаа эрхэлж болно. Хамгийн гол нь хоол хийхдээ стандарт, эрүүл ахуйн тал дээр сайн анхаарахыг хотын захиргаанаас анхааруулсан байна. Хүмүүс үйлчлүүлэхдээ хэдэн салбартай, хэдэн төрлийн хоол гаргадаг зэргийг сонирхож асууж байлаа. Тус газрыг ажилуулж буй залуугийн хэлснээр энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч хоолны газруудыг нэг газар бөөгнүүлэх бус олон цэгт тараан байршуулах нь ашигтай, үр өгөөжтэй гэж байсан юм.

Жишээлбэл, Солонгос болон Америкт хаа сайгүй жижиг хэмжээний явуулын хоолны цэг байршсан байдаг. Тэр ч утгаараа хүнд ойрхон, хүртээмжтэй байдаг гэнэ. Анх нээхээс өмнө нэг их хүн үйлчлүүлэхгүй байх гэсэн битүүхэн айдастай байсан ч одоо бол тэр хүлээлтээс давсан борлуулалттай байгаа болохоор цаанаа л сэтгэл өег, өөдрөг ажлаа үргэлжлүүлж байх юм. Байршлаасаа болсон уу, эсвэл соёлын ялгаанаас болов уу энэ төрлийн үйлчилгээг ахлах ангийн сурагч, оюутан залуус сонирхох нь элбэг байдаг аж. Ойрхон хэд хэдэн ерөнхий боловсролын сургууль байрлах тул дүрэмт хувцастай өсвөр насны хүүхдүүд хичээлээ тараад энэ төрлийн хоолыг идэхээр зорин ирэх аж. Үнийн хувьд жирийн цайны газартай ижил үнэтэй байв. Түүнчлэн Их дэлгүүрийн урд талын усан оргилуур орчимд залуу хосууд болзох, цагийг өнгөрүүлдэг учраас байршлаа яг оносон байлаа.

 

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ХОЖИМДОЖ ХЭРЭГЖИВ

 

Олны нэрлэж заншсанаар Хүүхдийн 100-ын гудамжны эргэн тойрон дахь газрууд өдрийн цагаар нам жим байдаг. Энд "Street food-ZU" хэмээх нэртэй  гудамжны хоолны газар шинээр нээгджээ. Хашаан дотроо модон ширээ сандал зассан байх ба өдрийн цагаар тэрхүү ширээ сандал дээр хүмүүс чөлөөтэй сууж, амарч байв. 12.00 цагийн үед онгойгоогүй байсан тул ойролцоох хүнсний дэлгүүрээс тус газрын цагийн хуваарийг сураглалаа. Эндхийн гудамж талбай, үйлчилгээний газрууд орой, үдшийн цагаар амь орж хөл хөдөлгөөнтэй болж эхэлдэг тул 18.00 цагаас хойш тус хоолны газрууд ажиллаж эхэлдэг байна. Нэг ёсондоо цэнгээний газар суусан хүмүүс өлссөн үедээ  тус газраар зочилж төрөл бүрийн хоолноос амтлах боломжтой ажээ.

Хятад шөл, монгол хоол, европ хоол гээд олон сонголттой 11 чиргүүл нийлээд энэ хоолны газрыг бүрдүүлдэг байна. "Food Station UB" явуулын хоолны газрын үүсгэн байгуулагч О.Билгүүн өнгөрсөн дөрөвдүгээр сард олон удаа цагдаад хөөгдөж, үл ойлголцол үүссэний эцэст үйл ажиллагаагаа хэвийн авч үлдсэн талаараа цахим орчинд хуваалцаж, хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгч байсан юм.

Тус явуулын хоолны газар гурван салбартай бөгөөд биднийг сурвалжилахаар очих үед тодорхой шалтгааны улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосон байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар оны эхэнд 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй болсныг баталсан.

Мөн тэрбээр, “Улаанбаатар хотод чаддаг нь чаддаг юмаа хийгээд явах хэрэгтэй. Талх, хуушуур, бууз, банш байна уу, өөр ямар хоол үйлдвэрлэмээр байна бүгдийг нь соёлын үйлдвэрлэлээ дагуулаад хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Энэ нэг Мэргэжлийн хяналтын баахан стандартуудыг болиулах хэрэгтэй. Болохгүй, бүтэхгүй гэсний ард дандаа нэг шантааж явна. Хувийн хэвшлийн түншлэлээр юм хийх гэхээр дандаа сэтгэлийг нь мохоодог, гацаадаг, хүний урам зоригийг байхгүй болгодог. Хяналт нэрээр хөдөлмөрлөх, ур чадварыг сэргээж байгаа зүйлүүдийг бүгдийг нь байхгүй болгож байна. Ирэх оны нэг сараас ихэнх үйлчилгээг чөлөөтэй явуулна шүү. Мэргэжлийн хяналтын тусгай зөвшөөрөл олгох гэх зэрэг стандартуудыг болих хэрэгтэй” хэмээсэн байдаг.

Гэвч оны эхнээс тус журмыг мөрдөж эхэлнэ гэсэн ч үйлчилгээ эрхлэгч иргэд олон удаагийн шат дамжлага, хавчлага гадуурхал үзэж байж өнгөрөгч тавдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа жигдрүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чойжоо(124.158.68.58) 2022 оны 06 сарын 05

Шантаажилдаг хүүхнүүдэд 6 бууз үнэгүй өгөөд зохицуулчдаг байхгүй юун ичимхий юм.Цагдаа бүр хялбар ойлголцоно. Тэд чинь голдуу өлсгөлөн явдаг ахиухан порцтой цуйван бэлтгээд хүлээж байх хэрэгтэй Тэгээд нэг удаа нүүр хагараад танилцчихвал бусад нь ч ирж дарамтлахгүй инээмсэглээд толгой дохиод өнгөрдөг юм.Ингээд чи бүтэнөдөр,орой болтол тайван ажиллах болно.Сөх хороо огт падгүй тэд цагдаагаар хөөлгөнө гэнэ Өөрсдөө хүч хэрэглэх эрх байхгүй

0  |  0
Top