Говь нутгийн 25 хэмийн халуун. Шүхэр барьж эсвэл малгай өмсөхгүй бол наранд ч цохиулж мэдэхээр халуун хийгээд бөгчим өдөр байлаа. Говийн нутгийг анх удаа зорьж буй хүнд өөрийгөө хонин гүрвэл болох нуу гэх бодол ч төрөх шиг. Улаанбаатар хотоос Өмнөговийг зорих автобусанд сууж явахад гадна орчноос илүү машин дотор сэрүүхэн байв. Хүмүүс унтаж, ном уншиж, дуу сонсож, элдвийг ярилцана. Автобусны цонхоор үргэлжид уул, мод харж явдаг байсан миний хувьд энэ удаад тэдгээр зүйлсийг олж харна гэдэг бараг боломжгүй байв. Арга ядаад жижиг дэвтрээ гаргаж зураг зурж, тэгж ингэсгэсээр цагийг нөхцөөж, зорьсон газраа ирлээ.
ЮУ Л БАЙНА, ГАЗАР Л БАЙНА
Зорьсон газар маань Өмнөговийн төв Даланзадгад сум. Тус газар нь Улаанбаатар хотоос 580 км зайд оршдог тул жилдээ дор хаяж хоёр удаа баруун аймгийг зорьдог надад их л ойрхон газар мэт санагдсан юм. Далайн түвшнээс дээш 1470 метрийн өндөрт байрлах тус сууринг 1931 онд байгуулж байжээ.
Газарзүйн байрлалын хувьд говь цөлийн бүсэд хамаарах бөгөөд Алтайн нурууны үзүүр Говь гурван сайхан уул, Зүүн сайхан уулын бэл, Далангийн голд оршдог байна. Энэхүү суурьшлын бүсийг манай улсын дараагийн дагуул хот хэмээн үздэг. Учир нь Өмнөговь аймгийн хөрсөн дэх эрдэс түүхий эдийн баялгийг ашиглах, уул уурхайн төвлөрсөн төвүүд байдаг юм. Тиймээс ч аялал жуулчлал хөгжих өндөр боломжтой газар хэмээн үздэг байна. Даланзадгад сумын газарзүйн байршлын талаар бодсоор хотоор хэсэгтээ машинаар явсан юм. Өндөр барилгуудаас илүүтэй урт барилга, байгууламжууд харагдана. Нягтаршсан гэхээс илүүтэй тархан байршсан хашаанууд үзэгдэнэ. Юу л байна, газар л байна. Шинээр орон сууцууд барьж үзэгдэнэ. Энэ сууринг чиглэх хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотой биз.
Нөгөө талаас өндөр гэхээс илүүтэй уртаашаа барилга, байгууламжууд байгаа нь ихэд сонирхол татсан юм. Судлаад үзэхнээ газар хөдлөлтийн идэвхтэй бүс бололтой. Газар хөдлөлтийн эрчим нь дунджаар 9-10 балл байдаг ажээ. Ингээд бодвол өндөр барилга ховор байх нь ч аргагүй юм. Хотын төвөөр хэсэг газраар л модтой. Засмал зам нь ч зарим газраараа бүтэн холбогдсон. Түүгээр ч зогсохгүй том том байгууламжуудыг олноор барьж байсан нь ихэд сонирхол татсан юм.
МУЗЕЙД 11 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖЭЭ
Даланзадгад суманд шинэхэн барилгын нээлтийн үйл ажиллагаа болсон нь музейн барилгын нээлт байлаа. Эрт галавын үеийн амьтдын өлгий нутаг болох Өмнөговь аймагт урд хожид зориулалтын музей байгаагүй нь хачирхалтай. Гадаад болон дотоодын жуулчдын хамгийн ихээр очдог газар бол музей. Тиймээс яагаад ч юм бусад байгууламжуудын адил урт музей байх вий хэмээн бодож байлаа. Бодол маань эсрэгээрээ байсан нь сайн хэрэг. Шувууны үүр мэт хэлбэртэй, элсэнд уусаж харагдах өнгөтэй, гаднаас нь харсан ч загварлаг барилга нүдний өмнө байлаа. Музейн барилгын хэлбэр, хийц, өнгө зэрэг нь хэн ч харсан “Музей ийм барилгатай байдаг болов уу” гэх бодлыг төрүүлэхүйц. Орон нутагт бүү хэл нийслэл хотод ч музейн ийм барилга харна гэдэг мөрөөсөл. Нийт 3410 метр ам.дөрвөлжин талбайтай боловч орон зайг ашиглаж 4147 ам.дөрвөлжин талбайг зохистойгоор ашиглан барилгаа барьжээ. Зөөлөн бор өнгөөр барилгын гаднах өнгийг сонгосон нь говийн элстэй хоршихуйц сонголт байв. Байгалийн гэрэл тусах хэсгийг ч гурван давхар шилээр шиллэж, нарны тусгалыг бууруулах зориулалттай нь ажиглагдав. Ямар ч хүмүүс зорчиход асуудал үүсгэхгүй цөөн тоотой шат, тулгуур тогтолцооны бэрхшээлтэй хүмүүст зориулсан шатыг ч барьжээ. Энэхүү барилгыг Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилт болон улсын төсвийн 300 гаруй сая төгрөгөөр барьсан. Тодруулбал, өнгөрсөн сарын 18-ны өдөр тус музейн барилгын нээлтийг хийсэн юм.
Ийн гаднах байдлыг ажиглаж байхад хажууханд олон тооны сурагчид дүрэмт хувцастайгаа эгнэн жагссан байлаа. “Бид хэзээ орж үзэх юм бэ” хэмээн хоорондоо бувтнан ярих нь шинэ музейг ихэд сохиучирхаж буйн илрэл. Тэдний дунд зогсох нэг охинтой цөөн хором ярилцлаа. Түүнийг Э.Гантуяа гэнэ. Тэрбээр “Музей үзэхээр зогсож байна. Гэхдээ ангиараа орж үзэх учраас ээлжээ хүлээж байна аа. Музей үзэх их гоё. Энэ музей ч гоё болсон байх” хэмээн хэлсэн юм. Харин түүний хажууханд зогсох нэгэн эмэгтэйг Л.Энхтуяа гэдэг аж. Тэрбээр “Гаднах барилгаасаа ч их сайхан музей болжээ. Олон хүн ирж үйлчлүүлэх байх. Манай аймаг, суманд жуулчид их ирдэг учраас ач холбогдолтой барилга барьжээ” хэмээн өөрийн бодлоо илэрхийлсэн юм.
74 ЖИЛИЙН ДАРАА СТАНДАРТЫН МУЗЕЙТЭЙ БОЛЛОО
Өмнөговь аймгийн Байгаль, түүхийн музей нь 74 жилийн түүхтэй. Зориулалтын бус байгууламжид байрлаж байсан тус музейн барилгын түүх ихэд сонирхолтой юм билээ. Музейн үзмэрийг хадгалах стандартын барилгагүйгээр 74 жилийг өнгөрөөсөн байна. Өмнгөвь аймгийн музейг аймгийн Прокурорын байгууллагын нэг өрөөнд анх байгуулж байжээ.
Улмаар 1954 онд аймгийн анхны зочид буудлын барилгад нүүж орсон гэдэг. Дараа нь 1969 онд уг барилгыг хоёр давхар болгон томсгож, Орон нутгийн музей нэрээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсан байна. Олон жилийн турш ашигласан, хуучирсан барилга нь музейн үзмэрт сөргөөр нөлөөлдөг байсан аж. Тиймээс нийт үзмэрийнхээ 40 хүрэхгүй хувийг л олон нийтэд үзүүлдэг байжээ. Энэхүү музей нь жилд дунджаар гадаад, дотоодын 40 мянган иргэнд соёлын үйлчилгээ, сурталчилгааны ажлыг явуулдаг аж.
Говийн байгаль, түүхийн музейн захирал Ц.Отгонтуяа “Манай байгууллага өөрсдийн гэсэн стандартын барилга, байгууламжгүй олон жил үйл аижллагаагаа явуулсан. Орон нутгийн онцлогийг тусгасан, улсдаа жишиг болохуйц музейн барилгын үүдийг нээж буйд баяртай байна. Энэхүү музей нь барилгын ажлыг 2018 онд эхлүүлж 2020 онд дуусгасан” хэмээв. Улсдаа жишиг музей гэдэг нь ч үнэний ортой. Учир нь, Монгол Улсын зөвлөх архитектор Д.Балдан музейн төслийн ажлыг хийжээ. Тэрбээр палеонтологи, хоёр бөхт тэмээ, говийн байгаль, ашигт малтмал гэсэн зүйлсийг түлхүү үзүүлэхээр зорьсон байна. Музейг төлөвлөхдөө орчин үеийн футурустик хэв маягийн интерьерийн шийдлийг тухайн бүс нутгийн байгалийн тогтоцтой хослуулан шийдэхийг зорьжээ. Тодруулбал, Баянзаг болон Хэрмэн цавтай хослуулан шийдсэн аж.
ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙГЭЭР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛДЭГ БАЙНА
Барилга нийт дөрвөн давхартай. Ингэхдээ зоорийн давхраас буюу B1 давхраас эхэлдэг. Үүдээр нь ороход үлэмж том үлэг гүрвэлийн 10-12 метр өндөр хэлхээ яс угтана. Тодруулбал, Гурвантэс сумын нутаг, Бүгийн цаваас Монгол-Зөвлөлтийн хамтарсан палеонтологийн экспедицийг 1984 онд илрүүлсэн Хожуу цэрд, одоогоос 66-71 сая орчим жилийн өмнө амьдарч байсан аварга махан идэшт үлэг гүрвэл тарбозаврын бүтэн хэлхээ яс юм. Зоорийн давхарт олон тооны үзмэрүүд бий. Ингэхдээ үлэг гүрвэлийн олдворуудыг олноор байршуулсан байв.
Өмнөговь аймаг эрт галавын үеийн амьтдын өлгий нутаг. Палеонтологи, археологийн хосгүй үнэт олон дурсгалыг олсон газар. Махан идэшт үлэг гүрвэл велоцираптор, эвэрт үлэг гүрвэл протоцератопи, үлэг гүрвэлийн өндгүүд, 15 нялх зулзага гэх мэтээр эгнэн өрсөн байв. Мөн нэг хананд аймшигт гарт дейнохейрусын урд хоёр мөчийг хананд өлгөжээ. Уг үзмэр нь 1965 онд Гурвантэс сумын нутаг Алтайн уулсын өвөр бэл орчмын дээд Цэрдийн хурдас бүхий олдвор газраас Монгол-Польшийн хамтарсан палеонтологийн экспедицийн судлаачдын олсон үлэг гүрвэлийн үлэмж том урд мөчний олдвор юм.
ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цогтбаатар “2000 оноос хойших шинжлэх ухааны нээлтүүдийг баталсан олдворуудыг энд байрлуулсан. Тухайлбал, анх үлэг гүрвэлийг хүйтэн цустай, мөлхөгч амьтан гэж үздэг байсан бол Өмнөговь аймгийн Баянзагаас олдсон анхны өндөг үлэг гүрвэлийг халуун, бүлээн цустай хөгжлийн хувьд мөлхөгчтэй адил болхи биш хувьсал хөгжлийн хамгийн дээд хэмжээнд хүрсэн амьтан байсныг нотолсон хэд, хэдэн олдворыг энд байрлууллаа" гэв.
Музей 4000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай. Давхар болгон өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй. Нэг давхарт тус аймагт буй чулуулгийн одворууд, уран зургууд, баримлууд, хатгамал, уурхайн загвар байрласан бол хоёр давхарт эртний түүхийн танхим байрлажээ. Үүнд, чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн үзмэр, булшны олдвор, эртний улсуудын төрөл бүрийн чинжаал, хутга, аяга, хуяг гэх мэт үзмэрийг байрлуулсан байлаа. Эртний хиргисүүрийн хажууд ангиараа музейтэй танилцах хүүхдүүд багшийгаа багахан сандаргаж байгааг ч харав. “Багш аа, энэ юу юм бэ” хэмээн бага ангийн хүүхдүүд тал талаас нь ам уралдаж шалгаана. Багш нь ч сүүлдээ ганц хоёр сурагчдаа тайлбарлахаас хаширлав уу, “Эртний хүний булш гээд тайлбарлаад байна шүү дээ, чимээгүй сонсоорой” хэмээн дуугаа багахан өндөрлөж ярьж байв. Энэ мэтээр хүмүүс музейтэй нэг бүрчлэн танилцаж, хүүхдүүд ч дээд давхар руу илүүг үзэхээр алхана.
Дээд давхарт нь шашны тайлбар бүхий эд зүйлс, хуучны болон одоогийн Монгол ахуй, хэрэглээ, говь нутгийн тэмээний нүүдэл гэх мэт уламжлалт ахуйтай холбоотой үзмэрүүдийг байрлуулсан байв. Гэхдээ энэхүү барилгын хэд хэдэн зүйлсийг онцлох хэрэгтэй. Давхар болгонд том ухаалаг дэлгэцтэй. Энэхүү дэлгэцээр хүүхдүүд гэр угсрах, мэдлэг мэдээлэлтэй танилцах гэх мэт олон зориулалтаар ашиглах боломжтой ажээ. Мөн дунджаар 4-5 хүний багтаажтай цахилгаан шатаас гадна тулгуур тогтолцооны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шаттай, мөн давхар хооронд уламжлалт шат бус налуу зам байгаа нь хүний эрхийг дээдэлсэн, тэгш хүртээмжтэйгээр иргэдэд үйлчлэх музей болсныг харуулж байлаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )