“Халуун цай уугаарай, гадаа бага зэргийн салхитай байна шүү. Хүүхдээ дааруулчихав даа”, “Алив, одоо чи сандал дээр суугаарай” хэмээн бие биедээ санаа тавих эцэг эхчүүд. Сайн харвал тэд идэх хоол, уух цай, суух сандал, зузаан хувцас зэрэг шаардлагатай зүйлсээ үүргэвчинд хийн Төрийн ордны баруун хаалганы гадаа сууцгааж байлаа. Эдгээр хүмүүс ганцхан шалтгааны улмаас энд цуглажээ. Аав ээжийнхээ энгэрт тэврүүлж, өвөр дээр нь суух бяцхан хүүхдүүд өөрсдийн эрхийн төлөө гадаа сууж буй нь энэ юм. Тэдэнтэй хамт өдрийн турш Төрийн ордны гадна суулаа. Энэ сарын 8-наас 9-нд шилжих шөнө 20 ээж, дөрвөн хүүхдийн хамт ордны баруун хаалганы хажууд хоносон байна.
Тэдний төлөөлөл “Ордны гадна хоносон хүмүүсийн биеийн байдал сайн байгаа. Нэг хүүхэд таталт өгч, зарим ээжийн даралт ихэссэн ч түргэн тусламж шуурхай үзүүлсний үр дүнд гайгүй болсон” хэмээн ярив. Ерөнхий сайд гадаа хоносон эцэг эхчүүдийн төлөөлөлтэй Төрийн ордонд өчигдөр уулзсан юм. Ордонд уулзалт болж буй мөчид Төрийн ордны баруун хаалганы гадна хүүхдээ тэврэн ирэх эцэг эхчүүд нэмэгдсээр байв.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
Тэдгээр эцэг эхийн төлөөлөл бол С.Батчимэг: Төв аймгийн харьяат тэрбээр тулгуур тогтолцооны бэрхшээлтэй нэгдүгээр ангийн хүүтэй. Түүний хүү 20 гаруй хоногийн турш шарлалттай байсаар тархины усжилтаас үүсэлтэй саажилттай болсон байна. “Би хүүхдээ нийгмийн харилцаанд оруулахын тулд энгийн хэмээн нэрлэдэг хүүхдүүдтэй хамт сургадаг. Заримдаа өөрөө ч хичээлд нь хамт суух тохиолдол бий. Хүүг минь шарлалттай байх үед Төв аймгийн эмнэлэг шарлага хийсэн. Хүүгийн маань хөл нь хэлбэрээ алдаж, нүднийх нь хараа өөрчлөгдөж эхлэх үеэс л өрхийн эмнэлэгтээ хандсан. Хүү чинь долоон сар хүрэхээр хараа нь тогтоно хэмээн хэлээд л явуулдаг байлаа. Хөл нь хавагнаад эхлэхээр зүрхний эмгэгтэй байх магадлалтай гэж үзүүлэхэд шинжилгээний хариугаар асуудалгүй байв. Хоёр хөлнийх нь хэмжээ өөр байсан учраас түнхэнд нь санаа зовж үзүүлэхэд нялх, балчир учраас ийм байгаа юм гэх тайлбар л өгдөг байсан. Улаанбаатар хотод есөн сартайд нь авч ирээд л саажилттай болсныг нь мэдсэн дээ. Эмчийн зүгээс танай хүүхэд өсөлтийн хоцрогдолд оржээ гэх хариуг хэлсэн. Орон нутгийн эмч нар юу хийсэн болж таарах вэ. Эмч нарыг мэргэшүүлж, сайжруулах шаардлагатай байна” хэмээн өөрийн байр байдлаа учирлав.
Тэр бол манай улсад ийм асуудалтай нүүр тулсан ганц хүн биш. С.Отгонбаатарын хүү мөн л тулгуур тогтолцооны бэрхшээлтэй. Түүний хүү 14 настай ажээ. С.Отгонбаатар “Хүүг маань төрөх үед сувилагч нь санамсаргүйгээр толгойн тус хэсгийг нь хатуу гадаргууд цохисноос үүдэж тулгуур тогтолцооны бэрхшээлтэй болсон. Оюун ухаан, хэл яриа нь хэвийн боловч мөлхөж явдаг. Тулгуур тогтолцоог нь эмчлэхэд ашигладаг техник, тоног төхөөрөмж манай улсад байхгүй. Үүнийг шийдэх хэрэгтэй байна” хэмээн хэлсэн юм. Энэ мэтээр эрүүл мэндийн салбарын буруутай, хайхрамжгүй үйл ажиллагаанаас үүдэж оюун санаа болон бие махбодын бэрхшээлтэй болсон тохиолдол цөөнгүй байдаг ажээ. Тэр дундаа хүүхдийг нялх үед шарлалтыг нь бүрэн гүйцэд эмчилж чадаагүй тохиолдолд саажилттай болсон тохиолдол элбэг байдаг аж. Харамсалтай нь ямар шалтгаантайгаар хүүхдүүд олноор шарлаж, хүндэрч, саажилттай тохиолдол нэмэгдээд байгаа тал дээр судалгаа, мэдээлэл хангалтгүй байна.
ШААРДЛАГАТАЙ ЭМ ТАРИАГАА ДАМЫН ХУДАЛДААЧНААС АВДАГ БАЙЖЭЭ
Багануур дүүрэгт амьдардаг ч охиныхоо төлөө Сонсголонд байр түрээслэж амьдардаг иргэн Д.Дашжав өөрийн байр байдлын талаар ярилаа. Тэрбээр “Охин минь найман настай. Тархины саажилттай гэх оноштой. Монголын хаана ч үзүүлсэн найдваргүй гэх хариуг хэлдэг. Гаднын улс оронд боломжтой гэсэн. Манай улсад оношилгоо, эмчилгээ алга. Эмч нар нь хүртэл яагаад ямар ч найдваргүй хэмээн хэлдэг юм бэ. Тусгай хэрэгсэл, эм тариа, түрдэг тэрэг нь олдохгүй байна. Бид дамын худалдаачнаас л шаардлагатай эм тариаг олж авдаг байсан. Томоохон эмийн сангуудаар зарахгүй. Хувь хүн импортлож худалдаалаад байхад улсын эмийн сангууд худалдаалж чадахгүй байгаа нь ичгэвтэр хэрэг. Хамгийн хачирхалтай зүйл нь юу гээч.
Бидний найдвар байсан тэрхүү дамын худалдаачныг хууль бусаар эм зарсан хэмээн шийтгэл оноосон юм билээ. Одоо шаардлагатай эм тариагаа хаанаас олохоо мэдэхгүй байна” хэмээлээ. Мөн иргэн Ө.Банзрагч хүүхдэдээ зүүн эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Түүний хүүхэд одоо дөрвөн настай. Тэргэн дээр унтуулах хүүгийнхээ доор хонины элдсэн нэхий дэвссэн байлаа. Өдөржин хэвтдэг хүүхдийнхээ нурууг цоорохоос хамгаалж буй нь тэр ажээ. Тэрбээр “Манай хүүхэд хэд хэдэн төрлийн эм хэрэглэдэг. Булчингийн сулралд уудаг эмийг нь огтоос олоогүй. Эм олдохгүй, эмчилгээ байхгүй. Тийм хэцүү үед эмч нар хүртэл хүүхэд чинь найдваргүй учраас зөнд нь орхих хэрэгтэй хэмээн шууд хэлэх нь бий. Нэг хэсэг их сэтгэлээр унасан. Гэхдээ үр минь юм болохоор эдгээх юм сан хэмээн байдаг бүхий л арга чаргаа хэрэглэж байна” гэлээ.
ШААРДЛАГАТАЙ ЭМ ТАРИАГ НЭН ДАРУЙ ТАТАН АВАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Манай улсад 2021 оны байдлаар оюун санааны болон биеийн тогтолцооны бэрхшээлтэй 106.169 хүн байдаг гэх тоон судалгаа бий. Тэр дундаа хөдөлгөөний бэрхшээлтэй 21 мянга, сэтгэцийн бэрхшээлтэй 20 мянган иргэн байдаг ажээ. Эдгээр иргэний төлөөлөл болж Төрийн ордны гадна суух хүүхдүүдэд эцэг эхчүүд нь тариуртай шингэнээр хооллож байлаа. Ингэж хооллохгүй бол хүүхдүүд юу ч идэж чаддаггүй аж. Нийгмийн харилцаанд бүрэн оролцож чаддаггүй хүүхдүүдийн эмчилгээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, аймгийн эсвэл улсын эмнэлэг, заримдаа уламжлалт эмнэлэгт хэвтэх, сувилалд явах болон бариачаар бариулах зэргээс өөр ямар ч эмчилгээ байдаггүй юм байна. Улсын эмнэлгийн эмч нар нь хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нэрлэх эдгээр хүүхдүүдэд ямар ч найдвар байхгүй хэмээн хатуухан болоод шулуухан хэлдэгт эцэг эхчүүд их гомддог ажээ.
Эцэг эхчүүдтэй ийн ярилцан суух үеэр Төрийн ордонд Ерөнхий сайдтай уулзаж байсан эцэг эхчүүдийн төлөөлөл гарч ирсэн юм. Тэд нүүрэндээ мишээл тодруулсаар гарч ирж, тэднийг хүлээн суусан эцэг эхчүүд хариу хүлээн сандарсан харагдав. Засгийн газраас нэн түрүүнд шаардлагатай эм тариаг ойрын хугацаанд татан авчруулах асуудалд анхаарахаа мэдэгдсэн байна.
Бие болон оюуны бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж, гаднын өндөр хөгжилтэй орноос нарийн мэргэжлийн зөвлөх эмч, мэс заслын багийг энэ онд эх орондоо урьж ажиллуулах зэрэг асуудлыг судлах, эцэг, эхчүүдийн тавьсан санал хүсэлтийг багцлан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар зарим шийдвэрийг гаргахаар болжээ.
Шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн тохижилтод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах боломжийг бий болгох, үр дүнг танилцуулах, ЭХЭМҮТ-д тархины саажилт, тархины бусад төрлийн эмгэгтэй хүүхдэд зориулсан тасаг, өрөө ажиллуулахыг салбарын сайд нарт даалгасан байна. Ерөнхий сайдтай уулзсан эцэг эхчүүд дээрх мэдээллийг хэлсний дараа бие биендээ баяр хүргэх хүмүүс хүүхдээ үнсэж, зарим нь нүдэндээ нулимстай байлаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
ЭРҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БУСДЫН ЗОВЛОНГ ОЙЛГОХГҮЙ. МОНГОЛЫН ТӨР ЭНЭ АСУУДЛЫГ ОРХИГДУУЛСАН НЬ ИХ ЭМГЭНЭЛТЭЙ ЯВДАЛ ДАРУЙ МӨН. ЭРҮҮЛ САРУУЛ ХҮҮХЭДТЭЙ ХҮМҮҮС НИЙГЭМДЭЭ ХЭРЭГТЭЙ ИРГЭН ӨСГӨН БОЙЖУУЛАХ НЬ ТЭДНИЙ ҮҮРЭГ. ГЭВЧ ХҮҮХДҮҮДДЭЭ АНХААРАЛ ТАВИХГҮЙ БАЙХ ЯВДАЛ ИХ БАЙНА. ХАР ТАМХИНД ОРОХ, ЯНХАНЧЛАХЗЭРЭГ ЗҮЙЛ БАЙСААР БАЙГАА НЬ ЭЦЭГ ЭХИЙН ОЛГОЖ БУЙ ХҮМҮҮЖИЛ, ХАРИУЦЛАГА УХАМСАРТАЙШУУД ХОЛБООТОЙ. ИЙМЭЭС ӨВЧТЭЙ ХҮҮХЭДТЭЙ ХҮМҮҮСТЭЙ БАРЬЦАЛДАЖ , ГАДУУРХАЖ БАЙГАА ХҮМҮҮС БОДОЛЦОХ ХЭЖРЭГТЭЙ. . ИЙМХАТУУ ХАРГИС Ч ГЭЛТЭЙ ЭЦЭГ ЭХЭЭС ХАТУУ СЭТГЭЛТЭЙ, ХАРГИС ХҮҮХДҮҮД Л ТӨРНӨ, ХҮМҮҮЖИНЭ.
хүүхдийн төлөө фондын мөнгийг бусдад хүүхдэд зориулах хэрэгтэй дээ эрүүл хүүхэд чгэсэн бас төрийн тусламж авах ёстой биз дээ өвчтэй гэдгээр бүх юмыг далимдуулж хандаж болохгүй ер нь цаашдаа эрүүл хүүхэд төрүүлэх талаар төрөөс анхаарч судалгаа хиймээр байх юмаа хүүхдийн мөнгөний төлөө орцны жиүүр оюуны хомсдолтой хүмүүс их төрж байгаа гэдэг нь үнэн шүү эмнэлэг абортонд ор гэхээр зугатаад байна гэсэн биз дээ