Нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөвийн судалгааг танилцуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

"Монгол Улсын Нүүрсний давхаргын метан хийн нөөц баялаг" сэдэвт семинар өнөөдөр зохион байгуулагдаж байна. /2022.06.15/

Нүүрсний давхаргын метан хий нь   эрчим хүчний хамгийн чухал эх үүсвэр болох боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Түүнчлэн манай улсын хувьд Засгийн газрын Мөрийн хөтөлбөр болон Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртөө метан хийн нөөц баялаг,  ашиглалтын асуудлыг тусгаж өгсөн байдаг.

Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдэж буй. Тухайлбал, Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” буюу АМЕП-2 хөтөлбөр нь эрдэс баялагт суурилсан Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан сайжруулахаар ажиллаж буй юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газартай хамтран 2019-2021 онд нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр Австрали Улсын эрх зүйн орчны сайн туршлагыг танилцуулах, бодлого зохицуулалтыг сайжруулах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нүүрсний давхаргын метан хийн болон бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалтай холбоотой эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа”, “Монголын нүүрсний давхаргын метан хий - Татварын зохицуулалтын харьцуулсан үнэлгээ” зэрэг судалгааг хийж оролцогч талуудад танилцуулж байсан юм.

Ашигт малтмал, газрын тосны газар болон Үндэсний геологийн албатай хамтран 2021-2022 оны төслийн жилд “Нүүрсний давхаргын метан хийн геомэдээллийг сайжруулах нь” буюу НДМХ-н хэтийн төлөвийн судалгаа төсөлд техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-нд НДХМ-н хэтийн төлөвийн судалгааг хийхэд шаардлагатай чухал мэдээлэл юу вэ, яагаад чухал вэ, эдийн засаг, байгаль орчны бусад анхаарах зүйлс юу байх вэ зэрэг ойлголтоо нэгтгэх зорилготой семинар зохион байгуулж байсан. 

Тэгвэл энэ удаад НДМХ-ийн хэтийн төлөвийн судалгааг танилцуулах зорилготой “Монгол Улсын НДМХ-н нөөц” семинарыг зохион байгуулж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top