Гэр бүлтэй ихэнх эмэгтэйчүүд нөхөртэйгээ мөнгөний тухай ярихаас зайлсхийдэг. Дуугүй байснаар асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ. Тиймд сар бүрийн нэг өдрийг нөхөртэйгээ санхүүгийн асуудлаа хэлэлцэхэд зориул.
Түүнээс өмнө эзэгтэй та энэ бяцхан хуралд бэлтгэж гэр бүлийнхээ урьд нь гарсан, одоо гарах бүх зардал, хэнд, юу шаардлагатай болон түүнд хэдэн төгрөг зарцуулах хэрэгтэй байгаагаа тооцоолон гаргах хэрэгтэй. Явцын дунд гэнэтийн зарлага тухайлбал, цахилгаан барааны хямдрал зарласантай тааралдвал худалдан авалт хийж байгаагаа нөхөртөө эхлээд хэлсэн нь дээр. Энэ таныг үл ойлголцлоос аварна.
Худалдан авсан зүйлийнхээ жагсаалтыг бичдэггүй нь эзэгтэй нарыг үргэлж хэлэх үггүй болгож эвгүй байдалд оруулах шалтгаан болдог. Үүнийг нөхөртөө үзүүлэх гэж биш өөртөө зориулж хөтөл. Нөхөр тань таны авсан 00-н цаас, угаалгын нунтаг, хүүхдийн живх, хоол амтлагч, ногоо хэрчигч зэргийг олж харах ч үгүй. Эрчүүд "том" сэтгэж том зүйлийг л олж хардаг хүмүүс. Тиймээс өглөө үлдсэн мөнгө нь үзэгдэх юмгүй дууссан байхад эргэлзэнэ.
Түүнд зүгээр л авсан зүйлийнхээ жагсаалтыг үзүүлсэн нь дээр. Эрэгтэй хүмүүс барааны үнэ мэддэггүйн улмаас олсон мөнгө нь хаашаа алга болоод байгаад гайхаж хоцордог юм. Гол нь та бүгдийг бичих хэрэгтэй шүү.
Эмэгтэйчүүд найдвараа мөнгөнд "худалддаг"
Итгэл найдвар бол хэзээд хүний амьдрах сэтгэлийн тэнцвэрийг хадгалж байдаг зүйл. Гэтэл зарим эмэгтэйчүүд бүх найдвараа эргэж буцахгүйгээр мөнгөнд даатгаж орхидог. Би мөнгөтэй болохоороо цаашид суралцана, би мөнгөтэй болохоороо гэрлэнэ гэж охидууд боддог бол дунд насны эмэгтэйчүүд мөнгөтэй болохоороо эрүүл мэндээ анхаарна гэх зэргээр мөнгөнд хамаг найдвараа үлдээдэг.
Хэрвээ санасан бүхэн бүтэхгүй бол яах вэ. Санаагаар унана. Өөрийгөө азгүйд тооцож, би сул дорой нэгэн гэж өөртөө итгүүлдэг. Хүмүүс хорвоо дээр ирэхдээ ямар ч мөнгө өвөртөлж ирдэггүй бас тийн буцдаггүй.
Мөнгөтэй хайраар дэнчин тавьж тоглодог
Мөнгө, хайр хоёр хол зайтай байвал зүгээр. Эмэгтэйчүүд найз нөхдөдөө мөнгө зээлэх юм уу банк болон бусад өр зээлийн асуудалд баталгаа гаргаж өгөх нь элбэг. Хэрвээ энэ бүхэн бүтэлгүйтвэл тусалсан, туслуулсан хоёул хоосорно. Туслах гэдэг уг нь сайхан чанар. Гэвч найзынхаа үүрсэн хүнд ачааг өөртөө аван мөлхөх эсвэл хоёул ойчих гэсэн үг огт биш.
Түүнд тусламж хэрэгтэй байгаа бол өөрт байгаа мөнгөөр л тусал. Хайр, мөнгө хоёрыг ялгаж салгах нь чухал. Гэр бүлийнхээ хамаг бүхнээр дэнчин тавих хэрэггүй. Дэнчин тавиулж байгаа хүн танд хайртай эсэх нь эргэлзээтэй л хэрэг. Найз нөхдийн холбоог мөнгөөр хэмжих нь утгагүй шүү дээ.
Мөнгөний асуудлаа хэн нэгэнд даатгадаг
Гэр бүл салалтанд дээгүүр ордог шалтгаануудын нэг, мөнгө гэвэл та итгэх үү. Олон гэр бүлийн хувьд салсны дараа мөнгөний асуудал босч ирдэг ч энд чухал биш. Харин эмэгтэйчүүд энэ асуудлаа нөхөртөө даатгаж орхидог. Өөрийгөө мөнгөнөөс чөлөөлж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ улам хүлэгдэж байгаа хэрэг.
Чөлөөлөгдлөө гэж бодсон эмэгтэйчүүдэд нөхрөөсөө мөнгө гуйх нь амар санагддаг. Нөхрөөсөө мөнгө авах бүрт байр суурь чинь нэг шатаар доошилж байдаг гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Мөнгө гуйхын оронд түүнийг олох аргыг эрэлхийл.
Бардам зан гаргадаг
Эмэгтэйчүүд мөнгөтэй харьцах харилцаандаа олон алдаа гаргадгийн нэг нь бардам зандаа мөнгийг ашигладаг явдал. Энэ нь эцэстээ өөртөө дур гутахаас өөр юм өгөхгүй. Миний мэдэх бас нэгэн эмэгтэй 25 саяар авч болох орон сууцыг 30 саяар худалдан авч дээр нь хоёр сая шахуу төгрөгөөр засвар хийлгэсэн юм.
Учир нь тэр хамт ажилладаг байсан эмэгтэйтэйгээ уулзаж суухдаа байр худалдан авах тухайгаа ярьж, нөгөө эмэгтэй байраа зарахаа хэлсэнд "би авъя" гэж ам алджээ. Тэгээд л "авах чадалгүй байж..." гэж хэлнэ гээд гэрийнхнээсээ зөрөн байж наймаа хийсэн юм даа. Авсан орон сууцных нь эсрэг талд 25 саяын үнэтэй шинэ орон сууц сүндэрлэн байгааг тэр мэдсэн хэрнээ үгнээсээ буцаж чадаагүй. Тэгэхээр мөнгийг сэтгэл санааныхаа байдалд ашиглах нь хэтэрхий аюултай хэрэг.
Мөнгийг урамшуулал болгон хэрэглэдэг
Эмэгтэйчүүд баярлаж, талархсан сэтгэлээ мөнгөөр илэрхийлэх нь түгээмэл байдаг. Заримдаа энэ нь цаад хүндээ эвгүй сэтгэгдэл төрүүлэх нь ч бий. Ялангуяа мөнгийг хүүхдээ шагнаж урамшуулах хэрэгсэл болгодог нь сөрөг үр дагавартай юм. Ер нь хүмүүс мөнгөгүй болсон үедээ л түүнийг хамгийн үнэ цэнэтэй зүйлээ болгодог. Ийм байдалд орохгүйн тулд үргэлж зохих хувийг нь хадгал гэсэн зарчимтай байвал зүгээр.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )