Хатан хаан төрийн тэргүүний зарим үүргээ хунтайж Чарлзд шилжүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

 

Их Британийн хатан II Элизабет угсаа залгамжлагч хунтайж Чарлзд төрийн тэргүүний зарим үүргээ шилжүүлсэн тухай “The Sunday Times” мэдээлжээ.

Букингемийн ордноос нийтэлсэн хатан хааны албан ёсны эрх, үүргийн жагсаалтад сүүлийн 10 жилд анх удаа ихээхэн өөрчлөлт гарсан байна. Тус жагсаалтад ерөнхий сайдыг албан ёсоор томилох, парламентын чуулганы нээлтэд оролцох, төрийн айлчлах хийх, Их Британид айлчилж буй төр, засгийн тэргүүнийг хүлээн авах зэрэг 13 үүрэг заасан байдаг байна. Харин шинэчилсэн жагсаалтад хатан хааны үүргийг ерөнхийлөн тусгасныг тус хэвлэл онцолжээ.

Тавдугаар сард 73 настай хунтайж Чарлз парламентын чуулганы нээлтэд анх удаа хатан хааныг орлож, үг хэлсэн билээ. II Элизабет тус арга хэмжээнд сүүлийн 59 жилд анх удаа оролцоогүй юм. Хунтайж мөн хатан хааны энэ жилийн хуваарьт орсон хэд хэдэн арга хэмжээнд хатан хааны оронд оролцсон юм. Өнгөрсөн оны аравдугаар сард 96 настай хатан хаан сүүлийн найман жилд анх удаа эмнэлэгт хэвтэж, үзлэгт хамрагдсан байна. Үүнээс хойш эмч нарын зөвлөснөөр II Элизабет хэд хэдэн олон нийтийн арга хэмжээнээс татгалзаж, олны өмнө гарахдаа анх удаа таягтай гарч ирж байв. Энэ оны хоёрдугаар сард тэрбээр ковид туссан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top