Эдийн засагч Д.Жаргалсайхантай эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсөж байна. Манай улсад АИ-95, 98 шатахуун болон түлшний үнэ өслөө. Гэвч үнэ тогтворжуулах бодлогоор АИ-92 шатахууны үнийг энэ он дуустал хүчээр барина гэдгийг салбар яамнаас мэдээлсэн. Энэ нь цааш явсаар ямар сөрөг нөлөөлөл үзүүлэх вэ?
-Чөлөөт зах зээлийн эдийн засагтай үед барааны үнийг хүчээр барина гэдэг тийм ч амар зүйл биш. Үнийн хөөрөгдлийг багасгахын тулд олон орны Засгийн газар ийм арга хэмжээг авдаг. Гэхдээ энэ нь ямар хэмжээнд үр нөлөөгөө өгөх вэ гэдэг бол асуудал юм. Үнийн зөрүү ихэсэх тусам төр засгаас нэмэгдэл зардал гарна гэсэн үг. Тэр зардлыг Засгийн газар төлж чадахгүйд хүрвэл тухайн бүтээгдэхүүний нийлүүлэлт таг зогсох эрсдэл байдаг.
Мөн энэ арга хэмжээг авч буй үедээ аль болох Оросын компанитай холбогдож , шатахууны үнийг бууруулах ажлыг хамтран хийх нь зүйтэй болов уу. Дэлхий даяар өрнөж буй эдийн засгийн явц сайнгүй байна. Хятадын эдийн засгийн хөгжлийн өсөлт удааширч, Украины дайнаас болж дэлхийн ложистик тээвэр, бүтээгдэхүүний нийлүүлэлт удаан болж эхэлж байна. Тиймээс үнэ хязгаарлах бодлогоо хэрэгжүүлэхээс гадна Оростой хамтарч үнээ хямдруулах талаар ярилцах хэрэгтэй болоод байна.
-Ингэж явсаар ирэх жил болоход АИ-92 шатахууны үнэ огцом нэмэгдвэл ард түмний амьдрал ахуйд хүндхэн тусах байх даа?
-Бүх үнийн хязгаарлалт үр нөлөө авчирдаг. Удаан хугацаанд барьсан үнийг төр засаг дийлэхээ байгаад тавих цаг ирнэ. Тэр үед гэнэт олон бизнес зогсож, нийлүүлэлт тасалддаг. Чөлөөт зах зээлийн үнээрээ явах нь олон хүнийг урт хугацаагаар ажлаа төлөвлөхөд нөлөөлнө. Мөн шатахуун борлуулах олон компани хоорондоо өрсөлдөж бизнесийн зарчмаараа явбал үнэ ханшаа аль болох бууруулахыг оролддог.
-Дэлхий даяар тун томоохон эдийн засгийн хямрал удахгүй нүүрлэнэ гэдгийг судлаачид сануулж байна. Энэ шуурганд манай улс ч өртөнө. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг хөнгөхөн давахын тулд ард иргэдээс гадна манай Засгийн газар юунд анхаарч, яаж ажиллах ёстой юм бол?
-Эдийн засгийн ухаанд уналт, хямрал гэж хоёр тусдаа ойлголт бий. Эдийн засгийн уналт нь хоёр улирал дараалж хасах гарсан тохиолдолд үүсдэг нөхцөл байдал. Манай улс энэ оны эхний улирлын байдлаар хасах гарсан. Хоёрдугаар улирлын тайлан өнөө маргаашгүй гарах гэж байна. Нэгэнт л уналттай байгаа бол цаашлаад хямралд өртөх магадлал маш өндөр байдаг. Хэрэв хямрал нүүрлэж эхэлбэл улс орон эдийн засгийн ажиллагаагаа алдаж эхэлнэ. Мөн манай улсын гадаад өр нэмэгдсээр байна. Түүн дотор томоохон компаниудын өр нэмэгдсээр байгаа.
Түүнчлэн бондын өрийг төлж эхлэх боллоо. Иймээс арвилан хэмнэх, хийж буй зүйлдээ илүү үнэ цэнийг бүтээх хэрэгтэй. Ялангуяа экспортод гаргаж буй бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх шаардлагатай байна. Манай улсын экспортын орлогын ихэнх хувийг нүүрс, зэс бүрдүүлдэг. Гэвч одоогийн байдлаар экспортлох нүүрснийхээ талыг нь ч гаргаж чадаагүй байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж эхэллээ. Гэхдээ зэсийн үнийн уналт урт хугацаанд үргэлжлэхгүй байх. Цаашид зэсийн хэрэглээ улам нэмэгдэнэ. Тийм учраас үүнийг түр зуурын уналт гэж харж байна.
-Манай улс зэс, нүүрсээ экспортлоод тодорхой хэмжээний валют олно хэмээн төлөвлөсөн байгаа. Тэгэхээр одоогийн нөхцөл байдлаас харвал жилийн эцэс гэхэд төсөөлсөн хэмжээний ашгаа олж чадахгүй болов уу?
-Одоогийн байдлаар түүнийхээ хагаст ч хүрээгүй байна шүү дээ. Тиймээс энэ жилийн манай улсын ам.долларын орлого бага байна гэсэн үг. Мөн сүүлийн үед анх удаагаа төлбөрийн тэнцэл хасах гарсан. Энэ нь бид гаднаас илүү их бараа худалдан авч, бага зүйл гадагшаа экспортолсон гэсэн үг. Тиймээс үүнтэй холбогдуулан эдийн засгийн системээ эргэн нэг харж, юунд анхаарах вэ гэдгээ ярилцах цаг болсон байна. Монгол Улсын нийт эдийн засгийн 30 хэдэн хувь нь улсын төсөв болсон. Тэгэхээр манай оронд эдийн засгийн хамгийн том тоглогч нь төр болчихсон. Угтаа бол төрийн оролцоо харьцангуй бага буюу 17 орчим хувь байх ёстой.
Энэ нь бид цөөн хүнтэй ч том засагтай байгааг илтгэж байна. Төр юм бүтээдэг бус хуваарилдаг машин. Мөн манай орны нийт компаниудын 90 гаруй хувийг жижиг дунд үйлдвэрлэл бүрдүүлдэг. Гэсэн ч дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 13 хувийг бүрдүүлж байна. Бусад оронд бол жижиг дунд үйлдвэрлэл нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 70-90 хүртэлх хувийг бүрдүүлдэг. Улс орон хөгжинө гэдэг нь жижиг дунд үйлдвэрлэгчдийн хийж буй бүтээгдэхүүний чанар, ажилчдын чадвар өндөр байхаас хамаарна. Тэгэхийн тулд үнийг төр засгаас бариад байж болохгүй. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн газар цалин нэмэгддэг. Бүтээмж нэмэхийн тулд жижиг дунд үйлдвэрүүд хоорондоо өрсөлдөх хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл бодит байдал дээр зарим нь татвар төлөөд нөгөө хэсэг нь төлөхгүй байхаар яаж болох билээ.
-Шриланк улс деполт зарласан. ОУВС-ийн тэргүүн саяхан Азийн хэд хэдэн орон тус улсын араас орох магадлалтай байгааг мэдэгдлээ. Хэрэв бид хичээхгүй бол муугаар бодож энэ жагсаалтад орох эрсдэлтэй юү?
-Тус улс ардчилсан орон боловч нэг айл өрх олон жил засагласан болохоор ийм байдалд хүрлээ. Төр засагт нэг удахаар ийм байдалд хүрч байгаа юм. Засаглалд өөрчлөлт орж сайжрахгүй байгаа учраас удирдаж байгаа хүнийг тойрсон бүлэглэл хожиж ард түмэн нь ядуурч байна. Манай орон ч гэсэн ийм нөхцөл байдалд орохгүй гэсэн баталгаа үгүй. Нөгөө талаас Шриланка улсын гол валют олж байгаа арга нь аялал жуулчлал, хөлөг онгоцны транзит систем байсан. Хөлөг онгоцныхоо нэг боомтыг гадаад өрөө төлж барахгүй болмогцоо Хятадад түрээсэлчихсэн. Мөн өөрсдийн төлбөрийн чадамжаа нэмэхийн оронд нэмж зээл авсаар байгаад өрөнд орчихлоо. Монгол Улс тухайн орноос 2.5 дахин илүү гадаад өртэй байгаа. Ийм нөхцөл байдалд бид валют олж өрөө төлөх боломж нь газар доор байна. Тэгэхээр зэс, нүүрсний үнэ тогтворжоод түүнийгээ борлуулж чадвал манай улс өр төлбөрөө төлж чадах орон. Харин үүнд манай төр засгийн удирдлагууд хэтэрхий их найдаж байгаа.
-Манайх шиг газар доорх баялагаараа экспортын орлогоо бүрдүүлдэг, аж үйлдвэрлэл хөгжөөгүй орон эдийн засгийн хүнд нөхцөл байдалд ороод сэргэсэн тохиолдол байдаг уу?
-Монгол Улсад өнөөгийн байдлаар гадагшаа гаргаж валют болгох боломжтой ганц зүйл нь газрын доорх баялаг байна. Түүгээр олсон мөнгөөрөө эдийн засгаа солонгоруулна, бусад салбараа хөгжүүлнэ гэж ярьж буй. Бид засаглалаа сайжруулах, авилгалыг багасгах хэрэгтэй хэмээн ярьж байгаа ч ажил нь багадаж, яриа нь ихдэж байна.
-Өрийг өрөөр дарж болдоггүй гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ манай улс энэ байдлаасаа гарч чадахгүй байгаа нь нэлээд том эрсдэл үүсгэх байх?
- Мэдээж эрсдэлтэй. Энэ бүхний цаана зарим иргэд төр засгаас халамж нэхэж, ажилгүй суух боломж бий. Тэгэх тусам халамжийн мөнгийг нэмж өгсөөр байна. Үүний цаана засгийн буруу бодлогыг дэмжиж, дэврээж байгаа сонгогчид бий. Тэгэхээр манай улс ийм л популизмын тойрогт орчихоод байна. Ардчиллын хоёр талд эрх чөлөө, хариуцлага цугтаа байдаг.
-Манайх яагаад Азийн бар улсууд шиг хөгжиж чадахгүй байгаа юм бэ. Үүнд хамгийн их чөдөр тушаа болж байгаа зүйл нь юу юм бол?
-Тухайн орнуудад багахан газар нутаг асар олон хүн ам бий. Харин манайх бүгдийг нь нийлүүлснээс ч өргөн газар нутагт бага хүн амтай аж төрдөг. Тиймээс орон зайны эдийн засаг гэдэг онолоор зам тавья гэсэн ч баруун зүгт 1500 км хатуу хучилттай зам тавих хэрэг гарна. Гэсэн ч тэр замаар энгийн үед өдөрт 10 машин л явж байна. Тэгэхээр тийм их зардлаар үсрэнгүй хөгжилтэй орныг бүтээх амаргүй. Бид дор хаяж 5-10 сая хүн амтай болж байж тэдэн шиг хөгжих боломжтой. Одоо цагт заавал хүнд технологитой аж үйлдвэрлэл эрхэлж байж хөгжинө гэдэг ойлголт үгүй болсон. Хүн төрөлхтөн шинэ ертөнцөд амьдарч эхэлж байна.
Тиймээс бид боловсролын салбарт илүү хөрөнгө оруулж хүүхдүүдийн эзэмшиж буй боловсрол, хэлний мэдлэгт анхаарах хэрэгтэй. Бид юу ч үйлдвэрлэсэн Хятад, Оростой эн зэрэгцэж чадахгүй. Тэд чинь нэг төрлийн барааг тэрбум ширхгээр үйлдвэрлэж байгаа. Өшөө нэг зүйл нь гэвэл бид том газар нутагтай. Малын ашиг шимийг хүртэж, газар нутаг мал аж ахуйгаа цугт нь хөгжүүлэх боломж бий. Жишээлбэл, Шинэ Зеланд улс манайхаас цөөн хоньтой. Гэтэл тэдний зөвхөн хонины махнаас олсон орлого нь манай улсын зэс, нүүрс, алтаа зараад олсоноос их байна.
-Эдийн засгийн уналт, хямрал үргэлжлээд л байна. Манай улсын эдийн засаг эргээд сэргэх болов уу?
- Эдийн засаг байзнаж байгаад л багахан хямардаг зүй тогтолтой. Үйлдвэр, худалдаа, нийлүүлэлт энэ бүхний харилцаа гажсаар байгаад нэг газар хэт ашиггүй, ашигтай болно. Үүнийг зохицуулах арга хэмжээ нь таарахгүй явсаар байгаад их хямрал нүүрлэдэг. Хямралын үеийн нэг ашигтай тал нь боломж байдаг. Тэр үед юу болох, болохгүйг шийдсэн зохицуулалт буцаад сэргэдэг. Зохицуулалт буцаад сэргэхээр эдийн засагт өсөлт явагддаг. Тийм учраас үргэлж хямралгүй байна гэж үгүй.
-Дэлхий нийтэд эдийн засгийн хямрал үүсэх тусам томоохон улсууд нефть худалдан авахаа багасгадаг. Үүнийг дагаад цахилгаан машины борлуулалт нэмэгддэг гэдэг. Энэ жишиг манай улсад бодитой хэрэгжих үү?
-Байгалиа хамгаалахын тулд дэлхий нийтээрээ цахилгаан машиныг сонирхож байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй хэдэн жилийн дараа манай оронд цахилгаан машины хэрэглээ ноёлоно. Энэнээс монголд ашигтай тал гэвэл цахилгааны батарей, хийж буй бодис нь зэс, литиум, минерал байдаг явдал юм. Түүнийгээ борлуулах боломж цахилгаан машины үйлдвэрлэлтэй холбогдон өснө. Зэсийн чанарыг орлуулах өөр металл байдаггүй. Тийм учраас монголд зэсийн концентрацийг цэвэр зэс болгох үйл ажиллагааг дэмжвэл зэсийн баяжмал зарснаас хамаагүй үр дүнтэй. Яг энэ чиглэл рүү явах үйл ажиллагаа монголд хэдийн эхэлчихсэн.
-Эдийн засагч хүний хувьд монгол орны ирээдүйг яаж эерэгээр төсөөлж байна вэ?
-Зэс, нүүрсээ борлуулж орлого олдгоороо олно. Мөн дээр дурдсанчлан эдийн засгаа солонгоруулж, манай оронд хөгжих боломжтой аж үйлдвэрийн салбарыг дэмжих хэрэгтэй. Үүнд заавал хүн үйлдвэрлэл байх хэрэггүй гэж бодож байна. Харин огт байгаагүй шинэ салбарыг хөгжүүлэхэд оюун бодлоо зарах ёстой болсон. Өрсөлдөөнийг дэмжиж авлигыг багасгах шаардлагатай байна. Буруу зүйл хийсэн нь хариуцлагаа хүлээж, шүүх үнэн шударгаар ажилладаг байх нь мөн чухал. Ингэж чадвал монголчууд сайхан амьдрах хангалттай бололцоотой ард түмэн. Тэгэхээр хамгийн гол нь монгол хүн бүр хөдөлмөрлөж байж сайхан амьдарна гэдэг ойлголтыг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хөдөлмөрлөж олоогүй мөнгө хуй салхи шиг хамаг юмыг хумьж, үерийн ус шиг урсаад л явчихдаг. Өөрсдөө хөдөлмөрлөөгүй хахуулиар мөнгө олсон хүмүүсийг тийм л хувь заяа хүлээж байгаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
манай улс төрийн зохицуулалттай зах зээлээр явах нь зүйтэй. 20-25 жил.
Буруу аргаар олсон мөнгөөр сайхан амьдарна гэвэл эндүүрэл. Хулгай хар мөртэй гэдэг шиг өөрт нь биш юмаа гэхэд үр хүүхдэд нь муугаар нөлөөлдөг. Яагаад гэвэл аав, ээжийгээ харж ийм аргаар хялбархан мөнгө олдог юм байна гэж хүүхдүүд нь ойлгоод залхуу хойрго, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрэхгүй өсдөг. Мөнгө бол мөнх биш, ордог, гардаг, нөгөө мөнгөө зарцуулаад л дуусна. Хялбар олдсон мөнгө хэзээ ч тогтож байсан буян үгүй. Сугалаанд гэнэт баяжигсадын 95% нь 5 жилийн дотор дампуурдаг юм шүү дээ. Харин амьдралын хандлага, хөдөлмөрч зан, шударга байдал л хүүхдүүдийн ирээдүйг тодорхойлдог.
Iy unen ter unen bulgoo
Үнийн чөлөөт өсөлтөөс төгрөгийн ханш унаж бөгс арчдаг цаас боллоо...