Дэлхийд чиглэл өгч чадахгүйгээс хойш цалин, орлогодоо анхааръя

2022 оны 07 сарын 20

Дэлхийн зах зээл дээр өнгөрөгч хавраас хөллөсөн нефтийн үнийн өсөлт дотоодод шатахуун, түлшний үнэ огцом нэмэгдэхэд хүргэв. Одоогийн байдлаар АИ-95 шатахууны үнэ 4210 төгрөг, дизель түлш 4030 төгрөг болж өссөн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Энэ оныг дуустал бидний гол хэрэглээ болсон АИ-92 шатахууны үнэ нэмэгдэхгүй” гэдгийг мэдэгдэв. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Дэлхийн зах зээл дээр өндөр авч байгаа шатахуун түлшний үнийг зохицуулж байгаа мэтээр ярьж байгаа ч хэзээ мөдгүй огцом өсөлтийн өмнө хүчин мөхөсдөнө гэдгийг олон улсын өнөөгийн байдал тодорхой хэлж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 800-1000 төгрөгөөр нэмэгдэх бодитой нөхцөл үүссэнийг хэлэлцээ хийж, шийдвэрлэсэн” хэмээн мэдэгдэж байв. Үүнээс гадна МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ сарын 4-ний өдөр “АИ-92 шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх байсныг он дуустал барих чиглэл өгсөн” хэмээсэн.

Монголын нэг улс төрийн намын бүлгийн дарга хэчнээн чиглэл өглөө ч ОХУ-д, дэлхий нийтэд чиглэл өгч чадахгүй. Энэ мэтээр ихэс дээдэс маань шатахуун, түлшний үнийг хазаарлан барьж байгаа мэтээр ярьж байхаар алба хаагчдын цалин цаваг, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах цаг нь иржээ. Бид нэг л өдөр бодит үнэнтэй нүүр тулан уулзана. Дэлхий нийтийн бодит үнэн, үнийн өсөлтийг Засгийн газар, салбарын яамнаас тусгай хууль гаргаж, бодлогын хүрээнд зохицуулж байгаа болохоос бус олон улсад нөхцөл байдал өөр тийшээ нэгэнт эргэсэн. Тэгэхээр бодит байдлыг аваад үзье. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 101 ам.долларын ханштай байна. Өөрөөр хэлбэл нэг баррель нефтийн үнэ гэсэн үг. “Брент” төрөл нь монголчуудын 70 хувь нь хэрэглэдэг АИ-92 шатахууныг гаргаж авдаг нефтийн гол нэрийн бүтээгдэхүүн. Тэгвэл “Брент” төрлийн түүхий газрын тосны үнийг монгол төгрөгт шилжүүлэхээр 300 гаруй мянган төгрөг болно. Нэг “Брент” газрын тосноос 119 литр шатахуун гаргаж авдаг байна.

Харин бид АИ-92 шатахууныг 840 ам.доллараар ОХУ-ын “Роснефть” компани, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хоорондын гэрээ хэлцлийн хүрээнд худалдан авдаг гэхээр монгол төгрөгөөр 2.5 сая орчим төгрөг болно. Гэтэл бид дотооддоо АИ-92 шатахууныг литр тутамд 3400-3500 орчим төгрөгөөр худалдан авч байгаа. Үүнээс харахад бид дэлхийн зах зээл буюу “Роснефть”-ээс авч байгаа бодит үнийн дүнгээр шатахуунаа хэрэглэж байна. Магадгүй цаашид дотоодын зах зээлийн үнэ энэ хэвээр байвал дэлхийн зах зээл дээрх үнээс ч хямд үнээр АИ-92 шатахууныг хэрэглэж байна гэсэн үг. Энэ нь одоогийн байдлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохицуулж байгаа бодит ажил.

Уг нь газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр ердөө нэг жилийн өмнө баррель нь 56 ам.доллар байв. Үүнээс өмнөхөн буюу 2019, 2020 онд баррель нь 21-26 ам.долларт хэлбэлзэж байсан газрын тосны үнэ өдгөө тав дахин өсөөд байна. Сүүлийн хоёр жилийн статистикаас харахад 2019 онд АИ-92 шатахууныг 1840 төгрөгөөр, дизель түлшийг 2470 төгрөгөөр, АИ-95 автобензинийг 2240 төгрөгөөр хэрэглэж байсан бол өнгөрөгч 2021 онд АИ-92 автобензинийг 2050 төгрөгөөр, дизель түлшийг 2630 төгрөгөөр, АИ-95 автобензинийг 2550 төгрөгөөр тус тус хэрэглэж байв. Дэлхийн зах зээлийн үнэ ханш дотоодын статистиктай харьцуулан он цагаар нь хөөвөл бид харьцангуй хямд шатахуун, түлш хэрэглэж байжээ.

Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газраас өргөн барьсан “Үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний хууль”-ийг УИХ-аас батлан гаргасан.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хууль батлагдсанаар шатахуун импортлогч ААН-үүдэд шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, зээлийн хүүгийн татаасыг төр хариуцах, эргэлтийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж, бензиний үнийг Засгийн газар, Төв банктай нийлж, хямралт үед боломжтой хамгийн дээд хувилбараар барих эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж ойлгож болно” хэмээж байв.

Үүнээс гадна дотоодын шатахуун импортлогчдод төрөөс найр тавьж хөнгөлөлттэй зээл, татаас олгох замаар л шатахуун, түлшний үнийг зохицуулж ирсэн туршлага бий. Олон жил энэ замаар явж ирсэн. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байгааг Орос, Украины дайн, хилийн хориг, цар тахлын нөлөө гэх мэтээр тайлбарлаж байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо бид шатахуун түлшний үнэ зохицуулах гэж чиглэл өгч, байн байн мэдэгдэл хийгээд ч нэмэр болохгүй. Жамаараа өсөж байгаа шатахуун түлшний үнэ нэг л өдөр өснө. Өсөхдөө удтал дарсны горыг ч амсуулах байх. Тэгэхээр бид иргэдээ хэрхэн орлоготой болгох вэ гэдэг тал дээр анхаарах нь чухал болжээ.

Орлогогүй нэгнээ орлоготой болгох, орлоготой нэг нь орлогоо нэмэгдүүлэх, цалин цавагтай нэгнийхээ цалинг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, эртнээс төлөвлөгөө зурж байхгүй бол айсуй намар амьдрал уруудах нь тодорхой. “Наадмын маргааш намар” гэдэг. Хадлан тариа авахад тэр чигтээ дизель түлш зарцуулна. Улсын төсвийг бүрдүүлж буй уул уухайд дизель түлш хэрэглэнэ гэхээр бидний гол хэрэглэгдэхүүн болох дизель түлш өндөр үнэтэй болж байгааг харж байна. Өндөр үнээр хураасан тариа ногооны үнэ ямар байх билээ. Өндөр зардлаар олборлосон уул уурхайн бүтээгдэхүүнээ хаашаа хэдэн төгрөгөөр борлуулах билээ гээд олон асуудал тосон уулзана.

 

Иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, алба хаагчдынхаа цалинг нэмж чадахгүйдээ ийнхүү шатахуун, түлшний үнэтэй зууралдаж өдөр хоног өнгөрөөж байна гэж бодохгүй байна. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өсөхөөр иргэдийнхээ орлого, цалин цавагт анхаарах бус “Роснефть”-тэй хэлэлцээрт орж, улмаар шатахуун импортлогч нарт найр тавьдаг жишиг тогтоод асар удлаа. Энэ нь шатахуун хэрэглэгчдэд сайн хэрэг ч алс хэтдээ нэгэнт нүүр тулах л зүйл.

Үнэн хэрэгтээ ОХУ-ын “Роснефть” компанид манай нэг жилийн нэг сая гаруй тонн шатахуун, түлшний хэрэглээ дааж давшгүй зүйл биш учраас ихэс дээдэс маань гаднын компанитай тохиролцоонд орж, импортлогчдод найр тавьдаг ч байж болох юм. Одоо бол цаг зуурын үнийн савлагаа биш. Олон нөхцөл, шалтгаантайгаар дэлхий даяар бодит үнийн өсөлт бий болчихлоо. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрт орж, найр тавих ямар ч боломжгүй цаг үе тосож ирсэн гэдгийг ойлгох цаг иржээ.

Шатахуун түлшний үнэ нэмэхтэй дөрөө харшуулан нэг килограмм төмсний үнэ 4000 төгрөгт хүрч байна. Бас нэг сонин статистик харъя. Өнгөрөгч 2021 оны мөн үед төмс нэг килограмм нь 1400-2000 төгрөгт хэлбэлзэж байжээ. Гэтэл өчигдрийн байдлаар нэг килограмм төмс 4000 төгрөг болон огцом өсөв. Дээр дурдсан шатахуун, түлшний өсөлттэй жишиж харахад харьцангуй дүн гарч байна. Цаашид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд бодит гэхээсээ илүүтэй зохиомол хөөрөгдөл бий болох нь тодорхой. Гараанаасаа ч гарчихлаа. Угтаа бол Шатахуун түгээх станцад шатахууны үнэ нэмж байхад хаяа дэрлэн орших худалдааны төвд зэрэгцээд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх шаардлага байхгүй. Зах зээлийн жамаараа өсөж таарна. Энэ мэтийг зохицуулж хянаж байх ёстой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чимээгүй л сууна. Дахин хэлэхэд бодит үнэнтэй нүүр тулна шүү.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top