Өвөрхангай аймгийн Засаг дарга Дундговь аймгийн Засаг даргатай санамж бичиг байгууллаа.
Энэ жил Өвөрхангай аймгийн хэмжээнд зуншлага оройтож, нийт нутгийн 50 гаруй хувь нь гандуу байсны зэрэгцээ намар эрт хүйтэрсэн. Иймд мал аж ахуйн салбар дахь өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байна.
Одоогоор тус аймгийн 10 гаруй сумын 700-аад малчин өрх 400 мянга орчим малтайгаар бусад аймгуудад отор нүүдэл хийх төлөвтэй байна.
Дээрх нөхцөл байдалтай уялдуулан Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж өчигдөр /2022.09.21/ Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай биечлэн уулзаж, тус аймгийн нутаг дэвсгэрт Өвөрхангай аймгаас оторлож очих малчдыг бүх боломжоороо дэмжин ажиллах хүсэлтийг тавилаа.
Дундговь аймгийн удирдлагаас хүсэлтийг хүлээн авч, отроор яваа малчдад төрийн үйлчилгээг хүргэх, өвөлжөө, хаваржаа, уст цэгээр хангах талаар анхаарч ажиллахаа илэрхийлэн, хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )