Есдүгээр сарын 10-нд Номхон далайн зүүн өмнөд хэсэгт усан доорх галт уул дэлбэрсний улмаас 171 арлаас бүрддэг Тонга улсын төв арлууд орчим нэгэн жижиг арал “мэндэлжээ”.
НАСА агентлагийн мэдээлснээр, галт уул дэлбэрч эхэлснээс хойш 11 цагийн дараа шинэ арал усны гадаргуу дээр гарч ирснийг тус агентлагийн хиймэл дагуул тэр даруйд гэрэл зурагт буулгажээ.
Жижиг арлын хэмжээ маш хурдан нэмэгдэж, есдүгээр сарын 14-ны байдлаар дөрвөн мянган кв.метрт хүрсэн байна. Харин есдүгээр сарын 20-ны байдлаар, арлын хэмжээ 24 мянган кв метрт хүрч, томорсон тухай НАСА агентлаг онцолжээ. Галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн арал удаан “амьдардаггүй” ч зарим нь хэдэн арван жил оршин тогтнох нь ч бас бий гэж тус агентлаг тодруулжээ.
Усан доорх “Home Reef” галт уулын идэвхжил буурсан хэдий ч эрх баригчид галт уулын бүсээс дөрвөн км зай барихыг хөлөг онгоцнуудад анхааруулжээ.