Британийн геологичид усан доорх галт уулын дэлбэрэлтийн хүчийг анх удаа хэмжжээ. Байгалийн энэ үзэгдэл хэдэн тераватт эрчим хүч ялгаруулж, далайд их хэмжээний халуун шингэн зүйл цацдаг байна.
“Nature Communications” сэтгүүлд мэдээлснээр, манай гарагийн ихэнх галт уул хуурай газар дээр бус усан доор далай дундын нурууд болон тектоник хавтангууд мөргөлддөг арлын нум орчим байрладаг байна. Тэдгээр галт уулын дэлбэрэлт Дэлхийн далайн гүний экосистемийг олон төрлийн бичил элемент, хийгээр баяжуулж, үйл ажиллагаанд нь амин чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
Харин усан доорх галт уулын дэлбэрэлтийг судлах төхөөрөмж, боломж байдаггүй тул энэхүү үзэгдэл маш бага судлагджээ. Британийн эрдэмтэд энэ төрлийн анхны судалгааг хийсэн байна. Тэд АНУ-ын баруун эрэг орчим байрлах усан доорх галт уулыг ажиглажээ. Номхон далайн ёроолын хэсэг болох Усан доорх Хуан дэ Фука нурууд нь эртний тектоник хавтангийн нэгэн хэлтэрхий ба эл хавтан өдгөө Хойд Америкийн доогуур шурган орж байгаа гэнэ. Үүний улмаас газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт ойр ойрхон бүртгэгддэг байна.
Судалгаанаас үзвэл, усан доорх галт уул дэлбэрэх үед 1-2 тераватт эрчим хүч ялгардаг ба энэ нь АНУ болон бусад тэргүүлэгч аж үйлдвэрийн орнуудын эрчим хүчний жилийн хэрэглээтэй дүйцэхүйц гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )