Газрын хилэн: Галт уул дэлхий дээрх амьдралыг устаж чадах уу!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 21

Одоогоос 75 мянган жилийн өмнө Инпонезийн Суматра аралд Тоба галт уул дэлбэрчээ. Зарим антропологичдын үздэгээр, агаарт сая сая тонн үнс нурам цацагдсаны улмаас манай гарагийн ихэнх хэсэгт галт уулын өвөл болж, хүн төрөлхтөн мөхлийн ирмэгт тулж очиход хүргэж байжээ. Тухайн үед дэлхийн хүн ам 10 мянга болтлоо цөөрсөн байна. Хэдийгээр бүх эрдэмтэд үйл явдал ийм сүйрлээр өрнөсөн гэдэгтэй санал нийлдэггүй ч бүгд нэг зүйлд эргэлздэггүй. Галт уулаас ирэх аюул үнэхээр туйлын ноцтой гэдэгт итгэлтэй байдаг. 

Чулуу хайлах үед
Галт уул гэхээр бидний ихэнх нь үзэсгэлэнт Эльбрус, Японы Фүжи эсвэл 2010 онд нэрээсээ болж багагүй шуугиан тарьж байсан Исландын Эйяфяллаёкуль уулыг төсөөлдөг. Гэхдээ шинжлэх ухааны нэр, томьёо нь тийм ч романтик биш. Эрдэмтэд магма хайлсан чулуу дэлхийн гадаргууд хүрэх газрыг галт уул хэмээн тодорхойлдог. Энгийн үгээр тайлбарлахад галт уул болгон уул бас биш аж. Тухайлбал, Исланд, Мексик, Шинэ Зеландад хагарлын гэгддэг галт уулс бий. Зарим тохиолдолд эдгээр ан цав хэдэн арван км үргэлжилдэг байна. Зарим галт уулын орчин цагийн төлөв байдал нь тогоонд тогтсон нуураар илрэх нь ч бас бий. 

Эрдэмтэд юуг галт уул гэх тал дээр тодорхой хэмжээнд санал нэгдэж чадсан бол ямар галт уулыг идэвхтэй ямар нь идэвхгүй гэдэг асуулт маргаан дэгдээсэн хэвээр байна. Анхандаа түүхэн цаг хугацаанд ядаж нэг удаа дэлбэрч байсан галт уулсыг идэвхтэйд тооцдог байжээ. Гэвч энэ тодорхойлолт өөгүй биш байв. Учир нь зарим бүс нутагт хүмүүс эрт дээр үеэс амьдарч эхэлсэн бол харьцангуй саяхнаас хүн суурьшсан газрууд бий. Эцэст нь цаг хугацааны жишиг давтамжийг сонгосон нь 10 мянган жил. Смитсоны хүрээлэнгийн Дэлхийн галт уул судлалын хөтөлбөрийн /Global Volcanism Program/ мэдээллийн санд энэ хугацаанд нийт 1328 галт уул дэлбэрсэн гэх мэдээлэл бий. Асуултын хариулт олдсон гэлтэй. Гэвч нэг “но” бий.

Галт уул судлаач Павел Плечовын ярьснаар, олон мянган жилийн турш 15 минут тутам дэлбэрдэг галт уул байдаг ба эдгээрийн хувьд нэг зуун завсарлахад сөнөсөн гэж тооцогдох талтай. Йеллоустоун зэрэг галт уулын “амралт” олон зуун мянган жил үргэлжилдэг ч идэвхтэйд тооцдог. 

Харин сүүлийн жилүүдэд мэргэжилтнүүд аль нэг галт уулыг идэвхтэй эсэхийг нь тодорхойлохдоо тухайн галт уулын бүхий л онцлог шинж чанарыг нь харгалзан үзэх ёстой гэдэг дээр санал нийлэх болжээ. Зарим эрдэмтэд дэлбэрэлтийг нь хүмүүс гэрчилсэн галт уулсыг идэвхтэй гэж тодорхойлохыг санал болгодог байна. Мэдээж хэрэг энэ статистикт зөвхөн газар дээрх болон усны мандал дээр гарч ирсэн галт уулс л орно. Харин далайн ёроолд буй “галаар тургих” уулсын идэвхжил хүний нүднээс далд байдаг тул тэдгээрийн тоо ч ойролцоогоор 3500-аар хязгаарлагддаг. 

Галт уулын дэлбэрэх шалтгааныг эрт дээр үеэс л олохыг хүсдэг байж. Аристотель, Посидоний, Лукреций зэрэг байгалийн энэхүү үзэгдлийг судалж байсан олон эрдэмтдийн бүтээлүүд хадгалагдан үлджээ. 

Цагтай тэсрэх бөмбөг 

ВВС компанийн уран бүтээлчид Йеллоустоун галт уулын тухай баримтат киноны зураг авалтын үеэр анх бодож олсон “Супер галт уул” гэсэн үгийг сонсоод ихэнх эрдэмтэд гүнзгий амьсгал авч, санаа алддаг. Шинжлэх ухаанд нарийн тодорхойлолт одоогоор байдаггүй байна. Тэгэхээр ямар галт уул нь супер, ямар нь супер биш гэдэг нь тийм ч ойлгомжтой бус. Поп урлагаас шинжлэх ухаанд өөрийн гэсэн нэр томьёогоо нэвтрүүлэх гэсэн оролдлого тэр бүр хэрэггүй ч бас байдаггүй гэж ёжлох мэргэжилтнүүд байдаг. Ямартаа  ч нэг дэлбэрэлтээрээ мянга гаруй куб км халуун хайлмаг, нурам цацах чадвартай галт уулсыг супер галт уул гэж нэрлэдэг уламжлал аажим тогтсоор байна. 

Манай гараг дээр ийм хэмжээний гамшиг тохиож байсан олон арван газар бий. Үүнийг асар том хотгорууд гэрчилнэ. 

Ирээдүйд ямар ч хүчтэй дэлбэрэлт болж байсан дэлхий дээрх амьдрал бүрэн устахгүй гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Өнгөрсөн үед манай гараг шархаа харьцангуй хурдан илааршуулж байснаас гадна хэсэг бүлэг амьтад устан үгүй болоход шинэ төрөл зүйлийн амьтан буй болсоор ирсэн. Харин хүн төрөлхтөн амьд үлдэж чадах эсэх нь өөр асуудал. 

Галт уул дэлбэрэхээс урьдчилан сэргийлэх эсвэл хүчийг нь сааруулах аргыг эрдэмтэд бодож олоогүй л байна. Тиймээс ажиглалт, хяналтад найдаж, болзошгүй гамшгийн талаар анхааруулж, ард иргэдийг цаг тухайд нь аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй. Азаар сүүлийн жилүүдэд галт уулын дэлбэрэлтийг таамаглах найдвартай аргууд гарсаар байна. Халуун магма гүнээс газрын гадаргуу руу дээшилж эхлэхэд газрын цардас хагарч эхэлдэг. Газрын ийм сул чичирхийллийг хүн мэдрэхгүй байж болох ч харин тоног төхөөрөмж андахгүй бүртгэж авдаг. Хэд хэдэн тоног төхөөрөмж байрлуулснаар, магмын урсгал хэр дээшилж, хэр гүнд байгааг мэдэж болно. 

Мөн газар сагаж, халуун хий гарч эхлэх нь галт уул удахгүй дэлбэрэхийн найдвартай дохио. Хуучин цагт галт уул судлаачид тоног төхөөрөөмжтэйгөө өөрсдөө явж, мэдээлэл цуглуулдаг байсан бол өдгөө хиймэл дагуулууд ийм үүргийг гүйцэтгэх болжээ. Зарим хиймэл дагуул нь дэлхийн гэрэл зургийг авч, зарим нь газрын гадаргуу дээр гарч буй өөрчлөлтийг бүртгэдэг бол бусад нь хэт улаан туяаны тусламжтай температур огцом нэмэгдэж буй газруудыг олж тогтоодог байна. Ингэснээр галт уул дэлбэрэхээс 3-4 сарын өмнө байгалийн үйл явдал болох газар, эхлэх хугацааг нарийн тогтоох боломжтой болжээ. Харин дэлбэрэлт хэр хүчтэй болохыг тодорхойлоход хүндрэлтэй хэвээр аж. Хэр удаан үргэлжлэхийг таамаглах ч мөн бэрх хэвээр. Орчин үеийн шинжлэх ухаан эдгээрт хариулт өгөх хэмжээнд арай л хүрээгүй байна. 

Сонирхолтой нь мянга, хэдэн арван мянган жилийн дараах үйл явдлыг нарийн таамаглах боломжтой аж. Галт уул тодорхой давтамжтай дэлбэрдэг. Тиймээс тэдгээрийн түүхийг судалснаар эрдэмтэд идэвхгүй үеийнх нь үргэлжлэх хугацааг тодорхойлдог. 

Гэтэл дунд хугацаанд буюу дөрвөн сараас мянган жилийн хооронд урьдчилан таамаглах ярвигтай хэвээр аж. Хоёр, гурван жилийн дараа болох дэлбэрэлтийг мэдэх найдвартай аргыг шинжлэх ухаан одоогоор нээгээгүй л байна. Тийм ч учраас судлаачид илүү идэвхтэй, илүү аюултай галт уулсыг тасралтгүй ажигласаар байна. 

Галт уулан дахь амьдрал

Тав гаруй зууны хугацаанд буюу 1500 оноос 2017 оны хооронд галт уулс 280 мянга гаруй хүний амийг авч оджээ. Үүнээс өмнөх үед байгалийн гамшигт амиа алдсан хүмүүсийн тоог тогтоох бараг боломжгүй. Гэсэн ч олон мянгаар тоологдох нь дамжиггүй. Аюулаас холхон л байвал гамшигт өртөхгүй байх боломжтой мэт санагдана. Гэвч хүмүүс аюултай бүсэд суурьшиж, амьдарсаар л байна. Өдгөө 800 сая хүн идэвхтэй галт уулаас 100 км холгүй зайд амьдарч байна. 

Галт уулын бэл дэх үржил шимтэй, эрдсээр баялаг хөрс газар тариалангийн хөгжилд томоохон түлхэц болжээ. Ийм бүсэд бага хүчээр арвин их ургац авах боломжтой байсан тул хоол, хүнс хайн нүүдэллэх шаардлага үгүй болжээ. Ийн галт уулын идэвхтэй бүсэд анхны суурин газрууд, улмаар улс, орон бий болжээ. 

Галт уулс хүмүүсийг барилгын материалаар хангаж байв. Кампи Флегрей галт уулын асар хүчтэй дэлбэрэлтээс үлдсэн их хэмжээний уушгин чулуу 40 мянган жилийн дараа Неаполь хотыг байгуулахад хангалттай байв. Энэхүү чулуулгийг өнөө хэр АНУ, Исланд, Кавказад барилгын материал болгон ашигладаг. 

Бүх галт уул унтсан дэлхий ямар байхыг төсөөлөхийн тулд Ангараг гарагийг харахад хангалттай. Амьдралгүй, бараг агаар мандал үгүй гараг. Ангараг гарагийн “салбар” дэлхий дээр ч бий. Тэр нь Австрали тив. Тус тивийн ихэнх хэсгийг цөл эзэлдэг ба газар тариалан эрхлэхэд тохиромжтой газар 2-6 сая жилийн өмнө дэлбэрсэн галт уулсын ачаар үлджээ. 

Шинжлэх ухааны таамаглалууд тодорхой хэмжээний найдвар төрүүлнэ. Манай гарагийн газрын хэвлий сая жил тутам нэг хэмээр хөрж байна. Энэ байдал үргэлжилбэл галт уул хэдэн тэрбум жил идэвхтэй байсаар л байна. Мэдээж хэрэг ямар нэгэн өөр байгалийн гамшиг тохиохгүй бол гэж эрдэмтэд тодруулжээ. Харин тэр үед сөнөсөн галт уулын араас гуниглах хэн ч үлдэхгүй л болов уу. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.70.52) 2024 оны 11 сарын 24

Америк саранд 6 удаа буусан байхад буугаагүй гээд кино гарч байсан тэрэнтэй адилхан юм даа

2  |  0
зочин(192.82.69.7) 2024 оны 11 сарын 24

tTV 25-ААР ЯВАГДСАН НЭВТРҮҮЛГИЙ ЮУ ГЭЖ ҮЗЭХ ВЭ? ЭНЭ ТАЛААР ДЭЛХИЙН ЭРДЭМТЭД ЯАГААД ДУУГАА ХУРААГААД БАЙНА ВЭ?

2  |  0
Top