Украин НАТО-д түргэвчилсэн журмаар элсэх үү?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

НАТО Оросын цэргийн ажиллагаа дуустал Украинд тус эвсэлд элсэх зөвшөөрөл олгохгүй гэж “New York Times” сонинд бичжээ. Дайн дуусаагүй байхад Украиныг элсүүлбэл Умард Атлантын эвсэлд дүрмийнхээ гишүүн орныг хамгаалах тухай тавдугаар заалтыг хэрэглэхэд хүрнэ. НАТО нь хамтын батлан хамгаалах зарчмыг баримталдаг тул цэргийн ажиллагаанд оролцож буй орныг эгнээндээ нэгтгэх магадлал туйлын бага гэж тус сонины тоймч Эндрю Крамер, Дэн Билефски нар үзэж байна.

Шинжээчдийн таамаглаж буйгаар, Украин НАТО-д элсэх үйл явц хэдэн сар эсвэл жил үргэлжлэх магадлалтай. Ингэхдээ Киев хүлээн авагч талын шаардлагыг биелүүлэх ёстой. Үүнд ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг дэмжих шаардлага орж байна. Киев эдгээр шаардлагыг бүрэн биелүүлж байгаа гэж мэдэгддэг ч АНУ, Европын зарим албан тушаалтнууд эсрэг бодолтой байдаг гэж тус сонин онцолжээ. Украины дөрвөн муж Орост нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурсны дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-д түргэвчилсэн журмаар элсэх өргөдөл өгсөн тухай мэдэгдсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Украиныг НАТО-д элсүүлэх процедурыг явуулах нь цаг хугацааны хувьд тохиромжгүй гэж мэдэгдсэн. Вашингтон энэ боломжийг хэлэлцэх цаг нь болоогүй гэж удаа дараа мэдэгдэж байгаа юм. Ингэхдээ АНУ-ын мэдэгдсэнээр, НАТО нь нээлттэй хаалганы бодлогоосоо хэзээ ч ухрахгүй.

НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ талаар “NBC” телевизэд ярилцлага өгөхдөө тодорхой хариулт өгөөгүй байна. Тэрбээр мөн НАТО нээлттэй хаалганы бодлогоо баримталдаг гэж онцолж Украин аливаа улсын нэгэн адил сонголт хийх, тэр дундаа аюулгүй байдлын баталгаа авах эрхтэй гэжээ. Эвслийн гишүүнчлэлийн талаарх шийдвэрийг НАТО-ийн бүх 30 гишүүний зөвшилцлөөр шийдэх учиртай гэж тодруулсан байна.

Үүнтэй зэрэгцэн, НАТО-ийн гишүүн Европын есөн улс Украиныг тус эвсэлд элсүүлэхийг дэмжсэн хамтарсан мэдэгдэл ням гарагт /2022.10.02/ гаргажээ. Чех, Эстони, Латви, Литва, Умард Македон, Монтенегро, Польш, Румын, Словакийн тэргүүн нар мэдэгдэлдээ Украиныг дэмжихээ илэрхийлж, Орост хандан эзэлж авсан бүс нутгуудаас цэргээ яаралтай гаргахыг шаардан, холбоотнууддаа хандан Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлэхийг уриалсан байна. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Зеленскийн НАТО-д өгсөн өргөдөл нь Дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлэхийг хүсэж буйтай агаар нэг юм хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.136.247) 2022 оны 10 сарын 05

Zelencki gej yamr bsanaaa martsan hog umaa.Tuuhee meddeggui ach medehgui hogin urgamal.Iluug sanaarhaj umnjhuu martsan humus uls uydluddgui shdee

0  |  0
ЭЛСЭЖ ЧАДАХГҮЙ(59.153.114.252) 2022 оны 10 сарын 03

НАТО НОГООНООГ АШИГЛАЖ БАЙГАА Ч ХЭЗЭЭ Ч ЭЛСҮҮЛЭХГҮЙ.

0  |  0
Top