НАТО Украиныг эвсэлд нэгдэхийг урихгүй байхаар шийджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

НАТО-ийн гишүүн орнууд Вильнюс хотноо ирэх долоодугаар сарын 11-12-нд болох дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд тус эвсэлд нэгдэх урилга илгээхгүй байх шийдвэр гаргасан тухай “The Washington Post” хэвлэл мэдээлжээ.

Умард Атлантын эвсэл Киевтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж болон тус улсыг НАТО-д элсэх боломжтой хугацааг хэлэлцсэн байна. Ингэхдээ Зүүн Европын улс орнууд Украинд албан ёсны урилга илгээх эсвэл эвсэлд элсүүлэх тодорхой хугацаа, нөхцөлийг тодорхойлох үйл явцыг эхлүүлэхийг санал болгосон бол Баруун Европын гишүүн орнууд болон АНУ энэ асуудалд илүү болгоомжтой хандсан байр суурийг илэрхийлжээ.

НАТО-ийн зарим гишүүн орнууд Украиныг эвсэлд элсүүлсэн тохиолдолд 1949 оны Умард Атлантын гэрээний тавдугаар заалт шууд үйлчилж эхэлнэ хэмээн болгоомжилж байна. Тус заалтад эвслийн аль нэг гишүүн орон руу довтолсон тохиолдолд хамтран хариу арга хэмжээ авна гэж заасан. Өөрөөр хэлбэл эвслийг цөмийн их гүрний эсрэг мөргөлдөөнд татан оролцуулна хэмээн болгоомжилж байна.

Харин Украины байнгын төлөөлөгч Наталья Галибаренко Украины ирээдүйг шийдэлгүйгээр НАТО-ийн дээд хэмжээний уулзалтыг түүхэн хэмээн үзэх боломжгүй. НАТО-ийн гишүүн орнууд Украиныг эвсэлд нэгтгэх замыг тодорхойлох ёстой. НАТО-ийн үүд хаалга нээлттэй гэсэн мэдэгдэлд нь хангалтгүй байна хэмээн онцолжээ. НАТО-ийн дээд хэмжээний уулзалт Вильнюс хотноо долоодугаар сарын 11-12-нд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top