Польш Германаас 1.3 их наяд ам.долларын дайны нөхөн төлбөр шаардана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

 

Польшийн Гадаад хэргийн сайд Дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Германы учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 1.3 их наяд ам.доллар төлөх хүсэлт бүхий алба ёсны ноот бичигт гарын үсэг зурсан тухай Associated Press мэдээлжээ. Польшийн гадаад хэргийн сайд Збигниев Рау эл ноот бичгийг Германы Гадаад хэргийн сайд Анналена Бэрбокт Варшавын Аюулгүй байдлын форумын үеэр гардуулахаар төлөвлөж байна. Ноот бичигт дайны нөхөн төлбөрөөс гадна дайны үеэр хулгайлагдсан урлагийн бүтээл, архивын материал, банкны хадгаламжийг эргүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэх тухай заажээ. Түүний хэлснээр, Берлин дайны бодит дүр зураг, Польш улсад авчирсан уршиг, хөнөөлийн талаар бодит мэдээллийг Германы нийгэмд хүргэх хүчин чармайлт гаргах учиртай.

Герман дайны нөхөн төлбөрийг төлснөөр хоёр улсын харилцааг бэхжүүлж, өнгөрсөн үеийн хөндүүр сэдвийг хаана гэж Варшав үзэж байгаа бол Берлин энэ асуудал олон арван жилийн өмнө хаагдсан гэсэн байр суурьтай байна. Варшав руу нисэхээсээ өмнө Анналена Бэрбок энэ талаар Европын хоёр хөрш улс өнгөрсөн 30 жилийн турш хамтарч бий болгосон итгэлцлийг хадгалж авч үлдэх үүрэгтэй гэж мэдэгджээ. Дэлхийн хоёрдугаар дайны эхэлсний 83 жилийн ойгоор Польшийн Засгийн газар дайны учруулсан хохирлыг нийт 1.3 их наяд ам.доллароор үнэлсэн дэлгэрэнгүй тайлан танилцуулсан билээ.

1990-ээд онд Герман улс нацистуудын хорих лагерьд хоригдож байсан болон албадан хөдөлмөр эрхэлсэн зэрэг хохирогчдод, тэр дундаа польшуудад нэг удаагийн нөхөн төлбөр төлсөн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польшийн зургаан сая орчим иргэн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top