Хүн төрөлхтөн Дэлхийн хоёрдугаар дайны баатрууд, амь үрэгдэгсдэд зориулж дэлхий даяар олон тооны дурсгалын хөшөө, цогцолборуудыг бүтээсэн байдаг.
ОХУ, Москва хот дахь Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан
Шинээр гэрлэж буй хосууд, төр, засгийн хүндэт зочдын хүндэтгэл үзүүлдэг хөшөө дурсгал бол Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан. Цагийн зөрүүнээс шалтгаалан ОХУ-д Ялалтын баярыг тавдугаар сарын 9-нд Улаан талбай дээр цэргийн сүрт жагсаал хийж тэмдэглэдэг.
ОХУ, Волгоград хот дахь Мамаевын дурсгалын цогцолбор
ЗХУ Дэлхийн хоёрдугаар дайнд 25 сая гаруй хүнээ алдаж, хамгийн их хохирол амссан. ОХУ-д мөн хэмжээгээрээ дэлхийд хамгийн томд тооцогддог дайны баатруудад зориулсан хөшөө дурсгал бий. Үүний нэг нь “Эх орон дуудаж байна” нэртэй хөшөө. Алс холоо харагдах энэ 85 метр өндөр хөшөөг хүн төрөлөхтний түүхэнд дэх хамгийн их цус асгарсан Сталинградын тулаанд зориулж босгожээ.
Их Британи, Лондонгийн Сенотаф
Хоосон бунхан хөшөө. Дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн цэрэг эрст зориулан босгосон энэ хөшөөг 1946 оноос хойш энд 1939-1945 Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн баатруудын гэгээн дурсгалыг хүндэтгэх болжээ.
Их Британи, Лондон дахь Хатан хааны нисэх хүчинд зориулсан хөшөө
Энэ хөшөө Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн холбоотны нисэх хүчний 55573 нисгэгчдэд зориулан 2012 онд босгожээ. Хатан хааны нисэх хүчин Германы олон хотыг сүйтгэж, 600 мянган энгийн иргэний аминд хүрсэн гэх асуудал маргаан дагуулдаг.
Франц, Парисын Ялалтын хаалга
Парисын Элисейн талбай дахь Ялалтын хаалга дор Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан бий. Энэ хөшөөг дэлхийн хоёр дайнд амь үрэгдэгсдэд зориулан байгуулжээ.
АНУ, Вашингтон хот дахь Дэлхийн хоёрдугаар дайны үндэсний дурсгалт цогцолбор
Энэ цогцолборыг Дэлхийн хоёрдугаар дайнд тулалдсан 16 сая америкчуудад зориулан 2004 онд нээжээ. Цогцолборт хүргэх Энх тайвны хананд 4048 алтадсан од байрлуулсан байдаг бөгөөд од бүр амь үрэгдсэн 100 цэргийг бэлгэддэг.
АНУ, Сан Диего дахь “Үг дуугүй бууж өгсөн нь” хөшөө
1945 оны наймдугаар сарын 14-нд Япон бууж өгсний баярыг Таймс Скэур талбайд тэмдэглэх үеэр АНУ-ын нэгэн тэнгисийн цэрэг танихгүй сувилагч бүсгүйг үнсэж буй мөч гэрэл зурагчны дуран авайд мөнхөрсөн.
Япон, Хирошима дахь Энэ тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн
Жил бүрийн наймдугаар сарын 6-ны өдрийн 08.15 цагт Хирошима хотноо Энх тайвны хонх дэлхий дээрх анхны цөмийн дайралтыг сануулдаг. Цөмийн бөмбөгдөлтөд өртсөн барилгын балгас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн. Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд цөмийн бөмбөгдөлтөд шууд болон шууд бусаар өртсөн 146 мянган хохирогчдын гэгээн дурсгалд зориулан 70 гаруй хөшөө, дурсгалыг бүтээжээ.
БНХАУ, Нанжиний аллагын хохирогчдын дурсгал
1937 оны арванхоёрдугаар сарын 13-нд Японы түрэмгийлэгчид Нанжин хотыг эзэлсэн түүхтэй. Зургаан долоо хоногт 300 мянган хүн амь үрэгдсэн Нанжиний аллагын хохирогчдын гэгээн дурсгалд зориулсан дурсгалын цогцолбор.
Израиль, Иерусалим хот дахь “Яад Вашем”
Иерусалим хот дахь Холокостын дурсгалын хөшөөний нэрийг орчуулбал “Хөшөө ба нэр”. Энэ дурсгал нацистуудын гарт амь үрэгдсэн зургаан сая еврейчүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн босгожээ.
Герман, Берлин дэх Шинэ харуулын байр
Амь үрэгдсэн хүүгээ тэвэрч буй эх. Дайны хохирогчдод зориулсан дурсгалын цогцолборын гол хэсэг.
Сэтгэгдэл ( 1 )
Хүн төрөлхтний үйлдсэн хамгийн том тэнэглэл бол ДАЙН яах аргагүй мөн. Тэнэг хүмүүсийн тэнэглэлийн оргил нь ДАЙН билээ.