Жил бүрийн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Хорих лагерийн хоригдлуудыг сулласан Олон улсын өдрийг тэмдэглэдэг. 1945 оны дөрөвдүгээр сарын 11-нд Бухенвальдын хорих лагерийн хоригдлуудын бослогыг дурсан энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ.
Германд анхны Дахау хорих лагерийг 1933 оны гуравдугаар сард байгуулсан түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх үед Германы шорон, хорих лагерьт 300 мянган герман, австри, чех фашизмын эсрэг үзэлтэн хоригдож байжээ. Дайны үеэр Гитлерийн Герман эзэлсэн улс орнуудад хорих лагерийн асар том сүлжээг бий болгосон байна. Освенцим лагерь дөрвөн сая, Майданект 1.38 сая, Маутхаузенд 122 мянга, Заксенхаузенд 100 мянга, Равенсбрюк 92.7 мянга, Треблинкад 80 мянга, Штуттгофт 80 мянган хоригдол хоригдож байв. Эдгээр лагерийн хоригдлуудын 12-15 хувийг 14 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байжээ. Нийт 18 сая хоригдлын 11 сая нь 14 мянган хорих лагерь, шорон, геттод амь үрэгдсэн байна. Освенцим лагерь хоногт 30 мянган хүнийг хөнөөх төслийн хүчин чадалтай байжээ. Бухенвальдын хорих лагерьт 18 үндэстний 56 мянга гаруй хүн амь үрэгджээ.
Зөвлөлтийн цэрэг дайчид давшиж буй мэдээлэл авсан Бухенвальдын лагерийн хоригдлууд 1945 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр бослого гаргаж, 200 орчим харгалзагчийг олзолж, лагерийг бүхэлд нь хяналтад оруулсан түүхтэй. Дөрөвдүгээр сарын 12-нд тус лагерьт Америкийн цэргүүд орж иржээ.
1988 оны зургадугаар сарын 22-нд Фашизмын бага насны хоригдлуудын олон улсын холбоо байгуулагдаж байв. Тухайн үед энэ холбоонд хорих лагерт бага насандаа хоригдож байсан 1.2 сая хүн элсэж байсан бол 2018 онд тэдний 300 мянга нь амьд сэрүүн үлдсэн байв.
Сэтгэгдэл ( 2 )
Хамгийн их хэлмэгдсэн хүмүүс бол Еврейчүүд байсан.
Бухенвальдын бослогын тухай ”Өргөст торон дотор” гэдэг номыг 5-р ангид бхдаа уншаад үнэхээр шоконд орж бж билээ