АНУ, Их Британи, ЗХУ гурван улс 80 жилийн өмнө Ираны нийслэл Тегеран хотноо дайны дараах дэлхийн тогтолцооны суурийг тавьсан түүхтэй.
1943 оны арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд үргэлжилсэн уулзалтад ЗХУ-ын Ардын комиссаруудын зөвлөлийн дарга Иосиф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилл нар оролцжээ.
Холбоотон гурван улсын тэргүүн нарын энэхүү дээд хэмжээний уулзалт түүхэнд Тегераны бага хурал хэмээн бичигдсэн байдаг. Уулзалтад “их гурав” анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан нь энэ ажээ.
Герман Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдах нь тодорхой болж, ирээдүйн дэлхий ямар байх талаар хэлэлцэх шаардлага урган гарсан. Бага хурлаар Германыг хэрхэн бүрэн буулгаж авах талаар хэлэлцжээ. Тегеран, Ялта, Потсдамын бага хурлууд ерөнхийдөө Герман ялагдах нь тодорхой болж, ирээдүйн дэлхийн шинэ тогтолцоо ямар байх талаар холбоотон улсууд хоорондоо тохиролцох шаардлагаас үүдэлтэй гэж шинжээчид онцолжээ.
Тегераны бага хурлыг геополитикийн тусдаа акт гэж хандахаасаа илүүтэйгээр 1945 оны хоёрдугаар сард болсон Ялтын бага хурал, 1945 оны долоо, наймдугаар сард болсон Потсдамын бага хуралтай хамтад нь авч үзэх ёстой гэж шинжээчид дүгнэж байна.
Дайны дараах дэлхий нь Тегеран, Ялта, Потсдамын ертөнц ба ЗХУ нуран унах хүртэл оршин тогтсон.
Тегераны дээд хэмжээний уулзалт нь түүхэн дэх ийм хэмжээний анхны уулзалт байсан гэж үздэг байна. Сталины ховор гадаад аяллуудын нэг байснаараа энэ уулзалт мөн онцлог.
Үүнээс өмнө ийм хэмжээний уулзалт болж байгаагүй. Үүнээс өмнө ЗХУ хоёрдох фронтыг нээх, нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн шаардаж байсан ба Сталинградын тулааны дараа Герман ялагдах нь тодорхой болсны дараа ирээдүйн талаар хэлэлцэх эхлэх шаардлага урган гарчээ.
Дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхий хамгийн нөлөө бүхий удирдагчид дайны дараах аюулгүй байдлын олон улсын байгууллага байгуулах талаар санал солилцжээ. Талууд Ираны тухай тунхагт гарын үсэг зурсан байна. Баримт бичигт талууд тус улсын тусгаар тогтнол, хараат бус байдал, нутаг дэвсгэрийн халдашгүй байдлыг хангах эрмэлзлээ баталжээ.
Бага хурлын дүнгээр Гурван гүрний тунхгийг баталсан байна. Тунхагт “их гурав”-ын тэргүүн нар Германы Зэвсэгт хүчнийг устгах төлөвлөгөөг зөвшилцөж, гурван их гүрний дайны дараа болон энхийн цагт хамтран ажиллах эрмэлзлийг нотолжээ.
Тегераны бага хурал нь Дэлхийн хоёрдугаар дайны томоохон дипломат үйл явдлын нэгт тооцогддог. Тухайн үеийн олон улсын болох холбоотон хоорондын харилцааг хөгжүүлэх чухал үе шат байжээ.
Тегераны бага хурлын үеэр зөвлөлтийн тагнуулчид Абверын ажиллагаа буюу Рузвельт, Черчилл, Сталиныг хөнөөх зорилготой ажиллагааг сэргийлсэн байна.
Түүхэн үйл явдлаас
Түүхчид хэлэлцээний үйл явц хүнд байсныг хүлээн зөвшөөрдөг. Черчилл Итали, Грект өмнөдөөс умард руу давшихыг, Францын хойд хэсэгт цэрэг буулгахгүй байхыг санал болгож байсан бол Сталин нэгдсэн хүчийг хэн командлах асуудлыг шийдээгүй гэж өрнөдийнхнийг буруутгаж байжээ. АНУ-ын хувьд Францын хойд хэсэгт хүчээ бэхжүүлэх нь чухал байсан ч Рузвельт их хэмжээний алдагдал хүлээхээс эмээж байжээ. Гэхдээ Сталин өөрийнхөө байр суурийг зүтгүүлж чадсан байна.
Рузвельт, Черчилл нар маргааш өдөр нь корпусын командлагчаар генерал Эйзенхауэрыг томилсон байна.
Тегеранд гурван улсын тэргүүн нар дайны дараах Германыг хуваах асуудлыг хөндөж эхэлсэн байна. Хожим нь энэ асуудлыг мөн Ялтын бага хурлаар хэлэлцсэн. Германыг зургаа хуваах тухай Рузвельтийн саналыг албан ёсны протоколд тэмдэглэн үлдээгээгүй байдаг байна.
Польшийн хувь заяаны талаар ярихдаа Черчилл газрын зураг дээрх Польшийн нутаг дээр гурван шүдэнз тавьж байсан гэх домог үнэн аж. Черчилл Львов хотыг Оросын бүрэлдэхүүнд хэзээ ч байгаагүй хэмээн мэдэгдсэн бол Сталин Варшав байсан гэж хариулжээ. Черчилл газрын зураг дээр Польшийн хийлийг 1939 оны есдүгээр сарын 17-оос өмнө байснаар нь шүдэнзээр тодруулсан байна. Сталин Польшийн хилийг Керзоны шугамын дагуу татсанаар Львов хот ЗХУ-д ногдов. Сталины энэ хувилбарыг баталсан түүхтэй.
ЗХУ, АНУ-ын тэргүүн нар Британийн эзэнт гүрний хувь заяаг орхисонгүй. Энэтхэгт хувьсгал хэрэгтэй гэж Рузвельт үзэж байв. Рузвельт ч тэр, Сталин ч тэр Черчилл Британийн эзэнт гүрнийг хадгалж үлдэхэд ихээхэн сонирхож буйг онцлон энэ нь дэлхийн түүхийн явцтай зөрчилдөж буйд санал нэгджээ.
Тегеранд Рузвельт, Черчилл нар Балтын орнуудыг ЗХУ-д нэгтгэх асуудлыг дэмжсэн гэж зарим түүхчид үздэг байна.
НҮБ-ыг байгуулах санаачилгыг Рузвельт 1942 оноос хойш дэвшүүлсэн байна. Энэ асуудлыг Ялтын бага хурлын үеэр илүү дэлгэрэнгүй хэлэлцжээ.
“Их гурав”-ын уулзалтын зохион байгуулах санааг анх Черчилл, Рузвельт нар Квебекийн бага хурлын үеэр 1943 онд гаргажээ. Уулзалтыг зохион байгуулах хотоор Тегеранаас гадна Каир, Багдад яригдаж байсан байна. Тегеран хотыг сонгохыг Сталин шаардаж байжээ. Уулзалт “Эврика” нууц нэрийн дор болсон түүхтэй.
Сэтгэгдэл ( 0 )