В.Путин Ялалтын баярын жагсаал хийх үүрэг өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд Ялалтын баярын сүрт жагсаалыг ирэх зургаадугаар сарын 24-ний өдөр нийслэл Москва болон бусад хотуудад зохион байгуулахад бэлдэх үүрэг өгчээ.

Аугаа их Эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулсан цэргийн парадыг зургаадугаар сарын 24-нд буюу 1945 оны ялагчдын түүхэн сүрт жагсаал болсон өдөр зохион байгуулна.

Баярын жагсаалд бэлтгэх, зохион байгуулахад аюулгүй байдлын хамгийн хатуу шаардлагыг хангахыг В.Путин мөн даалгажээ. Баярын сүрт жагсаалд оролцогчид эрсдэлд орох ёсгүй гэж Путин онцолсон байна.

Цахим уулзалтын үеэр ОХУ-ын тэргүүн “Үхэшгүй мөнхийн хороо” арга хэмжээг зургаадугаар сарын 26-нд зохион байгуулах санал гаргажээ. Ингэхдээ нөхцөл байдлыг сайтар ажиглаж, боломжит эрсдэлийг үнэлэх бөгөөд мэргэжилтнүүд аюулгүй байдлын бүрэн хэмжээнд хангах боломжгүй гэж дүгнэсэн тохиолдолд “Үхэшгүй мөнхийн хороо”-г хойшлуулах талаар шийдвэр гаргах боломжтой гэж тэрбээр мэдэгдсэн байна. Гэхдээ баярын арга хэмжээнүүдийг тогтсон хугацаанд зохион байгуулж чадна хэмээн найдаж буйгаа Путин илэрхийлжээ.

Аливаа шийдвэр гаргахдаа маш хариуцлагатай хандахыг үүрэг болгож, хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал хамгийн гол үнэт зүйлс гэж тэрбээр онцолжээ.

Уламжлалт ёсоор тавдугаар сарын 9-нд болдог Ялалтын баярын сүрт жагсаал цар тахлын улмаас хойшлогдсон билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(88.84.13.118) 2020 оны 05 сарын 27

zugeer bukh um yg huuchin shigee normal temdeglene l gej bnlee. bukh umaa shat shataar nee humuus narand garah, idevkhtei hudulguuntei bh estoi geed l bnleedeg

0  |  0
Top