Эх орноо хамгаалсан дөрвөн хөлт баатрууд

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Аугаа их эх орны дайнд Зөвлөлтийн армийн бие бүрэлдэхүүнд 70 мянган нохой оролцож, эх орноо хамгаалжээ. Тэд цэрэг эрсийн хамт өлсөж, даарч, норж, танкийн дор орж, дайсны галт тэрэгнүүдийг дэлбэлж байв. Дөрвөн хөлт дайчид хүмүүстэй мөр зэрэгцэн тэсвэр хатуужил гаргаж, баатарлаг үйлс бүтээж, ялалтыг ойртуулжээ.

Тэд мина хайх, шархдагсдад туслах, холбоочин, саперын үүрэг гүйцэтгэх, галын шугамд чухал мэдээ, зэр зэвсэг хүргэх зэрэг төрөл бүрийн ажил хийж байжээ.

Дайны үед дайны бүх фронтод миначин нохдын 17 суман, хуягт техник сөнөөгч нохдын 14 анги, чарга чирэгч нохдын 37 суман, хоёр тусгай анги, холбоочин нохдын дөрвөн суман байгуулж байжээ. Сувилагч ноход шархадсан цэргүүдэд анхны тусламжийн цүнх зөөж, амийг нь аварч байжээ. Холбоочин ноход дайны үед нийт 200 мянга гаруй мэдээ хүргэж, найман мянга гаруй км урт кабель утас татсан бол дөрвөн хөлт миначид 15 153 км замыг аюулгүй болгожээ. Тэд зөвхөн хүний амь авраад зогсохгүй өөрсдийгөө ч золиосолж байв. Камиказе ноход дайсны 300 нэгж хуягт техникийг дэлбэлсэн байна. Нохой танк дэлбэлсэн анхны тохиолдол 1941 оны долоодугаар сарын 27-нд бүртгэгджээ.

Саперчин нохой

Хамгийн алдартай дөрвөн хөлт саперчинг Джульбарс. Тэр Чехословак, Австри, Румыни, Унгарын нутаг дэвсгэрт нийт 7 468 мина, 150 гаруй зэвсэг илрүүлж байжээ. 1945 оны гуравдугаар сарын 21-нд Джульбарсыг “Цэргийн гавьяа” медалиар шагнажээ. 1945 оны зургаадугаар сарын 24-нд Улаан талбайд болсон Ялалтын парадын хүндэт оролцогч болж байжээ. Дайны сүүлээр тэр шархдаж, явж чадахгүй байсан тул жагсаалын үеэр түүнийг мина хайгчдын инженерийн сумангийн дарга, хошууч Александр Мазовер автомашин дээр авч явжээ.

Павловын ордны аврагч

Тэсрэх бөмбөг аюулгүй болгох сургуультай Дик хочтой саперчин нохой дайны үед нийт 12 мянган мина илрүүлж, Сталинград, Лисичанс, Праг зэрэг олон хотыг минагүйжүүлэх ажиллагаанд оролцож байжээ. Тэр Павловын ордныг аварсан гавьяатан. Тус ордонд байрлуулсан 2500 кг жинтэй бөмбөгийг дэлбэрэхээс нэг цагийн өмнө илрүүлж байв. Ялалтын дараа Дик эзэндээ буцан очсон бөгөөд олон шарх авсан ч нохойн үзэсгэлэнгүүдэд нэгдүгээр байр эзэлж байсан аж.

Дөрвөн хөлт сувилагч

Дайны үед ноход тулааны талбараас нийт 650 мянга гаруй шархадсан цэргийг гаргаж, шаардлагатай зэр зэвсэг, хоол хүнс зөөжээ. Сувилагч нохдыг “сагсгар сахиусан тэнгэр” гэж өргөмжилдөг байсан аж.  Цэргийн сувилагчдын хүрч чадахгүй газар очиж, шархадсан цэргүүдийг гарган авахаас гадна дайчдад анхны тусламжийн эм хэрэгсэл хүргэдэг байв. Бобик хочтой нохой 1580 цэрэгт тусламж үзүүлж байсан бол Мухтар хочтой нохой дайны талбараас 400 шархадсан цэргийг гаргаж байжээ.

Холбоочин Бульба ба Рекс

Бульба нохой фронт дээр холбоочны үүрэг гүйцэтгэжээ. Тэр 1.5 мянган мэдээ хүргэж, олон зуун км кабель татахад оролцжээ. Рекс холбоочин нэг өдрийн дотор Днепр мөрөнг гурван удаа гаталж, чухал баримт бичиг хүргэж байсан гавьяатай.

Дөрвөн хөлт Штирлиц

Турман хочтой алдартай тагнуулч нохой Зөвлөлтийн тагнуулын ангийн бүрэлдэхүүнд дайсны ар талд үүрэг гүйцэтгэж байжээ. Тэр чимээгүй гэтэн дайсны харуулыг устгадаг байжээ. Жек хочтой нохой дайсны чухал мэдээлэлтэй 20 гаруй офицерыг олзлоход оролцож байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.119.184) 2020 оны 11 сарын 21

gaihamshigtai amitan yumaa

0  |  0
Top